”Тэмүүлэнбаатар”-ын газрыг чөлөөлөхөө түр хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

”Тэмүүлэнбаатар”-ын газрыг чөлөөлөхөө түр хойшлуулжээ

”Тэмүүлэнбаатар”, ”Авзага трейд”-ийн газрыг чөлөөлөхөө түр хойшлуулжээ

Олны хэл амны бай болж элдвээр хэлэгдэж байсан барилгын салбар тойрсон яриа ойрын үед намжаад байна. Энэ нь барилгын компаниуд зөрчил дутагдлаа арилгаж, норм стандарт биелүүлдэг болсон хэрэг бус харин тус салбарын үйл ажиллагаа улирлын чанартай зогссонтой холбоотой. Удахгүй хавар болж барилгын компаниуд үйл ажиллагаагаа эхлэхтэй зэрэгцэн ахиад л элдэв асуудал үүснэ. Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр осол аваар гарч эрдэнэт хүний амь эрсдсэний дараа норм стандарт, дүрэм журам ярьж суухаар энэ салбарын үйл ажиллагаа зогсчихсон байгаа дээр өмнөх асуудлуудаа цэгцэлчихвэл зүгээр л байх. Ядаж л зөвшөөрөлгүй баригдаж байгаа нь тогтоогдсон барилгуудын асуудлыг нэг тийш болгомоор байна. Одоогийн байдлаар нийслэл хотод 545 барилга баригдаж байна. НМХГ-аас эдгээр барилгад шалгалт хийж 172 нь ямар нэгэн зөрчилтэй буюу зөвшөөрөл аваагүй гэж дүгнэсэн. Эдгээрээс “Тэмүүлэнбаатар” болон “Авзага трейд” компани хууль дүрэмгүй мэт загнаж барилгын ажил эхлүүлэхдээ хэнээс ч зөвшөөрөл аваа­гүй байсан юм. Үүнд нь нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл эгдүүцэж “Хэн нэгэн айлын газарт би очоод байшин барьчихвал эзэн нь уурлаад шууд л нураачихна. Гэтэл төрийн мэдлийн газарт ингэж дураар авирлаж болохгүй” хэмээж байв. Ингээд эцэст нь энэ хоёр компанийн газрыг чөлөөлж барилгыг нь нураах захирамжийг гаргасан юм. Гэтэл энэ захирамж одоог хүртэл хэрэгжээгүй байгаа аж. Нийслэлийн Засаг даргын газар чөлөөлөхтэй холбоотой захирамж өнгөрсөн аравдураар сарын 5, 23-ны өдрүүдэд гарсан. Үүнээс хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн боловч ажил болоогүй байгаа төдийгүй хэзээ шийдэх нь ч тодорхойгүй байна.  Уг нь энэ захирамжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг нийслэлийн Газрын алба, НМХГ, Онцгой байдлын газар зэрэг албадын дарга нарт өгсөн байгаа. Энэ захирамжийн хэрэгжилт ямар шатанд явж байгаа талаар нийслэлийн Газрын албаны дэд дарга Б.Энхбаатараас тод­­руулахад “Хууль зөрч­сөн хоёр компа­нийн газ­рыг албадан чөлөө­лөх ажлыг эхлээгүй байгаа. Түр хүлээж бай гэсэн” гэв. Харин хэн гэдэг албан тушаалтан, ямар шалтгаанаар ингэж хэлсэн та­лаар тодорхой зүйл хэлсэнгүй. “Тэмүү­лэн баа­тар” ХХК-ийн хувьд Сон­гинохайрхан дүүргийн 18 дугаар хороо­ны нутагт анх 139 метр квадрат газрын зөвшөөрөл авсан ч ямар нэгэн зөвшөө­рөлгүйгээр дур мэдэн нэмж 375 метр квадрат газарт орон сууц­ны барилга барьж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ компанийн газар эзэмших зөв­шөөрлийг цуцалж зургаан давхар кар­ка­сыг нь нураахаар болсон юм.  Харин “Авзага трейд” ХХК газар эзэм­ших ямар ч зөв­шөөрөлгүй буюу төрийн мэдлийн газарт дур мэдэн барилга барьсан юм. “Авзага трейд” ХХК-ынхан “Тэмүүлэн баатар” компанийнхны адил хотын даргын шийдвэртэй са­нал нийлэхгүй байгаа. Тус хоёр компа­нийнхан өдийг хүртэл хотын даргын шийдвэрийг эсэр­гүүцэж энд тэнд зарга үүсгэж явна. Тэмүүлэн баатар ХХК-ийн хууль зөрчсөн үйлдэл үүгээр зогсохгүй. Өмнө барьж ашиглалтад оруулсан барилгыг нь одоог хүртэл улсын комисс хүлээн аваагүй учраас энэ барилгын оршин суугчид хэд хоног гэрэл, дулаангүй хохирч байв. Мөн одоо барьж байгаа барилгадаа захиалга авч, 100 гаруй тэрбум төргөг иргэдээс авсан байгаа юм. Ямартай ч энэ мэтээр   хотын даргын захирамж хэрэгжиж чадалгүй гацчихаад байна. Мөн энэ захирамжийг хэн гэдэг эрх мэдэлтэн хэрэгжүүлэхгүй гацаагаад байгаа нь тодорхойгүй байгаа юм.

Энэ талаар НМХГ-ын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Э.Мөнхсүхээс цөөн асуултад хариулт авлаа.

-”Тэмүүлэн баатар” ХХК зөв­шөөрөл авсан газраасаа хэтрүүлэн барилга барьж байсан учраас газраа чөлөөлөх болоод байна. Энэ мэтээр зөвшөөрөл авсан газрынхаа хэмжээг хэтрүүлэн нийтийн эзэмш­лийн зам талбайд барилга ба­рих тохиолдол олон байдаг. Энэ барил­гуудын газрыг ч мөн чөлөөлөх үү?

-“Тэмүүлэн баатар” ХХК-тай адил зөвшөөрөл авсан хэмжээнээс хэтрүүлэн барилга барьж байгаа тохиолдол бий. Гэхдээ цөөхөн. Хуулиар бол энэ барилгуудын газрыг ч гэсэн чөлөөлнө. Гэхдээ энэ асуудлыг мэргэжлийн хяналтын байгууллага биш Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн газрын алба шийднэ.

-Ер нь газар чөлөөлөх ажилд НМХГ-ын зүгээс яаж оролцдог юм бэ?

-Манай байгууллагаас ийм хууль дүрэм, норм стандарт зөрчсөн байна буулгах, үйл ажиллагааг нь зогсоо гэх мэт дүгнэлт акт л гаргаж өгнө.

-НМХГ-ын сүүлчийн шалгал­таар нийслэлд 172 барилга зөвшөө­рөлгүй баригдаж байна гэсэн дүн гарсан байна билээ. Эдгээрээс хоё­рыг нь буулгахаар болсон. Буулгах барил­гын тоо цаашид нэмэгдэх байх?

-Тийм. Буулгах барилгын тоо нэмэг­дэх байх. Гэхдээ хэрхэн нэмэг­дэхийг нь хэлж мэдэхгүй байна. Эх­ний ээлжинд зөвшөөрөлгүй нь тогтоогд­сон 80 барилгын эздэд хариуц­лага тооцсон. Цаашид зөвшөөрөлгүй барилгуудыг нэг бүрч­лэн шалгана. Ямар ч дүн гарч магад­гүй.

-Эзэн нь тодорхойгүй 60 га­руй барилга байгаа гэсэн. Эзэн нь тодор­хойгүй гэдэг нь мөн л зөвшөөрөл аваагүй гэсэн үг биз дээ?

-Нийслэлийн хэмжээнд эзэн нь тодорхойгүй барьж байгаад хаяад явчихсан барилга цөөнгүй байна. Холбогдох эзэнгүй, харуул манаагүй, хашаа хайс нь эвдэрчихсэн барилгууд байгаа юм. Эдгээр барилгыг Газ­рын албанаас шүүж үзэхэд эзэд нь тодорхойгүй байсан. Бид дүүргүү­дийн цагдаагийн газруудад хандаж шалгуулж байна.

-Эзэн нь тодорхой болохгүй бай­гаа барилгуудыг нураах уу?

-Эхний ээлжинд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлана. Дараа нь Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж буулгах арга хэмжээг авах байх.

Н.САНЖААСҮРЭН
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж