“Монгол үгийн чуулган” наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.14-нд нийтлэгдсэн

“Монгол үгийн чуулган” наадам эхэллээ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой буюу Монгол үндэсний бахархлын өдөр өнөөдөр тохиож байна. Ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Монгол үгийн чуулган” наадмыг ЕБС-иудад зохион байгуулж байгаа юм. Наадмын нээлтийн ёслол өнөөдөр өглөө нийслэлийн II сургуульд болсон.

“Монгол үгийн чуулган” наадам нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг  “Монголын нууц товчоо”-ны түүхэн үнэн, уран яруу үг хэллэгээр үгийн сангаа баяжуулж, оюуны цараагаа тэлэх, эх хэлээрээ зөв ярих, өвөг дээдсийнхээ үлгэр дуурайллаар хүмүүжих, үндэсний бахархлыг сэргээх зорилготой юм. “Монгол үгийн чуулган” наадам улс орон даяар явагдах бөгөөд ЕБС-иудын  нийт сурагчид, багш, эцэг, эхчүүдийн дунд “Монголын нууц товчоо”-г унших хөдөлгөөн өрнүүлж, хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт нь тохирсон сонирхолтой  ажлуудыг хэрэгжүүлэх юм. Тухайлбал, бага ангийнхны дунд “Тэмүүжин” дуурь үзүүлэх, “Чингис хаан” цуврал ном уншуулан тодорхой сэдвээр гар зургийн болон зурагт ном бүтээх, үзэсгэлэн гарч байгаа бол дунд ангийн сурагчдын дунд “Миний мэдэх Чингис хаан”, “Монголын нууц товчоо бидний амьдралд” сэдвүүдээр зохион бичлэг, тайлбар зурагт мэдээллийн самбар,  АХА тэмцээн, “Бид Чингисийн удмынхан” урлагийн тоглолт, дүрийн хэлэлцүүлэг зохион байгуулах нь. Харин ахлах ангийнхны дунд “Монголын нууц товчоогоор аялцгаая” уншигчдын бага хурал, илтгэлийн уралдаан, ахмад багш, нэрт зохиолчидтой уулзалт ярилцлага зохиох гэх мэт олон талт арга хэмжээнүүд болох юм. Хүүхдүүд сэтгэл дотроо өөр өөрийн  Чингисийг зураглаж,  бүтэн өдрийн турш  эзэн Чингис хаанаараа амьсгалж  өнжих нь ээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж