Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Монгол гүн Ларсон

Шведийн протестант шашны номлогч, худалдаачин Франц Август Ларсон Монголд тун олон жил амьдарсан нэгэн. Тэрбээр Христийн номлогчийн хувьд шашнаа түгээн дэлгэрүүлэх ажлаа хийхийн хамт худалдаа наймаа эрхлэн, улмаар манай улсын гадаад харилцаанд гүүр болж байсан түүх ч байдаг. Түүнд Богд хаан гүн цол шагнасан тул түүхэнд Монгол гүн Ларсон хэмээн алдаршиж үлдсэн аж.

    
БАГА БА ИДЭР НАС

Ларсон гэр бүлийнхээ арван нэг дэхь хүүхэд нь болж төржээ. Тэднийх Вестманланд дахь Хелльбю лен Эрбергт газар түрээслэн амь зуудаг ядуу тарчиг айл байжээ. Түүнийг гуравхан настайд эцэг нь нас барж, ес хүрэхэд ээж нь бурхан болсон байна. Аргагүйн эрхэнд тэрээр бусад газар түрээслэгчдийн туслах ажилчнаар ажиллах болж цэцэрлэгч, малчин болон морины жүчээ цэвэрлэх зэрэг ажлыг хийж эхэлсэн нь, бүх насаараа адуу малд сэтгэл нь татагдах болсны анхных нь алхам болж өгсөн юм.

Ларсон 1887 онд Бразил руу цагаачлах сонирхолтой байсан боловч, эрийн цээнд хүртлээ дархны газарт ажиллахыг эгч Эста нь санал болгосон байна. Хоёр жилийн дараа Ларсон, Стокольмд амьдардаг эгч дээрээ ирж уран барилгачин болохын тулд мужаанаар ажиллах болжээ. Энэ хугацаанд Ларсон эгчийнхээ нөлөөгөөр шашны номлол, сургаалийг сонирхож эхэлжээ. Нэг их удалгүй шашны сургуульд орж, уран барилгын мэргэжлээр суралцахын зэрэгцээ Монгол ба Хятадад үйл ажиллагаа явуулдаг Америкийн шашны номлогчдын нийгэмлэгт ажиллахаар шийдсэн байна. Ларсон Ази руу явахын өмнө Англид зургаан долоо хоногийн тусгай бэлтгэлд суугаад амжжээ.

МОНГОЛД АНХ УДАА ХӨЛ ТАВЬСАН НЬ

Ларсоны хувьд Монгол дахь хамгийн анхны христ номлогчийн нэг байсан юм. 1893 он буюу дөнгөж 23-хан настай тэрбээр Тянжин боомтод далайгаар ирж, Бээжин болон Баотоу хүртэл явганаар аялан явжээ.

Тэрбээр гадаад хэл сурах авьяастай нэгэн байж.  Ордост дөнгөж ирмэгц, нутгийн нэгэн тайж түүнд монгол хэлний багшид шавь оруулжээ. Ларсон монгол хэлээр ойр зуур ярьж чаддаг болмогцоо шууд л хойд зүгт байх Халхын нийслэл Өргөөд очжээ. Нийслэл хүрээнд жил орчим амьдарсны дараа Өвөр Монголд буцан ирж Хаалган  хотод суурьшсан байна. 1897 онд Нью-Йоркийн Олбани мужаас ирсэн мөн л түүн шиг шашны номлогч  бүсгүй Мэри Рожерстэй гэр бүл болжээ. Жинчдийн худалдааны гол уулзвар болсон Хаалган хотод зорчин явах европчууд болон америкчуудтай тэрээр байнга уулзан учирч байсан бөгөөд Шведийн судлаач Свен Гедин ба Герберт Гуверээс гадна Бээжингээс Ар Халх хүртэл төмөр зам тавих ажлыг удирдаж байсан америк инженертэй хүртэл таарч байжээ.

1900 онд Хятадад Боксёруудын бослого гарснаар Ларсон, эхнэр хоёр хүүхэд болон Швед, Америк нийлсэн хорь гаруй номлогчдын хамтаар Бээжин дахь Их Британийн Консулын тусламжтайгаар  уналга олсны ачаар орос руу дүрвэн гарахаас өөр зам байсангүй. Хаалган хотноо хуримтлуулсан хөрөнгө зоориос гадна, түүний олон жилийн хөдөлмөрөөр бүтсэн Швед-Англи-Монгол хэлний толь бичиг ч гэсэн харамсалтайгаар устаж үгүй болсон юм. Ларсон, Хиагт дахь алтны уурхайд хэлмэрчээр ажилласны ачаар хэдхэн сарын дараа л гэхэд Транссибирийн төмөр замаар Финланд хүрч, Шведээс Атлантын далай гатлан АНУ-д очин  Олбани мужид иржээ.

МОНГОЛ РУУ ХИЙСЭН  ХОЁР ДАХЬ АЯЛАЛ

Ларсон нэг жилийн дараа Хиагтад ирж, тэр үед Хүрээгээр дамжин Бээжин хүрэх төмөр зам барьж байсан Оливекрон ба Лагерхольм гэсэн хоёр швед инженерт хэлмэрчээр ажиллаж эхэлжээ. Гэхдээ төмөр  замын  төсөл тэгэсхийгээд зогссон тул  Британи дахь шашны нийгэмлэгийн  саналаар Монгол дахь шашны байгуулагын төлөөлөгчөөр ажиллах болсон байна. 1902 онд эхнэрийн хамтаар арван тэмээ ачаа бүхий шашны ном судраа ачин замд таарсан малчдад тараасаар Хаалган хүрчээ. Ларсон бүтэн 12 жил Монгол оронд Библи тарааж байхдаа Монголын дээдсийн хүрээнийхэнтэй ойр дотно танилцаж амжсан төдийгүй Чин ван Ханддорж, Гадаад Явдлын яамны сайд Цэрэндорж болон  YIII Богд Жавзандамбатай танилцан  “Т” загварын “Форд” машин олоход нь туслаж байжээ. Богд хаан, Ларсонд гүнгийн хэргэм цол хүртээж “Эрдэнийн очир” одонгоор хөхүүлэн шагнаснаас гадна 1924 он буюу насан өөд болтлоо түүнтэй ойр дотно нөхөрлөж байжээ. 1911 оны Синьхайн хувьсгалын дараа Бүгд Найрамдах Хятад улсын Ерөнхийлөгч Юань Шикай түүнийг Монголын асуудал хариуцсан хувийн зөвлөхөөрөө томилжээ. Тухайн үедээ Ар Монгол нь өөрийгөө тусгаар улс хэмээн тунхаглан зарлаж, Өвөр Монголын хилийн орчим гарч байсан мөргөлдөөнийг эвийн замаар зохицуулах гэсэн Ларсоны оролдлого бүтэлгүйтсэн юм.  Ларсоны хоёр жилийн хичээл зүтгэл нь амжилт олоогүй тул, тэрээр албан тушаалаасаа татгалзах саналаа хэлсэн байна. Гэвч түүний ажил хөдөлмөрийг нь үнэлж 36 мянган ам.доллараар шагнасан нь бүтэн гурван жилийн цалин пүнлүүтэй нь тэнцэх их мөнгө байжээ. Мань хүн, нэг их удалгүй Өргөөгөөс нүүж Хаалган хотод ирмэгцээ Бээжин, Шанхай болон Тянжины морин тойруулгад зориулж уралдааны морьд үржүүлэх газар байгуулан ажиллаж эхэлсэн байна. 1917 онд Америк-Данийн худалдааны газрын хувийг хамтран эзэмшигч болж, 1923 онд Хаалган болон Өргөөд төлөөлөгчийн газартай “Ф. А. Ларсон и Ко” нэртэй хувийн бизнесийн салбартай болжээ.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЯЛЛУУД

Ларсон Монголд байх хугацаандаа хэд хэдэн эрдэм шинжилгээний экспедициудыг ахлаж байжээ. Хамгийн эхнийх нь буюу Бээжин дахь Консул Кэмпэллийн санаачилсан экспедиц нь 1902 онд түүний удирдлага дор аяллаа эхэлж байжээ. 1923 онд Монголын говьд эртний үлэг гүрвэлийн яс хайж байсан Америкийн палеонтологч Р.Ч. Эндрюс түүнийг хөлслөн авчээ. Ларсоны хөдөлмөрийг үнэлж Нью- Йорк дахь Америкийн эртний түүхийн мүзейн хүндэт ажилтан өргөмжлөл хүртээсэн байна. 1927 онд Гедин ба Ларсоны хамтарсан томоохон экспедиц аялалд гарсан бөгөөд, Ларсон арын албыг хариуцаж, 300 тэмээ, 26 майхан болон багийн гишүүн болох 65 хүний бүтэн жилийн хоол хүнсийг хангах ажлыг зохион байгуулсан байна. Тэрбээр, 1929 онд Шведэд очмогцоо тэндхийн томоохон үйлдвэрлэгчийн нэг болох Ивар Крюгертэй уулзаж, Хятадад хөрөнгө оруулалт хийх санал тавьж байжээ.  Хятадын Засгийн газраас  зөвшөөрөл авмагцаа Нанкин, Үрэмчийг Оросын Новосибирсктэй холбосон төмөр замын сүлжээ байгуулах ажилдаа ханцуй шамлан орсон боловч харамсалтай нь 1932 онд Крюгер нас барснаар энэхүү төслийг зогсооход хүрсэн юм. Хэдхэн жилийн дараа Хятадын шинэ Ерөнхийлөгч Чан Кай Ши, Ларсоны тусламжтайгаар, БНМАУ-ын хил дагуу байрлах хятад цэргүүдэд Шведийн цэргийн зөвлөхүүдээр сургалт зохион байгуулах  талаар Гадаад яамаа ятгахыг оролдсон ч Шанхай дахь Шведийн Консул энэ саналыг нь огт авч хэлэлцээгүйн дээр  Стокольмд  ч мэдээлээгүй аж.

АМЬДРАЛЫН СҮҮЛИЙН ОН ЖИЛҮҮД

1939 онд Япон гүрэн Хятад руу түрэмгийлэн довтолсноор Ларсон эд хөрөнгөө орхиход хүрч, Калифорни дахь эхнэр дээрээ очсоны дараа Швед эх орондоо ирж булганы аж ахуй эрхлэх болсон байна. Дэлхийн хоёрдугаар дайн эхэлснээр түүний ажил үйлс доройтож эхлэхэд АНУ руу буцжээ. 1950 онд эхнэр нь нас барснаар, эх орондоо дахин ирж дорно дахины судлалаар мэргэжсэн сэтгүүлч Нора Уолнтой хамтран  “Ларсон, Монголын гүнтэн” нэртэй дурсамжийн номоо гаргажээ.  Тэр 87 насандаа тэнгэрт хальсан юм.

В.БАТБОЛД
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж