Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Их хааны өв соёл” нэртэй үзэсгэлэн Үндэсний түүхийн музейд өнөөдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнг Үндэсний түүхийн музей, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулж байгаа юм. “Их хааны өв соёлыг ард иргэддээ мэдрүүлж, бахархах сэтгэл төрүүлэх зорилгоор энэхүү үзэсгэлэнг хийж байна. Үүнээс гадна өөр олон арван хүмүүс тусалсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Ямар ч байсан бид их хааны үлдээсэн соёл, хувцас хэрэглэл, зэвсэглэлийн ур маягийг хойч үедээ харуулах болно” гэж ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл ярьсан юм. Тус үзэсгэлэнд төрийн түүхийн музейн сан хөмрөгт багтдаг ховор үзмэрүүд болоод Тайванийн түүхийн музейд хадгалагддаг их хааны болоод бусад хатдын зургийг авчран олон нийтийн хүртээл болгож байгаа аж. Их хааны өв соёл үзэсгэлэн ирэх оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл үүд хаалгаа нээлттэй байлгах ажээ.
Б.Сүх