Гамлетаар амьсгалахуй

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Гамлетаар амьсгалахуй

Хүн төрөлхтөн оршин байгаа цагт мөнхөд орших бузар, булай, атаа, чөтөө, шунал, тачаал, эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл. Түүгээр дүүрсэн хорвоог хэн нэгний хэлснээр бус зөвхөн өөрсдийнхөө сэтгэл, зүрх, эд эсээр мэдэрч, эсэргүүцэн цус нь булгилж, хорсолтойгоор үзэн ядах шинэ цагийн залуус. Магадгүй хүн төрөлхтөний мөнхийн энэ дагуулын мөн чанарыг уудлан гаргаснаараа “Гамлет” хэзээ ч хоцрогдохгүй мөнхийн залуу хэвээр оршин байдаг биз. Мөнхийн залуу Гамлетийг цэл залуухан С.Наранбаатар тавилаа. Түүний “Гамлет”-аар нийслэл амьсгалж байна.

Н.Наранбаатарын зочид цочихоос эмээв…

        “Гамлет”. Товчхондоо өнөөгийн Монголын өнцөггүй тусгал гэлтэй… 

Харин тэднийг үзээд “Арай л залуудаж байна” эсвэл “Болоогүй байж хэтэрхий эрт тоглолоо” гэж шүүмжлэх нэгэн таарсан. Үнэндээ, 

-“Үүл нь гараад бороо орохын цагт
Үүд гэмээнэ хоймор юуны ялгаа
Үйл нь ирээд үхэхийн цагт
Хөгшин гэмээнэ залуу юуны ялгаа”
гэж Равжаа хутагтын долоохон насандаа хэлсэнчлэн авъяас байгаад сэтгэж чадаж байхад залуу болоод хөгшин насны ялгаа алга.  Ид бяр нь тэгширсэн 35-хан настай Шекспир дөрвөн зууны тэртээд Данийн нийгмийн хамаг бузар булхай болгоныг уудлан, илчилсэн бол найруулагч Н.Наранбаатар энэ цаг мөчид Монголын хөрсөн дээр тохируулан буулгаа юу гэлтэй. Гамлет өөрийн авга ах Клавдийд зориулан жүжиг тоглуулдаг бол Н.Наранбаатар өнөөгийн төр засагт “хаяглан” жүжгээ дэглэжээ. Тиймээс ч тэрээр зориуд УИХ-ын гишүүдэд урилга өгсөн гэж дуулдсан. Гамлетийн дэглэсэн жүжгийг Клавдий хүлээн авч өөрийгөө олж харсандаа дав хийн цочдог бол Н.Наранбаатарын зочид цочихоос эмээсэн бололтой, ихэнхи нь ирсэнгүй.

Хөшиг нээгдлээ…

Нүсэр тайз, өргөн бүрэлдэхүүн. Аргагүй л хөрөнгө зарцуулсныг илтгэнэ. Нэг хэсэгтээ л хит болж шуугиулсан “Чоно” хамтлагийн “Залуу нас” дууны клипийн гол дүрийг бүтээсэн Ардын жүжигчин Л.Жамсранжав залуу насаа бодох тэрхэн эгшинд С.Болд-Эрдэнээр солигддог шиг өнгөрсөн хийгээд өнөөгийн Гамлетийг энэ хоёр эрхэм л бүтээжээ. Ардын жүжигчин Л.Жамсранжавын бүтээсэн “Гамлет” илүү сонгодог тал руугаа байсан гэлцдэг. Өмссөн хувцас сэлт нь ч тун чиг чамин байж. Харин Наранбаатарын “Гамлет” тун энгийн өмсгөлтэй. Зүгээр л өнөөгийн залуусын нийтлэг өмсдөг нарийн загвартай бараан өмд, хоолойтой цамц, хар ботинкоор Гамлетийг хувцасласан нь жаахан сүр муутай санагдсан. Гэхдээ С.Болд-Эрдэнэ үзэгчдийг өөртөө уусгаж, танхимыг тэр чигт нь өөртөө автуулж чадсан учраас түүний хувцсыг өөнтөглөх хүн гараагүй биз.  Гурван цаг дөчин минут үргэлжилсэн Гамлет үзэгчдийг чилээсэнгүй. 1978 онд Монголд анх удаа Гамлетийг тавих гээд "Малый театр"-ын ерөнхий найруулагч Хейфиц гуайд хандаж байсан гэдэг.  Тэгтэл Хейфиц гуай "Их баярлалаа. Шекспирийг би бага мэднэ. Тийм учраас би балчирдах болов уу. Би Шекспирийн жүжгийг тавьж үзээгүй”. Дэлхийн урлагийн бүтээлүүд дотроос Леонардо да Винчийн "Жокондо", Шекспирийн "Гамлет" хоёрыг нууц нь тайлагдаагүй бүтээл гэж үздэг юм билээ. "Гамлет" бол ерөөсөө бүх жүжгийн зохиолын зул болсон, нууц нь тайлагдаагүй жүжиг юм. Шекспирийн "Гамлет"-ыг уул юм гэж бодоход энэ уулын орой  дээр улаан туг хатгах гэж олон арван уран бүтээлчид авирсан юм. Гэвч орой дээр нь улаан туг хатгасан хүн гэж байхгүй. Тэд цөм булшлагдсан. Дунд нь ч юм уу хаана нь ч юм. Би тэгж булшлагдахыг хүсэхгүй байна" гэж хэлээд  манайхны хүсэлтийг хүлээж аваагүй талаар Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай хуучилсан нь хэвлэлийн хуудаснаа түүх болон үлдэж. 1979 онд Монголын театр 50 жилийнхээ ойгоор Эрдмийн театр болох шалгалтыг “Гамлет”-ийг тавьснаар хангаж байсан гэлцдэг. Тэгэхээр дуртай найруулагч болгон оролдоод байдаг зөөлөн “боорцог” биш гэдэг нь тодорхой. Энэ жүжгийг тавих асар их зориг, бас айдсыг даван туулж, XXI зууны монголчуудыг “Гамлет”-тай учруулсан, УДЭТ-ын авьяаслаг, чадварлаг багт түмэнтээ мэхийе. Та бүхэнд гялайлаа. Гамлет гайхалтай байлаа. Тайз, дүр, бүжиг, хөгжим, дуу, гэрэл чимэглэл, техникийн цогц шийдэл байж чадлаа. Энэ бүхнийг цогцлоосон Н.Наранбаатар найруулагчид гялайлаа. Дээр нь ардын жүжигчин Г.Мягмарнаранд талархахгүй байхын аргагүй. Булшчин өвгөний дүрээр тэрээр мөнх бусын амьдралын мөн чанарыг сэнхрүүлсэн. Буурал жүжигчин өөрөө амьдралын үнэнийг өгүүлээд байна уу гэлтэй, түүний сэтгэлийн гүнээс ундрах үг. Сүнс, чөтгөр гэгчийг төсөөлбөл нээрээ тийм л байдаг болов уу гэмээр сонин мэдрэмж. Ганцаардмал, залуухан Гамлеттай нөхөрлөж, тайтгаруулмаар хүсэл өчигдөр үзсэн Гамлетаас үлдэж. Бас шинэ үеийнхэн Гамлетаар өөрсдийгөө зарлан тунхаглаж чадлаа шүү гэж үеийнхээ залуусаар бахархах, бидний үе иржээ гэж бардамнах бодол үлдээсэн тийм л үдэш байлаа. Драмын дөрөв тааруухан дуулдаг ч сэтгэхдээ өөр юм. Тиймээс л тэд өөрсдийнхөөрөө үзэгчдийг амьсгалуулж чадлаа. Залуу гэгддэг тэдний цаг үе өнөөдөр ирчихэж.

Гомдмоор “интершум”

Монголын театр дэлхийтэй хөл нийлүүлж алхаж буйгаа Гамлетаар дахин баталлаа. Харин монгол үзэгч “Гамлет”-ийг үзэх хэмжээнд бэлтгэгдээгүй юмсанж. Эгээ л хоолны газар байгаа аятай аягладаг нь бахь байдгаараа. Жүжиг эхлэхтэй зэрэгцэн арын суудалд тухалсан ах эгч хоёр шарсан төмс тачигнатал зажилж, дүнгэр дүнгэр ярилцсаар. Дэргэдэх үзэгчид тэр хоёрт илт дургүйцэж, хяламхийж байгааг анзаарав бололтой. Шарсан төмсөө тасралтгүй шажигнуулах нь арай багассан ч бүр байчихсангүй. Жүжгийн үйл явдал нөгөө рүү шилжиж, хөгжмийн хэмнэл өндөрсөх тэрхэн агшинд мань хоёр шарсан төмсөө шажигнуулаад ам руугаа бөөн бөөнөөр нь чихнэ. Хөгжим намдангуут амандаа чихсэн чипсээ идэж дуусгах гэж тачигнуулаад хахна. Хоолойд нь тээглэсэн шарсан төмсөө ходоод руугаа оруулах гэж араас нь ундаа гүд гүд хийтэл залгилаад, хэхрэх нь гутмаар. Энд тэнд цүнх, тор дуугарч, чихрийн цаас шажигнаж, элдэв янзын хоол хүнс үнэртэнэ. Зарим нэг бүдүүлэг этгээдийн замбараагүй хооллолт “Гамлет”-ийг үнэнхүү гутааж байлаа. Бүтэн гурван цаг гаруй үргэлжлэх жүжгийг дуусан дуустал нэг иймэрхүү “интершум” танхимд тасарсангүй. Эцэст нь гадуур хувцсаа авах гэж “алалцсанаар” жүжиг дуусч, өлгүүрийн дараалалд залуус бие биеэ мөрлөж, эгээтэй л нударга зөрүүлэх шахаж байгааг харахад хэнд ч юм гомдох сэтгэл эрхгүй төрлөө. Гэхдээ л “Гамлет” гайхалтай байлаа…

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж