СЕХ биш тойргийн хороод бүх асуудлыг хариуцна

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

СЕХ биш тойргийн хороод бүх асуудлыг хариуцна

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор орон нутагт сонгуулийн үйл явцтай холбоотой асуудлууд ар, араасаа хөвөрч эхэлсэн. Тухайлбал, Хөвсгөл аймагт МҮАН-ын гишүүдийн нэрийг бүртгээгүйгээс болж МҮАН-ын гишүүд өнгөрсөн долоо хоногт өлсгөлөн зарласан. Өнөөдөр ч энэ бүхэн үргэлжилсээр байгаа.  Харин тус аймгийн сонгуулийн тойргийн хорооны зүгээс “Асуудлыг шийдсэн” хэмээн мэдэгдэж байгаа юм. Орон нутгийн хурлын сонгуультай холбоотой аливаа асуудлыг тухайн газрын орон нутгийн сонгуулийн тойргийн хороо шийдэх бүрэн эрхтэй. Учир нь Сонгуулийн ерөнхий хороо орон нутгийн хурлын сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцох эрхгүй юм. Тиймээс ч УИХ-ын гишүүд орон нутгийн хурлын сонгуульд хамаг анхаарлаа хандуулан газар дээр нь ажиллахаар тус бүр тойргийнхоо зүг хүлгийн жолоо залаад байгаа билээ. Орон нутгийн хурлын сонгуультой холбоотой гарч буй асуудлуудыг хэрхэн шийдэх талаар Сонгуулийн ерөнхий хорооныхноос лавлахад “Сонгуулийн ерөнхий хороо бол УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг гардан зохион байгуулах үүрэг бүхий газар. Харин орон нутгийн хурлын сонгуулийг тухайн орон нутгийн сонгуулийн тойргийн хороо гардан зохион байгуулах үүрэгтэй. Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс зөвхөн мэргэжлийн чиг үүрэг өгч ажиллах төдий эрхтэй” хэмээсэн хариултыг өгч байгаа юм.

Гэхдээ энэ удаагийн орон нутгийн хурлын сонгуулийн үйл ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хороо доорх байдлаар оролцсон байна. Тухайлбал, тойргийн хороод саналын хуудасныхаа загварыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтарч гаргасан аж. Одоогийн байдлаар орон нутгийн хурлын сонгуулиар ашиглах саналын хуудсыг орон нутгуудад тараах ажил  ид өрнөж байгаа юм байна. Мөн энэ удаагийн сонгуулиас эхлэн аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаанд тусгай таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийг ашиглахаар болсон гэнэ. Тиймээс энэхүү таних тэмдгийн загварыг орон нутгийн сонгуулийн тойргийн хороодоос ирүүлсэн саналын дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос батлан гаргаад мөн л тойргийн хороодод илгээх ажлыг зохион байгуулаад байгаа юм байна. Дээрх хоёроос бусад асуудлыг орон нутгийн хурлын сонгуулийн тойргийн хороод  өөрсдөө хариуцан ажиллаж байгаа аж.

БАЯНЗҮРХИЙН ДАХИН САНАЛ ХУРААЛТЫН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАЖЭЭ

УИХ-ын 2012 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг, УИХ-ын гишүүн асан Д.Арвин нар сонгогчдын саналыг хангалттай авч чадаагүй учир тус дүүрэгт дахин санал хураалт явуулах шийдвэр гаргасан. Баянзүрх дүүргийн сонгуулийн тойргийн хороо уг дахин санал хураалтыг орон нутгийн хурлын сонгууль болох энэ сарын 21-ний өдрөөр тогтоогоод байгаа юм. Тус дүүргийн сонгуулийн тойргийн хороо болон Сонгуулийн ерөнхий хорооноос үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг одоо хангаж байгаа ажээ.

СОНГИНОХАЙРХАНЫ СОНГУУЛИЙН ТОЙРГИЙН ХОРОО ШҮҮХИЙН ШИЙДВЭР ХҮЛЭЭЖ БАЙНА

Нөгөөтэйгүүр, УИХ-ын 2012 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар, АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр нар мөн л сонгогчдын саналыг хангалттай авч чадаагүй. Тиймээс тус дүүрэгт мөн л дахин сонгууль явуулахаар болоод байсан. Дахин сонгуулийн товыг тус дүүргийн сонгуулийн тойргийн хорооноос энэ сарын 21-нд гэж зарласан ч шүүхийн шийдвэр гараагүй байгаа учир уг товыг хойшлуулж магадгүй байдалд ороод байгаа аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахин санал хураалтыг хойшлуулсан гэж байгаа ч санал хураах өдрөөс өмнө шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд дахин санал хураалтыг орон нутгийн хурлын сонгуулийн санал хураах өдөр зохион байгуулах боломжтой юм байна. Ардчилсан намаас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр “УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдын саналыг тоолохдоо алдаатай тоолсон” хэмээн үзэж, Нийслэлийн захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм.

Р.САРАНГОО
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж