Дик ранкен: Хүнд суртлын аппарат бол авлигын эх үүсвэр

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Дик ранкен: Хүнд суртлын аппарат бол авлигын эх үүсвэр

Д.Жаргалсайхан de Facto нэвтрүүлэгтээ Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөх Дик Ранкенийг урьж ярилцсан юм. Тэд дэлхийн болоод Монголын банк, санхүүгийн салбарын эргэн тойронд сонирхолтой ярилцлага өрнүүлэв.

-Оройн мэнд. Та Монголд ямар ажлаар ирсэн бэ?

-Монгол бол дэлхийн хамгийн гайхалтай улс орнуудын нэг. Тийм ч учраас би Монголд байнга ирдэг.

-Олон улсын санхүүгийн корпораци (International Finance Corporation) бол дэлхийн түвшний том байгууллага. Та тус байгууллагад ямар албан тушаал эрхэлдэг вэ?

-Би энэ байгууллагад 30 гаруй жил хүчин зүтгэсэн. Олон улсын санхүүгийн корпораци бол Дэлхийн банкны группын хувийн сектор юм. Өмнө нь жижиг байгууллага байсан бол өнөөдөр өсч буй эдийн засагтай улс орнуудад жилд 20 тэрбум долларын хөрөнгө оруулж байна. Эрүүл мэнд, боловсрол, бичил бизнес, дэд бүтэц, банк зэрэг төрөл бүрийн салбарт хөрөнгө оруулдаг. Хувийн сектор бол ажлын байр бий болгодог гол хөдөлгүүр гэдэг философийг бид баримталдаг. Бусад санхүүгийн байгууллагын эрсдэлтэй гэж үздэг бизнесийн салбаруудад ч бид хөрөнгө оруулдаг. Ядуу буурай хүмүүсийг тогтвортой ажлын байраар хангах нь бидний зорилго. Энэ зорилгодоо ч хүрч чадсан.

-Дэлхийн банк нь Дэлхийн II дайны дараа эдийн засгийн шинэ дэг журам тогтоох зорилгоор байгуулагдсан. Тэгвэл Олон улсын санхүүгийн корпораци хэзээ байгуулагдсан бэ. Дэлхийн Банкны гишүүн улс орнууд ч гэсэн тус байгууллагын гишүүн байдаг уу?

-Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк 1940-өөд онд байгуулагдсан. Олон улсын санхүүгийн корпораци 1954 онд байгуулагдсан. Хувийн сектор чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн үе. Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацийн гишүүний тоо ойролцоо.

-Монгол Улс бол Дэлхийн банкны гишүүн. Дэлхийн банк болон Олон улсын санхүүгийн корпорацид хувь эзэмшдэг. Төв банкны ерөнхийлөгч жил бүр танай байгууллагын уулзалтад оролцдог. Тускорпораци хөгжиж буй улс орнуудад жилд 20 тэрбум долларын хөрөнгө оруулдаг байх нь?

-Олон улсын санхүүгийн корпорацид хувийн секторын хөрөнгө оруулагчдыг шахах зорилго байхгүй. Харин ч манай байгууллага хувийн хөрөнгө оруулагчдын эрсдэлтэй гэж үздэг бизнест хөрөнгө оруулдаг учраас хувийн секторын дутуу талыг нөхдөг гэж ойлгож болно.

-Та Австрали улсад амьдардаг. Та корпорацийн шугамаар жилд доод тал нь дөрвөн удаа Монголд ирдэг. Та нэг талаас дэлхийн иргэн. Нөгөө талаас Олон улсын санхүүгийн корпорацид 30 гаруй жил хүчин зүтгэсэн мэргэжилтэн. Та Европ-Хятадын эдийн засгийн харилцааны төлөв байдлыг юу гэж тодорхойлох вэ?

-Та Австрали биш, харин Европын тухай асуусан биз?

-Та дэлхийн олон улс оронд ажиллаж байсан туршлагатай учраас би Европын тухай асуусан юм. Еврогийн хямрал онцгой анхаарал татаж байна. Миний нэвтрүүлэгт оролцсон Ноён Фукуяма хүртэл Грек улс аль эрт евро бүсийг орхисон гэж хэлж байсан. Гэтэл Грекийг аврах гэж оролдсоор байна?

-Тийм ээ. Би санал нийлж байна. Грекийн өнгөрсөн үеийн өрийг ирээдүй үе нь төлнө. Европ тивд эдийн засгийн агуу сэргэлт болно гэдэгт би итгэхгүй байна.

-Буурай эдийн засагтай улс орнуудыг евро бүсээс хасч, зөвхөн хүчирхэг эдийн засагтай улс орнуудад еврог хэрэглэх нь зүйтэй гэж та үзэж байна уу?

-Тийм. Энэ бол хамгийн магадлалтай үр дүн. Зарим улс оронд таагүй байж болох ч гэсэн илүү сайн үр дүн байх болно.

-Европын улс орнууд дахь Хятадын экспортын хэмжээ буурлаа. Энэ нь одоо үйлчилж буй бүтцэд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Европын улс орнууд дахь Хятадын экспорт буурч байна. Гэвч азаар дэлхий бол асар том зах зээл. Хятадын дотоодын хэрэглээ, Азийн бусад улс орны зах зээлээс ч шалтгаална. АНУ ч гэсэн өөрийн эдийн засгийг дахин сэргээнэ гэдэгт итгэж байна. Европын эдийн засаг ч гэсэн тодорхой хугацааны дараа сэргэж, Хятадын экспортын хэмжээ нэмэгдэх боломжтой.

-Дэлхийн тэргүүлэх эдийн засагчид дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан ч гэсэн Хятадын дотоодын хэрэглээ гадаад экспортын орон зайг нөхөх чадвартай гэж тайлбарладаг. Та үүнтэй санал нийлдэг үү?

-Тийм. Хятадын эдийн засгийн бодлогоос шалтгаална.

-Монгол Улс Хятадтай маш нягт холбоотой. Монголын нүүрс, зэсийн экспорт Хятадын импортоос шалтгаалдаг?

-Монгол Улсад том давуу тал бий. Учир нь Монголоос нүүрс татах нь Австрали зэрэг бусад улс орноос татахаас илүү хямд, тээвэрлэлтийн зардал бага. Хятад руу нүүрс тээвэрлэх зардал хямд байдаг нь Монгол Улсын хувьд давуу тал.

-Хятад улс дахь Монголын нүүрсний экспорт нэмэгдэх нь Австрали улсад ямар нөлөөтэй вэ. Монгол шиг жижиг улс Хятадын зах зээлээс Австралийг шахах боломжтой юу. Энэ бол их мөнгөний асуудал?

-Австралийн эдийн засаг маш уян хатан чанартай. Тийм ч учраас эрэлтээс хамааран эдийн засаг нь дасан зохицох чадвар өндөртэй. Австрали бол дэлхийн санхүүгийн хямралд өртөөгүй цөөн тооны улс орны нэг. Хэрвээ Монголын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж урамшуулж чадвал тодорхой хугацааны дараа Хятадын зах зээлээс Австралийг шахах боломжтой.

-Австралийн эдийн засаг уул уурхайн салбарт тулгуурладаг байсан. Тус улс шиг хөгжихийн тулд Монгол Улс юу хийх ёстой вэ?

-Хамгийн чухал зүйл бол ардчилал. Монгол Улс ардчилсан сонгуулийн үр дүнд засгийн эрхийг тайван замаар шилжүүлсэн. Дэлхийд ийм жишээ тун цөөн. Тийм ч учраас ардчилсан засаглал бол тулгын чулуу. Уул уурхайн салбарын хууль тогтоомж зохицуулалт тогтвортой байх ёстой. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нөхцөл болох бөгөөд улмаар дэлхийн жишигт нийцсэн, хүрээлэн буй орчинд хөнөөлгүй бизнес эрхлэх боломжтой. Аливаа асуудлаар эрүүл мэтгэлцээн өрнүүлэх нь ч чухал. Дараагийн чухал асуудал бол боловсрол. Би өмнө нь Африк болон ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улс орнуудад ажиллаж байсан. Монгол хүүхдүүд 12 жилийн боловсрол эзэмшсэн байх үүрэгтэй. Энэ бол маш чухал зүйл.

-Та ардчилал ба боловсролыг онцоллоо. Бид энэ чиглэлд онцгой анхаарал хандуулж байна. Гэвч ардчиллыг бэхжүүлэх, боловсролын салбарыг хөгжүүлэх үйлсэд санхүүгийн хүчин чадал хэрэгтэй. Бид санхүүгийн зах зээлийг зөвхөн мөнгө эсвэл капитал гэж хардаг. Энэ салбарт банкууд ноёрхдог. Та Монгол Улсад санхүүгийн зах зээл хөгжих боломжийг хэрхэн харж байна вэ?

-Капиталын зах зээлийг хөгжүүлэх үр дүнтэй хуулийн тогтолцоо хэрэгтэй. Хууль тогтоомж, зохицуулалтаас гадна Төв банк буюу Монгол Банк сайн ажиллах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, арилжааны банкууд бэлэн мөнгөний болон капиталын хангалттай нөөц бүрдүүлж аюулгүй байдлаа хангах нь чухал. Монгол улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд ахиц дэвшил гарч байна гэж би үзэж байна. Лондоны Хөрөнгийн бирж Монгол Улстай хамтран ажиллаж байна.

-Техникийн хувьд Монголын хөрөнгийн биржийг Лондоноос удирдаж болно. Монголын санхүүгийн нөхцөл байдлын талаар бодитой мэдээллээр хангаж байж гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжтой. Олон улсын санхүүгийн корпораци Монголын хэдэн банкинд хувь эзэмшдэг вэ?

– Хоёр банкинд хувь эзэмшдэг.

-Хас банк, Хаан банкны хувийг эзэмшдэг. Та Хас банкны удирдах зөвлөлд ажилладаг. Та тус банкны баримт бичгүүдтэй ч танилцаж байсан биз. Монголын банкны зах зээлийн ирээдүйн талаар та юу гэж бодож байна вэ. Тухайлбал, Монголын арилжааны банкуудын зээлийн хүү маш өндөр байдаг. Сарын хоёр  хувийн хүүтэй зээл авсан компаниуд Монголд хэрхэн амьд үлдэх вэ?

-Мэдээж хэрэг банкны зээлийн хүү инфляциас шалтгаалан нэмэгддэг. Гэвч банк бол нийгмийн чухал институт. Хэрвээ аливаа улс оронд банкны сектор байхгүй байсан бол хувь хүмүүсээс мөнгө зээлэх шаардлага тулгарна. Банкинд төлөхөөс ч илүү өндөр хүү төлөх шаардлага тулгарна.

-Монголд үүнийг ломбард гэж нэрлэдэг?

-Банкны салбарт сайн менежмент, сайн засаглал, хүчтэй төв банк хэрэгтэй. Миний бодлоор Монголын арилжааны банкуудад бэлэн мөнгөний нөөц дутагддаг. Бэлэн мөнгөний хангалттай нөөцгүй учраас бизнесээ өргөжүүлэх хүсэлтэй хүмүүс зээл авч чадахгүй байна. Монголын арилжааны банкууд гадаадаас мөнгөний эх үүсвэр татах чиглэлээр ажиллаж эхэлсэн.

-Инфляцийн түвшин 14 хувьд хүрсэн нь банкны зээлийн хүү өндөр байх шалтгаан гэж та хэллээ. Хадгаламж эзэмшигчид өндөр хүү шаарддаг. Инфляцийн түвшнийг яаж тогтоон барих вэ. Монголын Засгийн газар инфляфийг нэг оронтой тоо руу оруулна гэж амладаг. Гэтэл хоёр оронтой тоогоор хэмжигдсэн хэвээр байна. Бид юу хийх ёстой вэ?

-Шинэ Засгийн газартай болсон. Санхүүгийн өндөр боловсролтой хүмүүс олон байна. Инфляцийг хэрхэн бууруулах талаар зөвлөгөө өгч чадах олон хүн байна. Макро эдийн засгийн ямар бодлого хэрэгжүүлэхийг Засгийн газар шийднэ. Жишээлбэл, хүмүүст бэлэн мөнгө тарааснаар хэрэглээ нэмэгддэг. Хэрэглээний өсөлт нь инфляцитай шууд холбоотой. Тийм ч учраас мөнгөний нийлүүлэлт тэнцвэртэй байх ёстой. Засгийн газар үр дүнтэй бодлого сонгож хэрэгжүүлж чадвал инфляцийг нэг оронтой тоонд барих боломжтой.

-Засгийн газар хүмүүст бэлэн мөнгө тараадгаас гадна нийтийн албан хаагчдын цалинг байнга нэмдэг. Нийтийн албан хаагчид Монголын нийт ажиллах хүчний 10-15 хувийг бүрдүүлж байна. Инфляци нь эдийн засгийн бүтээмжтэй холбоотой юу?

-Эдийн засаг өсөх тусам цалин хөлс нэмэгддэг.

-Одоо банкны сектортой холбоотой асуудал руу эргэж оръё. Монгол Улсын банкны сектор улам өргөжин тэлж байна. Банкуудын үндсэн хөрөнгө улсын үндэсний нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээнд хүрлээ. Зарим улс оронд банкны хөрөнгө үндэсний нийт бүтээгдэхүүнээс ч өндөр байдаг. Гэвч нэг асуудал байна. Монголын том компаниуд голдуу гадаадын банкуудтай харьцдаг. Том компаниуд сарын хоёр  хувийн хүүтэй зээл олгодог дотоодын банкуудын оронд жилийн 6-8 хувийн хүүтэй гадаадын банкуудыг илүүд үзэж байна. Гадаадын арилжааны банкууд Монголын банкны салбарт хүч түрэн орж ирлээ. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд хүү багатай зээл олгож байна?

-Энэ бол хувьсал. Монголын арилжааны банкууд жижиг дунд бизнесийг дэмжих, санхүүжүүлэх чиглэлээр амжилттай ажиллаж байна. Жишээлбэл, Хас банк жижиг дунд бизнес эрхлэгчид болон малчдад зээл олгодог. Гэвч Монголын арилжааны банкууд том хэмжээний төсөлд хөрөнгө оруулах боломжгүй. Харин Олон улсын санхүүгийн корпораци хилийн чанадаас том хэмжээний төсөлд зориулан мөнгө татахад тусалдаг. Монголын банкууд гадаадын банкуудтай түншлэлийн харилцаа тогтоож бэлэн мөнгөний нөөцөө нэмэгдүүлэх боломжтой. Гэвч ойрын хугацаанд ийм түншлэл хэрэгжинэ гэж бодохгүй байна. Монголын арилжааны банкууд өөрийн хүчин чадлыг бэхжүүлэхийн төлөө ажиллах ёстой.

-Саяхан гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсан. Уг хуулинд банкны салбарыг стратегийн салбар гэж тодорхойлсон. Монголын арилжааны банкуудын 51 хувийг эзэмших сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчид заавал Засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай. Энэ нь ямар учиртай вэ?

-Дэлхийн улс орнууд гадаадын шууд хөрөнгө оруулалтын асуудлыг янз бүрийн аргаар шийддэг. Жишээ нь манай Австрали улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хянах зөвлөл гэж байдаг. Хэрвээ Монгол, Хятадын компаниуд Австралийн компаниудын хувийг эзэмшихийг хүсвэл Засгийн газар заавал шалгаж хянах ёстой. Монгол Улсад ч гэсэн адилхан. 51 хувь гэх мэт тодорхой хязгаарлалт ч бий. Гэвч хамгийн гол нь гадаадын хөрөнгө оруулалтыг чөлөөтэй нэвтрүүлэх нь эдийн засагт чухал.

-Та Африкийн улс орнуудад ажиллаж байсан. Тэнд банкны сектор гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй байдаг. Тэнд ийм асуудал үүсдэг үү?

-Харин ч эсрэг үр дүнтэй. Ер нь зах зээлээ хамгаалах бодлого баримтлах нь гадаадын банкны хамгийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх боломжийг хааж, бэлэн мөнгө капиталын урсгалыг боомилдог.

Нээлттэй эдийн засагтай улс орнууд капиталын урсгалыг чөлөөтэй нэвтрүүлдэг учраас хаалттай эдийн засагтай улс орнуудаас илүү хөгждөг юм байна. Зах зээлээ хамгаалах бодлого нь ямагт Засгийн газар, бюрократ аппараттай холбоотой. Хүнд суртлын аппарат бол авлигын эх үүсвэр.

-Олон улсын санхүүгийн корпораци сайн засаглал гэдэг ойлголтыг эрхэмлэдэг. Корпорацийн сайн засаглал гэдэг соёлыг дэлхийн улс орнуудад нэвтрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байна. Олон улсын санхүүгийн корпораци амжилттай ажиллаж буй нь үүнтэй холбоотой юу?

-Мэдээллийн ил тод байдал бол сайн засаглалын гол тулгуур. Банкны дээд болон доод тушаалын бүх ажилтнууд ямар үйлдэл зөв буюу ашиг тустай болохыг, ямар үйлдэл ил тод байхыг ёстой гэдгийг мэддэг. Олон улсын санхүүгийн корпораци сайн засаглал, тогтвортой үйл ажиллагааны үлгэр жишээ болдог.

-Банкны ажилтан бүр өглөө ажлын өрөөндөө орж ирэхдээ байгууллагын том зорилгын нэг хэсэг гэдгээ мэдэрдэг. Багийн нэг хэсэг байж нэг том зорилгын төлөө хамтдаа хүчин зүтгэвэл ард түмэн, эх орон, дэлхий нийтийн хөгжилд хувь нэмрээ оруулж чадна?

-Яг  зөв.  Өглөө сэрмэгцээ  миний ажил ямар нэгэн өөрчлөлт, ялгаа гаргаж чадна гэж боддог байх хэрэгтэй. Хас банк, Олон улсын санхүүгийн корпораци зэрэг сайн засаглалыг төлөвшүүлсэн сайн компаниудын ажилчид ч гэсэн өглөө босмогц компанийн зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө өөрийн хувь нэмрийг оруулах итгэл төгс байдаг.

Эх сурвалж: : "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж