Сэтгэл байвал гарцыг харах боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Сэтгэл байвал гарцыг харах боломжтой гэв

Төрийн ордонд өнөөдөр болсон Шинэчлэлийн Засгийн газраас хууль зүйн салбарт хэрэгжүүлэх “Хууль зүйн салбарын шинэчлэл” сэдэвт чуулга, уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцон үг хэлсэн талаар бид мэдээлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгийг хүргэж байна.

Ерөнхийлөгч хэлэхдээ “Бидэнд хийх зүйл их бий. Ер нь хийж буй ажлаа мэдэх хүмүүсийн дунд халуун дулаан уур амьсгал байдаг. Шинэ Засгийн газар гараад ирлээ. Шинэ сайд хүрээд ирлээ. Юу хийх бол гээд энэ талаар ойлголт муутай хүмүүс бие биеэсээ жаахан бишүүрхсэн байдалтай байдаг. Тиймээс бид юу хийх гэж байна, монголын ард түмэн биднээс юу шаардаж байна, төрийг төлөөлж буй бид юу хийх ёстой вэ гэдгээ ярилцаж ойлголцох гэж та бүхнийг цугласан гэж бодож байна. Өнөөдөр энд шүүх, прокурор, өмгөөллийн болон цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, хил хамгаалах, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагын төлөөлөгчид, мөн хууль сахиулах их сургуулийн багш, сонсогчид ирсэн гэж ойлгож байна. Энд ирсэн хүмүүс нэг ойлголттойгоор нэг баг, нэг хамт олон шиг байх ёстой. Гэхдээ энэ нь нэг нэгэндээ найр тавь гэсэн үг биш. Хэрэгжүүлж буй хуулиа, хийж байгаа ажлаа тэгж ойлгоно гэсэн үг.
 
Төрийн албанд хөл тавьсан хүнээс ямар ажилд оров гэж асуухад юу нь мэдэгдэхгүй ажилд орлоо гэх нь бий. Төрийн алба ийм байх учиргүй. Та бүхэн хувийн хэвшлийн байгууллагад очоод сонирхоорой. Хувийн хэвшилд юу нь мэдэгдэхгүй ажил хийдэг хүн байх уу? Хувийн хэвшилд тийм илүүдээ гарсан мөнгө байх уу? Монголын ард түмэнд, монголын төрд ч тийм илүүдээ гарсан мөнгө байхгүй. Төрд ажиллах гэж байгаа бол ямар албан тушаалд ирснээ, юу хийхээ, ямар ажил яаж хийхээ, хэнтэй харьцахаа мэддэг байх ёстой. Нийгэм, төрийн хөгжлийн хэрээр энэ ажлууд мэргэжлийн болно.
 
Энд ямар хүмүүс байна вэ гэвэл Монгол Улсын ард түмэнд аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгчид сууж байна. Би хууль хэрэгжүүлдэг цагдаа, машин журамладаг, зөрчил гаргагчдыг торгодог хүн гэж өөрийгөө бодсон чинь аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэгч гэж Ерөнхийлөгч юу хэлэв ээ хэмээн бодож байж магадгүй. Улс орны аюулгүй байдал гэж юу гэсэн үг вэ хэмээн асуувал өөр өөр юм ярьж ч магадгүй. Аюулгүй байдлын үзэл баримтлал дээр бичсэн байгаа. Нийтлэг эрх ашиг хэрэгжих орчин нөхцөлийг л улс орны аюулгүй байдал гэсэн байгаа. Монгол Улсын нийтлэг эрх ашиг гэж юу вэ? Улс орны бүрэн бүтэн байдлыг хэлдэг. Монголын ард иргэд эрх чөлөөтэй, сайн сайхан, аз жаргалтай, амгалан тайван амьдрах тэр нөхцөлийг, тэр эрх ашгийг хэлж байгаа юм. Хууль нь хэрэгждэг эрх ашгийг хэлж байгаа юм. Хүн бүр хууль нь хэрэгждэг, дэглэм журамтай нийгэмд аз жаргалтай, сайн сайхан амьдрахыг л хүсдэг. Энэ бүхэн хэрэгжиж байгаа орчинг аюулгүй байдал гэдэг. Одоо та нар “Би тэр орчныг бүрдүүлэгч эд эс юм байна. Миний хамт олон тэр орчныг бүрдүүлэхийн төлөө явж байгаа юм байна” гэдгээ ойлгосон байх. Ингэж ойлгосон бол бид ямар ажил, юу хийх гэж ирсэн бэ гэдгээ ойлгоно. Та хийж буй ажлаараа бахархдаг болно. Зарим хүн ухааныг нь олохгүй байна гэдэг. Ухааныг олоход сэтгэлтэй байхад болно. Ер нь сэтгэлтэй хүн ажил хийдэг шүү дээ.
 
Ямар олон хууль батлагдаж, ямар олон зүйл өөрчлөгдөх гэж байна одоо. Зарим хүнээс асуухад манайд шинэчлэл өөрчлөлт дууссан гэж хэлдэг. Дуусаагүй ямар олон ажил хийх гэж байгаагаа энэ уулзалтаас та бүхэн олж мэднэ байх гэж бодож байна. Нийтийн эрх гэдэг бол эргээд улс орны эрх ашигтай уялддаг. Хууль хэрэгжүүлэхгүй байна гэдэг бол улс орныхоо аюулгүй байдалд аюул үүсгэж буй юм байна гэж ойлгох хэрэгтэй. Нийтлэг эрх ашгийг хэрэгжүүлнэ гэдэг бол аминаас чухал үйлс. Тийм учраас өнөөдөр энэ салбарт ажиллаж байгаа хүмүүст төрөөс тусгай хувцас олгодог. Энэ хүн бол Монгол Улсын өмнөөс, монголын ард түмний өмнөөс, монгол төрийн өмнөөс нийтлэг эрх ашгийн төлөө явж байгааг түүгээрээ зааж өгч буй юм. Улс орны нэрийн өмнөөс энэ аминаас чухал үйлсээ хэрэгжүүлэхдээ буу хэрэглэх, хууль хэрэглэх эрхтэй гэдгийг харуулах гэж тэр хувцсыг өгдөг. Хувцас өгч байгаа нь зүгээр нэг хангалт биш. Би цэргийн хүн байсан, цэргийн сургуульд сурч байсан ямар учиртайг мэднэ.
 
Ийм онцгой үүргийг та хэрэгжүүлж байгаа. Хил дээр байгаа хүн хил зөрчихөөс хамгаалдаг. Хил зөрчинө гэдэг бол улсын аюулгүй байдалд аюул учирч байна гэсэн үг. Хууль сахиулж байгаа хүн бол хүмүүс хууль зөрчихөөс хамгаалж буй юм. Ийм учраас бид улс нийтээрээ, төр түмнээрээ эл асуудалд анхаарч энэ ажлыг хийх гээд байна. Та бүхэн  тэр том нийтлэг эрх ашгийн үүднээс хуулийг хэрэгжүүлэхийг шаардаг. Таныг хэлэхэд Монгол улс, төр хэлж байна гэж ойлгох ёстой. Төр үйл ажиллагаагаа явуулж байхад Монголын хууль үйлчилж байна гэж ойлгох ёстой.
 
Би яагаад энэ тухай яриад байна гэхээр бид өнгөрсөн жил УИХ-д шинэ хуулиудын төсөл өргөн барьж батлуулсан. Бид зургаан хууль батлуулсан. Та бүхэн ч мэдэж байгаа. Энэ бол та бүхний ажилтай холбоотой хуулиуд. Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилсэн байгаа. Шүүхийн захиргааны тухай хуулиар шүүхийн захиргааг тусад нь гаргасан. Шүүхэд эвлэрүүлэн зуучлах тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн хууль, Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулсан байгаа. Бусад бүх оронд эдгээр хууль байдаг. Та хуулийн сургууль төгсөж, үнэмлэхээ аваад ажиллаж байгаад сайн мэргэшнэ гэвэл шалгалт өгч хуульчийн үнэмлэхтэй болдог. Хуульчийн лицензтэй болдог. Хуульч гэдэг нэрээр ярьдаг, үйл ажиллагаа явуулдаг эрхтэй болж байгаа юм. Тэгээд дахиад тэр хуульчид дотроосоо хуулийг хэрэгжүүлдэг, барьж ажилладаг мэргэжлийн шүүгчдийг, прокурорыг шалгаруулж авна, өмгөөлөгчид бас тодорно. Энэ бол мэргэшсэн хуульчид.
 
Энд байгаа бүх хүн улс орны аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн амгалан тайван амьдрах орчинг хангах, хүний эрх эрх чөлөөг хангах байгууллагын ажилтнууд юм. Тиймээс бид шинэ хуулиудаа мэдэх хэрэгтэй. Хуулиа мэдэж байж хүнтэй ярина биз дээ. Хуулиа мэдэж байж энэ үйлчилгээг үзүүлнэ биз дээ. Очсон газраа, ажлаа мэдэж байж тэр үндсэн дээр үүргээ гүйцэтгэх ёстой. Орчин цагийн шаардлага бол ийм. Дахиад найман хуулийн төсөл бэлэн болж байгаа. Эрүүгийн зөрчлийн болон эрүүгийн гэмт хэргийн тухай хуулийн төсөл. Ямар нэртэй ямар хууль байсныг мэдэж байгаа байх. Олон зүйл өөрчлөгдөнө. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль. Энэ хуулийг бүрэн өөрчлөх хэрэгтэй болж байгаа юм. Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль. Энд хууль сахиулах үйл ажиллагаа гэж юу юм бэ, юу хийх ёстой вэ гэдгийг тусгаж буй юм. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль. Бид чинь хүнд үйлчилж байгаа шүү дээ. Гэрч нь гэрчлэхээсээ айдаг. Хохирогч нь нэмээд хохирчих вий гэж айдаг. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэнээ хамгаалдаг байх ёстой. Тэр хохирлын төлөө мөнгө төлдөг байх ёстой. Хариуцлага хүлээдэг байх ёстой. Манайд иргэн нь хаягдчихсан, дарга нар нь шүтэгдчихсэн нийгэм болчихоод байна шүү дээ. Одоо больё. Тиймээс гэрч, хохирогчийг хамгаалдаг хуультай байх ёстой. Мөрдөх албаны тухай хууль. Өнөөдөр гэмт хэрэг ямар орчинд хийгдэж байна. Нууц орчинд, зохион байгуулалттай орчинд хийгдэж байна. Гэмт хэргийг мөнгөтэй, албан тушаалтай, юм мэддэг улсууд хийж байна. Гэмт хэргийг хийхдээ хурууныхаа хээг үлдээхгүй байхыг ойлгодог хүн хийж байна. Тийм юмны хойноос явна гэдэг бол нарийн мэргэшсэн байх ёстой. Эрх дархтай байх шаардлагатай. Тиймээс хуулийг бид өөрчлөх ёстой. Би хавар ярьж байсан. Цагдаагийн байгууллагын тухай хуулийг бид тусад нь гаргаж өгнө гэж. Ер нь Монголд нэг хууль гарлаа гэхэд байгууллагын хууль баталсан байдаг. Байгууллага доторх хүнийнхээ тухай орхидог. Одоо бид хүнийхээ эрх, үүргийг гаргаж өгнө. УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль гэж байдаг биз дээ. Тэгвэл өнөөдөр ийм чухал ажил хийж байгаа цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгтэй. Танхай этгээдүүдийн өмнө сул харагдах цагдаа байх ёсгүй. Хүчтэй харагддаг, хийж чаддаг тэр цагдаа л төрийг, түмэн олныг хамгаалдаг. Энэ эрхзүйг нь хуулиар тавьж өгөх ёстой. Бид сайн хууль гаргахын төлөө явна. Хууль зүйн туслалцааны тухай хууль. Бид чинь хүнд туслах гэж байгаа улсууд. Цагдаад нэг иргэн дуудагдвал тэр хүн эхлээд юу гэж бодох бол? Өнөөгийн нөхцөлд “Хөөрхий надад туслах гэж байгаа юм” гэж боддог иргэн хэд гарах вэ? Цагдаад дуудагдлаа гэвэл “За баларлаа, юу болсон юм бол” гэж бодогдоно шүү дээ. Тийм иргэн, тийм эмэгтэй, тийм хүүхэд ороод ирдэг. Гэтэл цагдаа байгаа байдлаараа л дээрэлхсэн сэтгэгдэл төрүүлдэг. Зөвхөн энэ хандлагаа л тэд өөрчлөх ёстой шүү дээ. Үнэхээр гэмт хэрэг хийгээд ороод ирж байгаа бол “За та ч нэг тусгүй юм хийж дээ. Ийм ийм хуулийг зөрчсөн байна. Энэ удаа ийм хариуцлагын асуудал яригдах болчихоод байна. Юунаас болов” гээд аятайхан асууж лавлах ёстой. Та чинь учрыг нь олох гэж байгаа биз дээ. Учрыг олж, хужрыг тунгаана гэдэг чинь энэ юм байгаа биз дээ. Зөвхөн тэр хүнийг биш цаад нөхцөл байдлыг судлах гээд байгаа биз дээ. Яаж яваад ийм юманд орчих воо, миний дүү. Би чамд туслах гэж байгаа юм. Хэргийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдаг гэж учирлан хандах ёстой. Шүүхэд, прокурорт дуудлаа гэхэд надад туслах гэж байна гэж ойлгодог хүн хэд билээ?

Хэн нэгнийг дарамтлах гэж монголын төр байгаа юм биш ээ. Хүмүүст туслах гэж монголын төр байгаа юм. Хүмүүст үйлчлэх гэж монголын төр байгаа. Тийм учраас та бол дарамтлагч биш, үйлчлэгч байх ёстой.
 
Манайхан дарга нарын ааш аягийг харж хөдөлдөг улс болчоод байгаа юм. Дарга нарын ааш аягийг харж хууль хэрэгжүүлдэг ёс монголын төрд байхгүй. Хуулиас давсан үйл ажиллагаа явуулж байгаа бол тийм даварсан дарга ялтан болох ёстой. Хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан иргэн хариуцлага хүлээх ёстой. Хууль биелүүлдэг, хууль хэрэгжүүлдэг дарга ч бай, цэрэг ч бай нэр төртэй байх ёстой.
 
Энэ чинь миний монголын юм шүү, ард түмнийхээ төлөө би хийж байгаа гэж өөриймсөг бод л доо. Өнөөдөр үнэлэмж өөрчлөгдөж байна. Өөрийн чинь унаж яваа машин, өөрийн чинь амьдарч буй байшин зуун жилийн насгүй байж магадгүй. Маргааш Их эзэн Чингис хааны 850 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Тэр хүний амьдарч байсан гэр байшин өнөөдөр байна уу? Тэр хүнээс юу үлдэв. Монголын төрийн дэг жаяг үлдсэн. Монголын төрийн шударга зарчим үлдсэн. Очсон газраа дэглэм журам сахиулж, Их засаг хуулийг хэрэгжүүлэн, хаанаас нь аваад харц ардыг нь хүртэл хуулийн өмнө тэгш байлгадаг байсан. Энэ зарчим найман зуун жилийн дараа ч байна. Үүнийг хүн төрөлхтөн үнэт зүйл хэмээдэг.
 
Миний эцэг өвгөд шударга хүн байсан, Монголын төрийн төлөө ажиллаж хуулийг тэгш хэрэгжүүлж, хүмүүст адил шаардлага тавьж чаддаг байсан гэж бид бодох юм бол өнөөдөр  ажил үүргээ, бодлогоо сайтар ойлгож чадна.
 
Нэг зүйлийг мартаж болохгүй. Би түрүүнд сэтгэлтэй хүн юм хийж чаддаг гэж хэлсэн. Та бүхэн Улаанбаатар хотоо нэг хар. Өмнөх хэдэн үеийн удирдлага үүнийг хийж болох л байсан. Авто замын нэгдүгээр эгнээг автобусанд чөлөөлж өгснөөр хоёр цаг түгжирдгийг болиулж, 20 минутын дотор хүрэх газраа очиж байна. Иргэд маань автобусанд хэдэн цаг түгжирч, даарч хөрч буйг ойлгож чадсанаар энэ өөрчлөлтийг хийсэн хэрэг. Төр ингэж л ажиллах хэрэгтэй. Үүний цаана асар том асуудал шийдэгдэж байдаг.
 
Монголын нийгэм бараг хоёр хэсэгт хуваагдсан байсныг та бүхэн мэдэж байгаа. Машин тэрэг хөлөглөдөг дарга ямбатнууд, автобусаар зорчдог жирийн иргэд гэж. Харин өнөөдөр нийтийн тээврийг нэг стандартад оруулж, ийм хурдан үйлчилдэг болгоод өгөхөөр дээрх хоёр хуваагдсан нийгмийн давхарга уулзаж байгаа юм. Ангид байсан нийгмийн хоёр давхарга автобусанд уулзаж байна. Баянхошуунаас ажилдаа явж байгаа нэгэн буурай эмэгтэй автобусанд даргатайгаа хамт зорчих боллоо.
 
Нийгмийн эрх тэгш байдал гэж үүнийг хэлж байгаа юм. Бид үйлчлүүлэхдээ, автобусанд суухдаа эрх тэгш байя л даа. Монгол хүн морио унахдаа малчид дарга нар гэлтгүй адилхан урагшаа харж суудаг биз дээ. Тэгэхээр энэ шийдвэр нь автобусыг зөвхөн нэгдүгээр эгнээгээр явуулаад зогсоогүй нийгмийг эвцэлдүүлж, ойлголцуулахад тусалсан. Манай ард иргэд автобусанд дарга нартаа хандаж, болох болохгүй асуудлаа ярилцаж, зөвшилцөх боломжтой боллоо. Ингэхээр дээр, дооргүй нийгэмшиж, том асуудлыг ард нь шийдэж байна шүү дээ.

Цаашид байгууллагын автобус унааг больж, нийтийн тээврээр зорчих нь зүйтэй. Тухайн байгууллага нийтийн тээвэрт мөнгөө төлөг л дээ. Иргэдээс эхлээд дарга нар нь хүртэл нийтийн тээвэрт мөнгөө төлөг. Машины дугаарын хязгаарлалт чухам яагаад амжилттай хэрэгжээд байна вэ? Учир нь энэ арга хэмжээ дарга, иргэдэд адил тэгш, шударга үйлчилж байна. Харин төрийн албан хаагчид чөлөөтэй зорчино гээд түүнд заасан бол энэ арга хэмжээ огт хэрэгжихгүй байх байсан. Эндээс бид жижиг зүйлээс ямар том асуудлыг шийдэх боломжтой вэ гэдгийг харж байна.
 
Сэтгэл байвал бид гарцыг олж харах боломжтой. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай гэж залуу байна. Одоо бүр эрх ашиг нь хохирсон иргэд “Магнайд хэлье” гэж ярьдаг болоод байна шүү дээ. Цаашид иргэдээ “Хуулийнханд хэлье, цагдаад хэлье” гэж ярьдаг болгох хэрэгтэй. “Хэрэв та сүү зарж байгаа бол усанд хутгасан зүйл битгий худалд. Ус, сүү хоёрыг монгол хүн мэднэ” гэж жирийн иргэн шаарддаг. Иймээс сүү бол сүү л байх ёстой, тохирсон стандарттай байх хэрэгтэй. Иргэд маань энэ бүгдийг шаардах хэрэгтэй.
 
Өмнө нь сэтгэлгүй хүмүүсийн үед Замын-Үүдээс гарсан галт тэргийг замын хажууд гаргаж хаядаг, бараа ачсан галт тэргээс мөнгө нэхдэг, ингэж дарамталсаар долоо хоног, бүр цаашлаад сарын дараа Улаанбаатарт ирдэг байсан шүү дээ. Гэтэл одоо Засгийн газрын оролцоотойгоор энэ галт тэрэг 24 цагийн дотор нийслэл хотод ирдэг болоод байна.
 
Ачааны галт тэргийг олон хоног саатуулахад барааны үнэ нэмэгддэг. Энэ бүгдийг сэтгэлээрээ мэдрэх хэрэгтэй. Өмнө нь 20 чингэлэг явах боломжтой байхад хорлож байгаа мэт 10 чингэлэг залгаад явуулдаг байсан. Үлдсэн 10 чингэлэг нь даргын мэдэлд байдаг бөгөөд энэ нь түүний мөнгө хийх арга нь байсан. Энэ мэт явдлыг манай хууль хяналтын байгууллага тухай бүрт нь таслан зогсоож байх үүрэгтэй. Энэ үйлчилгээг ингэж өөрчлөхгүй байснаас бараа бүтээгдэхүүний үнэ, инфляци хөөрөгдөх боломжийг нээж байна.
 
Тэнд миний ээж амьдарч байгаа, миний ах, эгч, миний хүү амьдарч байгаа гээд бод.Тэд мөнгө төлж байгаа гээд бод.Тэгэх юм бол мэдэрдэг болно. Та байшинд амьдардаг, нүүрс түлдэггүй байж магадгүй л дээ.1500-аар үнэлсэн 6 кг жижиг тор нүүрсийг 40 кг аар савлаад 3200 төгрөг, өмнө нь 200 000 төгрөгөөр өгдөг байсан портер нүүрсийг 80 000 төгрөг болгоод байна. Энэ ажлыг эсэргүүцээд хуучин бүтцүүд сүйд болж байгаа. Шинэчлэл амар хялбар хэрэгждэггүй. Гэхдээ том ажил хийж, том зүйлийг зорьж байгаа хүн жижиг эсэргүүцлийг даваад л гарах хэрэгтэй. Би том эрх ашгийн төлөө явж байна. Уулыг давахын төлөө явж байна. Энэ нэг өчүүхэн хаданд тээглэхгүй гэж бодож байх хэрэгтэй. Ийм эрх ашгийн төлөө ингэж ажиллах ёстой.
 
Өмнө нь яагаад энэ ажлыг хийхгүй, хардаггүй байсан юм гээд дарга нараас асуухаар “Санаанд сайн ордоггүй байсан юм” гэдэг. Санаа сохор бол заяа сохор гэж үг бий. Сэтгэл байхгүй байсан нь харагдаж байна. Монголын төрд дарга нарын явж ирсэн замыг харахад бүгд идэж уухын дон туссан мэт харагдаж байна. Манайд нэг буруу жишиг байна. Төрийг өөртөө үйлчлүүлэх гэж үздэг.Угтаа төрийг түмний төлөө үйлчлүүлэх ёстой, Иймд тэр хуучин хандлагаа болих ёстой. Өмнө нь галт тэрэг удаан барьж, мөнгөний ханшийг нь унагаж байгаад Монголын ард түмний хуруу хумсаа хугалах шахам олсон мөнгийг нь үнэгүйдүүлж, бас интервенц нэрээр доллар хар захруу нь шахаж үнэ ханшийг нь унаган инфляцийг буулгалаа хэмээн ард түмэндээ баатар болонгуутаа ар хударгаар нь төгрөг, долларын ханшийн зөрүүгээс гарсан мөнгийг нь халаасалдаг байсан. Харин одоо “Шатахууны жижиглэнгээр зарж байгаа үнээ өөрчлөхгүй хадгалбал та бүхэнд хямд хүүтэй зээл олгох талаар ярилцья” гэж Монголбанк мэдэгдэж байна. Бид ийм Монгол банкны Ерөнхийлөгчтэй байгаадаа баярлаж байна. Төрд ажиллаж байгаа хүн ийм л сэтгэлтэй байх ёстой.
 
Цагдаагийн хууль, эрүүгийн, иргэний, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн, маршалын хууль гээд зөвхөн хууль хяналтын байгууллагаа өөрчлөн шинэ шатанд гаргахад 18 хууль хууль хэрэгтэй байна. Өнөөдөр ийм ажил, ийм хууль хэрэгтэй байна гэдгийг ойлгодог салбарын сайд томилогдсонд би баярлаж байна. Үүнийг би Монголын ард түмний нэгээхэн буян байх гэж харж байна.

Хууль, төр нь ингэж түмэндээ үйлчилдэг, ийм хүмүүсийг дэмждэг Ерөнхий сайд ажиллаж байгаад би баярлаж байна. Ард түмний төлөө, хүний төлөө ажлаа төлөвлөөд ирэхэд нь түүнийг нь дэмжээд шийдвэр болгоод өгч байгаад нь баяртай байна.Харин энэ Их Хурал тийм байгаасай гэж бодож байна. Аль нэг тал нь хэт дийлсэн биш учраас, бас хоорондоо ярилцах ийм хурал учраас энэ Их Хуралд сайн хуулийн төсөл оруулах юм бол сайн хууль батлагдан гарна. Нөгөө цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг сайн төлөвлөөд оруулахад сайн хууль болоод гарах боломжтой гэсэн үг. Бүгдээрээ энэ дээр л ажиллая.
 
Би та бүхэнд нэг зүйл хэлье.Та бид нэг өдөр томилогдсон, нэг өдөр мөрдөсөө зүүгээд цолоо нэмээд баярлаж явсан, харин өөр нэг өдөр томилогдсон шигээ яваад өгнө.Энэ бол амьдралын жам. Бидний ард тэгтэл юу үлдсэн байх ёстой гэхээр сайн стандарт, сайн орчин, сайн тогтолцоо үлдэх ёстой. Шударга ёс үлдэх ёстой.Хөгжсөн Монгол Улс үлдэх ёстой, Монголын төр үлдэх ёстой, Монголд тэгш хэрэгждэг сайн хууль үлдэх ёстой, үүний төлөө би ажиллаж байгаа, мөн та ажиллаж байгаа.
 
Бүгдээрээ ярилцаад сэтгэлээ ойлголцоод явах юм бол бидний ажил цаашаа амжилттай хэрэгжинэ гэж би түрүүн орж ирэнгүүтээ хэлсэн.Энэ олон хууль гарсны дараа нь чиглэл чиглэлээр нь сургалт явуулах хэрэгтэй гэж бодож байгаа. Манай хууль сахиулахын их сургууль энэ чиглэлээр хүмүүсээ сургаж байх ёстой. Ямар газар сурч байгаа юм, ямар хүн болох гэж байгаа юм, ямар хууль хэрэгжүүлэх гэж байгаа юм гэдгээ мэддэг байх ёстой. Түүнчлэн ямар орчин өмнө нь байсан, юу болж өөрчлөгдөж байгаа, цаашдаа хаана хүрэх юм гээд л. Таны унаж яваа машин зуун жил болохгүй байж магадгүй. Харин бидний хэрэгжүүлж байгаа хууль зуун жил болох ёстой. Бидний хэрэгжүүлж байгаа зарчим, таны хэрэгжүүлж байгаа билэг сургаал зуун жилд үлдэх ёстой. Таны бие үлдэхгүй байж магадгүй л дээ. Харин таны билэг сургаал, тухайлбал “Шударга байгаарай миний хүү, хүнийг битгий ялгаарай, хүнд хүндэтгэлтэй хандаарай, хуулийг хэрэгжүүлж яваарай” гэсэн сургаал чинь үлдэж, нэр төр ирдэг юм шүү .
 
Би түрүүн хэлэхдээ “Чингис хааны билэг сургаал өнөө хэр бидэнд үргэлжилж явж байгаа. Ийм учраас тэр хүн агуу хаан байсан. Ийм учраас тэр үеийн албатууд, тэр үеийн түшээд агуу хүмүүс байсан” гэсэн. Энэ утгыг бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Би хөрөнгөлөг хурандаа нар гэж ярьсан, бас сайн ажлаа хийж байгаа хурандаа нар ч хуулийн байгууллагуудад зөндөө бий. Одоо бид энэ ажлаа сайн хийж буй хүмүүстэйгээ хамтарч ажиллая, тэднийгээ дэмжье гээд байгаа юм. Цаашлаад хөрөнгөлөг байцаагч нар, хөрөнгөлөг дарга нарын асуудал гарч ирж байгаа. Тийм дарга нарын өмнө бөхөлздөг төр биш, тийм дарга нарыг шалгадаг төр байх ёстой. Асуудал үүсч байгаа бол тийм дарга нар төрд байх биш хувьдаа гарах хэрэгтэй шүү дээ. Олон нийтийн өмнө 4 жил таныг ажилла гэсэн шүү дээ Ажиллахгүй гэж байгаа бол яв л даа, өөрийг чинь ямар хадчихсан биш. Ард түмнийг завшдаг биш, ядраадаг биш, дарамталдаг биш, зүгээр л ороод ирэхэд хуулиа яриад сууж бай л даа. Манай хувийн хэвшлийн зарим хүн төрийг буруу зүйлд сургаад байгаа юм. Ажил ярихдаа заавал хажуугаар нь нэг юм яриад бүтээхийн тулд авлигал, хээл хахууль гэхчлэн янз бүрийн юм болдог.
 
Одоо харин төрийн албаныхан юу гэж хариулж байна гээч. Хууль чанга болсон. Ингэж ажиллахгүй шүү. Би чамтай хууль л ярья гэж байна. Ингэх л гэж бид байгаа юм. Авлигал авахгүй байна гэдэг авлигал авахаас хэцүү байж магадгүй. Хуульч дээр аргалах гээд яваад ороход өмнөөс хууль яриад ерөөсөө болсонгүй ээ гэнэ. Энэ бол гайхамшигтай зарчим байгаа биз. Та хуулиа ярьсаар байгаад гаргах ёстой. Тэр танил тал, янз бүрийн юманд автах ёсгүй. Ингээд төр хэвшил тогтоож өгч байгаа юм. Ингэх юм бол Монголын ард түмэнд хэрэгтэй. Ард түмний олсон талхны мөнгө албан тушаалтны халаасанд биш өөрсдийнх нь халаасанд үлдэж байгаа. Тэр хүний бизнес бүтэж явбал Монголын ард түмэнд хэрэгтэй. Тэр хүмүүс татвар төлнө. Дундуур нь төр хэдэн давхар дарамт үзүүлж  тэр улсыг сульдааж болохгүй. Үүний төлөө төр ажиллаж байгаа. Тэгэхээр төр бол сайн хэвшил, сайн зүйлийг бий болгож өгдөг. Энэ чиглэлээр бүгдээрээ ажиллах хэрэгтэй байна гэдгийг би хэлэх гээд байгаа юм. Бид нийтлэг эрх ашгийн төлөө байна. Монгол Улсын аюулгүй байдлын төлөө байна. Энэ манаанд бид зогсож байгаа. Ийм нэр төртэй, ийм сайхан ажлыг бид хийх гэж зогсож байгаа гэж ойлгох хэрэгтэй.
 
Энэ ажлыг хийхэд өөрчлөхөөр зүйл олон байна. Үүн дээр бүгдээрээ хамтарч ажиллая. Ингэвэл бид хожно, монголчууд хожно, нийтээрээ хожно. Таны хийж байгаа ажил бол миний хийж байгаа ажил. Миний хийж байгаа ажил бол өөрийн чинь хийж байгаа ажил. Бид нэг эх оронтой, нэг өвөг дээдэстэй, нэг газар нутагтай. Энэ газар нутгаа бид сайхан амьдрахын төлөө нэг зорилготой явж байгаа. Төрийн хууль хэрэгждэг байх юм бол улс аюулгүй байдаг юм байна. Хууль нь хэрэгждэг байх юм бол иргэд нь эрхээ эдэлдэг юм байна. Хууль нь хэрэгждэг байх юм бол ард түмэн амгалан сайхан амьдардаг юм байна. Энэ үндсийн үндсийг хийж яваа цэргүүд бол, манлайлагчид бол та бүхэн. Ингээд бүгдээрээ Монголоо өөд нь татахын төлөө зүтгэе” гэв.

Эх сурвалж: http://www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж