Бахархлын өдрийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.11.14-нд нийтлэгдсэн

Бахархлын өдрийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлэв

Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан анх удаагаа Монгол бөхийн өргөөнд өчигдөр боллоо. Барилдаанд улсын арслан Г.Эрхэмбаяр, энэ жилийн наадмын түрүү бөх улсын залуу арслан П.Бүрэнтөгс, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглов.

Улсын арслангуудаар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдсанаас Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээ, “Ажнай” корпорацийн бөх, улсын заан Ч.Санжаадамба найм даван түрүүлж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж долоо даван үзүүрлэн шинэ түүхийн эхийг тавилаа. Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын арслан Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс нар шалгарч үлдэв. Дашрамд сонирхуулахад, өчигдөр Ц.Содномдорж харцагын төрсөн өдөр тохиосон бөгөөд 26 насныхаа төрсөн өдрийг Монгол бахархлын өдрийн барилдаанд үзүүрлэж, мялаалаа.

Б.ЦОЛМОН
www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж