Гэхдээ энэ удаагийн орон нутгийн хурлын сонгуулийн үйл ажиллагаанд Сонгуулийн ерөнхий хороо доорх байдлаар оролцсон байна. Тухайлбал, тойргийн хороод саналын хуудасныхаа загварыг Сонгуулийн ерөнхий хороотой хамтарч гаргасан аж. Одоогийн байдлаар орон нутгийн хурлын сонгуулиар ашиглах саналын хуудсыг орон нутгуудад тараах ажил ид өрнөж байгаа юм байна. Мөн энэ удаагийн сонгуулиас эхлэн аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаанд тусгай таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийг ашиглахаар болсон гэнэ. Тиймээс энэхүү таних тэмдгийн загварыг орон нутгийн сонгуулийн тойргийн хороодоос ирүүлсэн саналын дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос батлан гаргаад мөн л тойргийн хороодод илгээх ажлыг зохион байгуулаад байгаа юм байна. Дээрх хоёроос бусад асуудлыг орон нутгийн хурлын сонгуулийн тойргийн хороод өөрсдөө хариуцан ажиллаж байгаа аж.
УИХ-ын 2012 оны сонгуулиар Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг, УИХ-ын гишүүн асан Д.Арвин нар сонгогчдын саналыг хангалттай авч чадаагүй учир тус дүүрэгт дахин санал хураалт явуулах шийдвэр гаргасан. Баянзүрх дүүргийн сонгуулийн тойргийн хороо уг дахин санал хураалтыг орон нутгийн хурлын сонгууль болох энэ сарын 21-ний өдрөөр тогтоогоод байгаа юм. Тус дүүргийн сонгуулийн тойргийн хороо болон Сонгуулийн ерөнхий хорооноос үүнтэй холбоотой бэлтгэл ажлыг одоо хангаж байгаа ажээ.
Нөгөөтэйгүүр, УИХ-ын 2012 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар, АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр нар мөн л сонгогчдын саналыг хангалттай авч чадаагүй. Тиймээс тус дүүрэгт мөн л дахин сонгууль явуулахаар болоод байсан. Дахин сонгуулийн товыг тус дүүргийн сонгуулийн тойргийн хорооноос энэ сарын 21-нд гэж зарласан ч шүүхийн шийдвэр гараагүй байгаа учир уг товыг хойшлуулж магадгүй байдалд ороод байгаа аж. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дахин санал хураалтыг хойшлуулсан гэж байгаа ч санал хураах өдрөөс өмнө шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд дахин санал хураалтыг орон нутгийн хурлын сонгуулийн санал хураах өдөр зохион байгуулах боломжтой юм байна. Ардчилсан намаас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр “УИХ-ын сонгуулийн үеэр сонгогчдын саналыг тоолохдоо алдаатай тоолсон” хэмээн үзэж, Нийслэлийн захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа юм.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин