Чуулга уулзалт өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Чуулга уулзалт өндөрлөлөө

Төрийн ордонд болсон Хуулийн салбарын шинэчлэлт сэдэвт чуулга уулзалт өндөрлөлөө.

Чуулга уулзалтын үеэр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хуулийн салбарын шинэчлэлийн хүрээнд хэв журам сахиулах болон мөрдөх албыг бэхжүүлнэ гэлээ. Хэв журам хариуцсан албыг орон нутагтай нь холбож иргэдийн хяналтад оруулна. Харин мөрдөх алба нь эрүүгийн хэргийг мөрдөж шалгаж байх учиртайг сайд тайлбарласан юм. Иргэд хилээр нэвтэрч зорчихдоо цахим бүртгэлтэй, гадаад паспортыг ч цахимжуулж тав тухтай үйлчлүүлж байх ёстой гэлээ.

Тэрээр мөн төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг Хууль зүйн яамны харьяаллаас гаргаж Батлан хамгаалах яамны мэдэлд шилжүүлснийг тайлбарлахдаа ижил чиг үүрэгтэй эмнэлгүүдийг нэгтгэн Зэвсэгт хүчний клиникийн төв госпитальтай нийлүүлсэн нь эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй болсон гэж байлаа. “Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн эмч нар дулаан хотод, дулаан орчинд шигдэж ажилладаг. Тийм байж таарахгүй” гэж сайд хэлж байлаа. Саяхан Завханд хилчин шархдахад түүнд үйлчлэх ёстой хүмүүс нь тэд байсан ч тэд бололцоогоо ашиглаагүй байна.

Чуулга уулзалтыг хааж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэллээ. Ерөнхий сайд үгэндээ шүүхийн шинэтгэлийг хангах багц хуулийг санаачлан УИХ-аар батлуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлсэн юм. Үүгээрээ Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн шинэчлэлтийг эхлүүлсэн гэж үзэж буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ. Үүгээр чуулга уулзалтын үйл ажиллагаа өндөрлөв.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж