-Ямар чиглэлүүдээр хууль зүйн салбарыг шинэчилж байгаа вэ?
-Ирэх арванхоёрдугаар сард УИХ-д найман хуулийн төслийг өргөн барина. Ингэснээр хууль зүйн орчин сайжирна. Хоёрт, дэд бүтцээ сайжруулна. Гуравт, Дотоод хэргийн их сургуулийг Хууль сахиулах их сургууль болгож өөрчилсөн. Хичээлийн арга зүй, заах хэлбэр, олон олон зүйлийг зарчмын шинэ төвшинд гаргах гэж байна. Хамгийн урт, удаан үргэлжлэх шинэчлэлт бол боловсрол олгож байгаа тогтолцоог шинэчлэх явдал. Шинэ орчинд ажиллах чадвартай, итгэл үнэмшилтэй, шинэ толгойтой хуульчдын эгнээ хэзээнээс бэхжин орж ирэх вэ гэдгээс энэ шинэчлэлт шалтгаална. Гэхдээ одоо ажиллаж байгаа хуульчдаа ч давтан сургана. Дараагийн удаан шинэчлэлт бол дэд бүтэц бий болох байх. Ямар ч гэсэн хоёр жил бужигнасан дэд бүтцийн өөрчлөлт болох байх. Хамгийн түрүүнд шуурхай шийдэх шинэчлэлт болохоор УИХ-ын энэ намрын чуулганаар юм уу, хаврын чуулганаар хуулиудаа батлуулна.
Энэ гурван чиглэлийн шинэчлэлийг зэрэг явуулна. Хамгийн түрүүнд үр дүн гарах нь хууль, тогтоомжоо шинэчлэх асуудал. Хууль гарсны дараа салбар салбараар сургалт, танин мэдэхүйн чиглэл рүү явах байх гэж бодож байна.
-Найман хуулийг баталснаар хууль зүйн салбарын эрх зүйн орчин бүрэн шинэчлэгдэж чадах уу?
-Чадахгүй. Хуулиуд гарснаар хийх ёстой ажлын дөнгөж 50 хувь хэрэгжинэ. Үүний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой гурав, иргэний нийгэм зэрэгтэй холбоотой дахиад гурван хууль гэх зэргээр нэлээд олон хуулийг шинэчилнэ. Түүний дараа энэ тогтож байгаа систем хэвийн дүр зургаараа ажиллахын тулд дүрэм журам, бусад хуультай холбоотой уялдаанууд ажиллаж эхэлнэ.
Хуулийн шинэтгэл энэ мэтээр цаашид үргэлжлээд, ажиллаад байх юм. Томоохон огцом шинэчлэлтийг энэ хэдэн хуулийн шинэчлэлтээр хийгээд дараа дараагийн шинэчлэлт жижиг засваруудаар үргэлжилнэ.
-Хорих ангиудыг нэгтгэнэ гэсэн. Үүний ач холбогдол юу вэ?
-Хорих байгууллага дотроо нарийвчилсан хамгаалах дэглэмтэй байдаг. Задгай байгаа хорих хамгийн аюултай. Гадаад, дотоод хяналтад хүн хүч хүрэхгүй байгаа. Ний нуугүй хэлэхэд 500 хүний хориход 30-аад хүн ажилладаг. Өдөрт 10 хүрэхгүй хүн л хянаж байгаа.
Хорихуудыг нийлүүлээд 1500 хоригдол төвлөрүүллээ гээд бодоход нэг дор ажиллах хянагчдын тоо нэмэгдэнэ. Камерын хяналтыг 25 хориход тавьснаас таван хориход тавина гэдэг нь урсгал зардал гэхэд тавны нэгээр шийдэгдэнэ. Суларч байгаа зардлаараа шинэ боловсон хүчин, шинэ хамгаалалтын систем авна. Ингэснээр аюулгүй байдал илүү найдваржина.
-Цагдаа хүн иргэдийг айлгах ёсгүй гэж та илтгэлдээ хэллээ. Цагдааг өөрөөр сэтгэдэг болгохын тулд юу хийх вэ?
-Хууль сахиулах их сургууль дээр ахлагчийн сургууль болоод цагдаагийн боловсон хүчний чиглэлээр том шинэтгэл хийж байна. Цагдаагийн бие бүрэлдэхүүнд давтан сургалт болон өөр бусад төрлийн сургалт хийж харилцаанаас өгсүүлээд бусад зүйлд сургана. Тэгээд цаашдаа цагдааг 45 хоногоор бэлтгэх биш хамгийн бага нь 2,5 жилээр сургана. Цаашлаад 3,5 жилээр цагдаагийн боловсон хүчнийг бэлтгэдэг болно. Сайн дурын биш мэргэжлийн цагдаа ажилладаг болно. Хяналтын дэд бүтэц ажиллаж эхэлнэ. Цагдаа ажлаа номоор нь хийж байна уу, үгүй юү гэдгийг хянах дэд бүтэцтэй болно. Өмнө нь үүнийг ярьдаггүй байснаас хуулийг цаасан дээр үйлдвэрлээд л орхидог байсан. Тэгээд хууль хэрэгждэггүй байсан. Хууль хэрэгжээгүйн бурууг буцаагаад хууль руу чихдэг байсан. Хэрэгжүүлэх гэж оролдоогүй, түүний төлөө санаа сэтгэл тавиагүй мөртлөө алдаатай бодлогоо хууль руугаа чихээд л өнгөрдөг байсан бол одоо тэгэхгүй.
-Цаас үйлдвэрлээд орхихгүйн тулд яах вэ?
-Цаас гарна. Түүнийг хэрэгжүүлэхийн төлөө томоохон шинэтгэл хийнэ. Хууль өөрчлөгдөх бол зөвхөн мөсөн уулын ил хэсэг. Мөсөн уулын тавны дөрөв нь дороо байдаг. Хэрэгжүүлэхтэй холбоотой том шинэтгэл хийгээд явна.
-Хууль хэрэгжүүлэхэд албан тушаалтнуудаас нөлөөлдөг нөлөөллийг яаж арилгах вэ?
-Хууль шинэчлээд ирэхээр улс төрийн болоод хэн нэгэн албан тушаалтнуудын нөлөөлөл алга болж байгаа. Өнгөрсөн хавар баталсан Шүүхийн тухай хуулиуд бол өмнөх эрх мэдлийн нөлөөллүүдийг юу ч байхгүй болгосон. Одоо Байцаан шийтгэх хуулийг шинэчлээд Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль гарч ирээд хууль сахиулахын тулд цагдаа юу хийх ёстойг бүгдийг заагаад өгөхөөр нэмж юм заах шаардлагагүй болно. Бүх юм стандартчилагдаж байна гэсэн үг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль өөрөө хуульчдын тухай хууль болчихоор прокурор, шүүгч, өмгөөлөгч гурав нэг сонирхолтой этгээд биш болно. Шүүгч өөрөө хөндлөнгийн этгээд болно. Зөв концепци гаргаад эдгээрийг зохицуулахаар хуйвалддаг хуульч байхгүй болно.