Дэлхийн банк: Оюутолгойн ус

Хуучирсан мэдээ: 2012.11.14-нд нийтлэгдсэн

Дэлхийн банк: Оюутолгойн ус

“Оюутолгой” ХХК Өмнөговь аймгийн хүн амьтны унданд хэрэглэж болохооргүй гүний хоолойн дарагдмал усыг хэрэглэнэ гэж Дэлхийн банк үзэж байгаа тухай News.mn-д мэдээллээ.

Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр Дэлхийн банк Оюутолгой төсөлд зээл өгөх хүсэлтэй ч төслийг хэрэгжүүлэх хангалттай усны нөөц бүс нутагт байхгүй гэдгийг Дэлхийн банк мэдэж байгаа учраас төслийг санхүүжүүлэх эсэхээ авч хэлэлцэнэ гэж “Worldstage” сайтад мэдээлж байсан юм. Энэ талаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийг албан ёсны тайлбар өгөхийг хүсэхэд дээрх хариултыг хэллээ.

Дэлхийн банкны суурин төлөөлөгч Корали Геверс “2010 онд тус банкнаас хэвлэсэн Өмнөговийн гүний усны тухай илтгэлд үндэслэн хариу мэдэгдэл хийсэн” гэлээ.

Уг илтгэлд тусгаснаар бол Өмнөговийн бүс нутгийн гүний усны нөөц нь ойрын 10-12 жилийн хэрэгцээг хангах боломжтой гэсэн дүр зураг гарсан бөгөөд дахин судалгаа хийсний үр дүнд нөөц нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа юм.

Энэ дүгнэлтийг Дэлхийн банк бүс нутгийн иргэд, уурхай болон бусад аж үйлдвэрийн усны хэрэглээний талаарх 2008 оны мэдээлэлд үндэслэн усны хангамж болон хэрэглээний бүрэн төсөөлөл-таамагт үндэслэн гаргажээ.

Хуучнаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Монголын Усны удирдах газар Гүний Хоолой хэмээх гүний усын 20 хувийг 40 жил хэрэглэж ашиглах зөвшөөрөл олгосон. Ингэснээр гүний усны нөөц ширгээх аюултай тулгарахгүй гэж “Оюутолгой ХХК”-аас мэдээлж байгаа юм.

Гэхдээ “Аливаа үйл ажиллагаа нь ямар нэг сөрөг үр дагавар дагуулж болно гэдэг өнцгөөс харж хийхээс татгалзаж болохгүй. Гол нь болзошгүй нөлөөллийг нухацтай үнэлж, ямар аргаар шийдвэрлэх тухай нээлттэй хэлэлцүүлэх нь зүйтэй” гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч  Корали Геверс тэмдэглэжээ.

Тиймээс нутгийн иргэд, компаниуд усны хүртээмжид үнэлгээ хийх, усны хэрэглээнд хяналт тавих, гарч болзошгүй аливаа маргааныг шийдвэрлэх хүчтэй институци/ усны зөвлөл байгуулах шаардлагатай гэсэн байна.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж