Тус худалдааны төв дээр очиход гадаа нь байрлах чингэлгүүдийн ихэнх нь хаалгаа нээж, худалдаа наймаагаа хийхээр бэлтгэж байв. Худалдагчдаас “Хаах шийдвэр гарсан. Сонссон уу” гэхэд “Өглөө хоёр, гурван цагдаа ирж хаалгах гэж оролдсон. Бид хаах ч үгүй” хэмээв .
Чингэлэгт худалдаа хийж буй иргэдийн санаа бодлыг сонссон юм.
“Барс” худалдааны төвийн түрээслэгчид:
“Чингэлэгт үйл ажиллагаа явуулдаг гэсэн үндэслэлээр хаах гэж байгаа гэсэн. Бидэнд хөлдөж, муудаад байх бараа бүтээгдэхүүн байхгүй. Будаа, гурил, элсэнчихэр, гоймон л зардаг. “Хүчит шонхор”, “Нарантуул” захууд дээр ч гэсэн чингэлэгт худалдаа хийж байгаа. Яагаад ингэж алаг үзээд байгааг ойлгохгүй юм. “Хүчит шонхор” захын чингэлгүүдийн гадуур тоосго л өрчихсөн болохоос яг адилхан байдаг. Чингэлгийн үйл ажиллагааг зогсооно гэвэл бүх захуудын чингэлгийг хаах хэрэгтэй. Бид ирэх он хүртэл гэрээ байгуулж, түрээсээ төлчихсөн. Бид ч гэсэн гадаа гандаж, худалдаа хиймээргүй байна. Битүү байранд бараа бүтээгдэхүүнээ зармаар байна гээд зураг төслөө гаргаад байр бариулах гэхээр хотын төв магистрал шугаман дээр барилга барих зөвшөөрөл өгөхгүй гэсэн. Иймээс чингэлэгтээ наймаагаа хийхгүй гээд яах юм бэ. Энд 30 гаруй чингэлэг бий. Эдгээр чингэлгийн ард өчнөөн хүний амьдрал байгаа. Бид амьдралаа залгуулж буй энэ чингэлгээ яасан ч хаалгахгүй.
“Барс” захын гадаа худалдаа эрхлэгчдийн санаа бодлыг сонссоны дараагаар тус захын удирдлагуудтай уулзахаар байж байтал Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид захын удирдлагууд болон түрээслэгчидтэй уулзахаар ирэв. Хэсэг хугацааны дараа гурван тал санал бодлоо солилцож ямар арга хэмжээ авахаа ярилцсан юм. Улсын байцаагчид “Барс” компанийн удирдлагуудыг түрээслэгчидтэйгээ учраа олохыг сануулж, ирэх пүрэв гарагт чингэлгүүдийг хаана гэдгээ мэдэгдсэн. Энэ үеэр Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Түмэнхүүгээс “Түрээслэгчид ганцхан яагаад бидний чингэлгийг хаах гээд байгааг олгох юм. “Нарантуул”, “Хүчит шонхор” захууд дээр ч мөн адил чингэлэг байгаа гэж байсан. Бусад захуудын чингэлгийг ч гэсэн хаах уу” гэхэд “Дүүрэг болгон өөрийн гэсэн онцлогтой. Манай дүүрэг “А” зэрэглэлийн бүс учраас ингэхээс өөр аргагүй. Бусад дүүргүүд ч мөн адил шалгалт хийх байх” гэсэн юм.
“Барс импекс” компанийн дэд захирал М.Эрдэнэчимэгээс түрээслэгчиддээ ямар арга хэмжээ авах талаар тодруулахад “Өнгөрсөн лхагва гарагт чингэлгийнхээ үйл ажиллагааг албан ёсоор зогсоо гэсэн акт Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс ирсэн. Манай энд 25 чингэлэг үйл ажиллагаагаа явуулдаг. Борлуулж байгаа бүтээгдэхүүн нь хурдан мууддаг бүтээгдэхүүн биш. Гурил, будаа гэдэг үүднээс чингэлгүүдийн үйл ажиллагааг байлгая гэж үзэж байгаа. Учир нь түрээслэгчдийн ихэнх нь банкны зээлтэй, түрээсээ төлчихсөн. Иймээс өөрийн байгууллагын албан тоотыг Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст хүргүүлэхэд “Хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн хариу өгсөн. Энэ ч утгаараа өнөөдөр ирсэн байна. Тэд ирэх пүрэв гарагт чингэлгийн үйл ажиллагааг зогсоохгүй юм бол албадангаар өөр тийш нь холдуулна гэсэн шийдвэр гарч байх шиг байна. Манай компанийн ерөнхий захирал гадаад руу томилолтоор явчихсан байгаа болохоор тэгнэ ингэ гээд хэлчихэж болохгүй байна. Ерөнхий захирал хэлэхдээ “Би очиж байгаад шийдье. Чи өөрийнхөө хүрээнд зохицуулж бай” гэсэн. Уг нь манай компанид өнгөрсөн тавдугаар сард албан шаардлага нь ирсэн. Бид тэр даруйд нь барилга барих гээд зураг төслөө гаргаад зөвшөөрөл авах гэсэн чинь өгөөгүй. Тэгэхээр нь зөвшөөрөл өгдөггүй юм бол түр барилгын асуудлыг шийдээд өгчих гэхэд газар доогуур шилэн кабель явдаг гэсэн. Ямар ч байсан өнөөдөр ерөнхий захиралтайгаа холбогдож байгаад яах эсэхээ шийднэ. Үнэхээр чингэлгүүдийг албадан шилжүүлж, үйл ажиллагааг нь зогсоовол түрээслэгчдийнхээ хохирлыг манай компани барагдуулна” хэмээн ярьсан юм.
Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс “Барс” захын үйл ажиллагаанд гүйцэтгэлийн шалгалт хийж, гадаа худалдаа эрхэлж буй 25 чингэлгийн үйл ажиллагааг зогсоохоор болсон. Энэ талаар Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн ахлах байцаагч Ч.Түмэнхүүгээс тодрууллаа.
-Ямар учраас чингэлгүүдийг хаах шийдвэр гарсан бэ?
-Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс “Барс” захын үйл ажиллагаанд гүйцэтгэлийн шалгалт хийсэн. Энэхүү шалгалтаар өмнөх шалгалтуудад өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хүнсний болон ургамал хамгааллын тухай гэх мэт төрийн хяналт шалгалтын хуулиудын хэрэгжилт ямар төвшинд явж байгааг шалгасан. Шалгалтаар өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлт 50 хувьтай хангагдсан нь илэрсэн. Ялангуяа жимс, жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүний агуулахад засвар үйлчилгээг сайжруулж, агааржуулалтын тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн сайн талууд илэрсэн. Харин “Барс маркет” худалдааны төв болон гадаа чингэлэгт худалдаа хийж буй зөрчил нь ерөөсөө арилаагүй байсан. Иймд манайхаас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16.1.2 заасны дагуу төрийн байгууллагаас өгсөн үүрэг даалгавар, албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй гэсэн үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авч, чингэлгийн үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох шийдвэр гаргасан. Үүнд 25 чингэлэгт будаа, гурил, элсэн чихэр, ургамлыг тос худалдаалж байгаа юм. Энэ нь хүйтний улиралд хөлдөж муудах гэх мэт хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа учраас хаах шийдвэр гаргасан. Мөн чингэлэг гэдэг нь өөрөө худалдаа үйлчилгээ явуулах ажлын байр биш. Чингэлэг зөвхөн бараа бүтээгдэхүүн тээвэрлэх, хадгалах зориулалттай байдаг. Түүнчлэн гадаа чингэлэгт худалдаа эрхэлж буй хүмүүсийн эрүүл мэнд аюулгүй байдлыг бодож, худалдаа эрхлэхийг хориглосон. Баянгол дүүрэгт долоон хүнсний зах үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр захууд дунд “Барс” худалдааны төв шиг чингэлгээр худалдаа хийдэг захууд байхгүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас өнгөрсөн гуравдугаар сард шалгалт хийхдээ чингэлгээр худалдаа хийхээ зогсоо гэсэн үүрэг даалгавар өгөөд байхад саяны шалгалтаар биелүүлээгүй байсан. Иймээс өнгөрсөн пүрэв гарагт тус худалдааны төвийн удирдлагуудыг дуудаж, улсын байцаагчийн нарын хамтарсан актыг хүргүүлсэн.
-Чингэлэгт худалдаа хийж буй иргэд хаах шийдвэрийг эсэргүүцэж байгаа?
-“Барс” худалдааны төвийн гадаа үйл ажиллагаагаа явуулж буй 25 чингэлгийн эзэд төрийн болон бусад хяналтын байгууллагатай гэрээ хийгээгүй. Бүх хариуцлагыг “Барс” худалдааны төвийн удирдлагууд л үүрэх ёстой. Яагаад гэхээр зөвшөөрөлгүй газар чингэлгээр худалдаа хийлгэж байгаа. Чингэлгийн худалдааг зогсоож түр байранд оруулах, аль эсвэл өөр байр барих эсэхийг “Барс импекс” компани хариуцна.
-Өмнө нь шалгалт хийж байхад ямар зөрчил илэрсэн бэ?
-Жимс жимсгэнэ, төмс хүнсний ногооны 60 хувийг “Барс” компани хариуцдаг. Хөдөө орон нутгийнхан болон нийслэлд үйл ажиллагаагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд “Барс” худалдааны төвөөс л авдаг. Ерөнхийдөө өмнөх шалгалтаар дээрх бүтээгдэхүүний агуулахуудын ариун цэвэр, эрүүл ахуйн байдал маш муу байсан. Энэ онд хэд хэдэн удаа шалгалт хийсний үр дүнд дээрх зөрчлүүдийг арилгуулсан.
-Заасан хугацаанд үйл ажиллагаагаа зогсоохгүй байвал ямар арга хэмжээ авах бэ?
-Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд улсын байцаагчийн албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140 мянга 400 төгрөгийг 2-4 дахин нэмэгдүүлсэн хэмжээний арга хэмжээг тооцно. Мөн тухайн байгууллага түрээслэгчидтэйгээ ойлголцож, хаах арга хэмжээг авахгүй бол үйл ажиллагааг нь зогсоохын тулд чингэлгүүдийг лацдана. Үүнийгээ ч сануулсан.
-Мэргэжлийн хяналтын улсын байцаагчдын албан шаардлагыг нэр бүхий томоохон компаниуд биелүүлдэггүй тал ажиглагддаг. Ийм зүйл болох юм биш биз?
-Ийм зүйл болохгүй. Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс чингэлгийн үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хоёр ч удаа хүргүүлж байсан. Өмнө зогсоогоогүй байхад нь торгууль тавиад л өнгөрдөг байсан. Одоо бол өөр.
Ямартай ч ирэх пүрэв гарагт “Барс” захын гаднах чингэлэг байх уу, байхгүй юу гэдгийг харах үлдэж байх шиг байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин