Энхийг сахиулагчид тангараг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчид тангараг өргөлөө

Афганистан улсад ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэх, Нисэх буудлын хамгаалалтын салааны цэргийн багуудын бие бүрэлдэхүүнийг үдэн гаргах, Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо.

Уг арга хэмжээнд Үндэсний Аюулгүйн байдалын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Ч.Чойжамц,  ХБНГУ-аас Монгол улсад суугаа элчин сайд ноён Петер Шаллер, Бээжинд Монгол Улсын хэргийг хавсран суугаа Батлан хамгаалахын атташе хурандаа Шнель болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага цэргийн багийн бие бүрэлдэхүүний гэр бүлийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон ард түмнээ төлөөлөн оролцож Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн мандуулахын зэрэгцээ Зэвсэгт хүчнийхээ түүхийн хуудсыг улам бүр баяжуулсаар байна.

Манай энхийг сахиулагчид ажиллагаанаас илүү туршлагжиж, үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийн төвшин нь улам бүр дээшлэн, ямар ч нөхцөлд тавигдсан үүргийг биелүүлэх чадавхитай болон төлөвшиж байгаа нь Афганистан улс дахь эвслийн цэргийн хүчний “Тогтвортой эрх чөлөө ажиллагаа”-нд үүрэг гүйцэтгэсэн цэргийн багууд, нисдэг тэрэгний техник, засвар үйлчилгээ, сургалтын бүлгүүдийн үйл ажиллагаанаас тодорхой харагдаж байна гэдгийг ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав онцолж байлаа.

Мөн тэрээр хэлэхдээ, цэрэг хүний эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадварыг бодитоор харуулан цагийн байдлын эгзэгтэй ээдрээтэй нөхцөлд төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан хариуцлагатай үүргийг нэгэн үзүүрт сэтгэлээр амжилттай биелүүлж ирсэн” гэв.

Энэ удаагийн Афганистан Улсад ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэх VII ээлжийн цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Д.Жаргалсайхан, Нисэх онгоцны буудлын хамгаалалтын IV ээлжийн салаан захирагчаар хошууч В.Гантөмөр нар  үүрэг гүйцэтгэх юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээр 10 жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд энэ хугацаанд нийт гуван тивийн 13 оронд 6300 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд яг одоо дэлхийн халуун цэг болох Афганистан, Судан, Өмнөд Судан, улсуудад 1300 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэн Даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг хангахын төлөө нэр төртэй биелүүлж байгаа юм.

А.АМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж