Хятадын Коммунист намын 18 дугаар их хурал өнгөрсөн долоо хоногт эхэлсэн. Энэ үеэр 1.3 тэрбум хүн амтай энэ гүрнийг дараагийн 10 жил удирдах Ши Жинпин, Ли Кэцян нарт албан ёсоор эрх мэдлийг нь хүлээлгэн өгч байгаа билээ. Тэдний хувьд шийдвэрлэх асуудал олон бий. Үүнээс эдийн засгийн бодлого, тэр дундаа Ху Жинтао, Вэнь Зябао нарын толгойны өвчин болсон асуудлыг хэрхэхээр төлөвлөж байгаа нь нэлээд анхаарал татахаар юм.
Одоогийн байдлаар Хятадын эдийн засаг экспортоос их хамаарч байгаа. Үүний зэрэгцээ эрх баригчид нь дотоодын зах зээлд түшиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжихэд нэлээд анхаарах болжээ. Гэхдээ иргэдийнх нь хэрэглээ хэчнээн ихэслээ ч тэр нь эдийн засгийн өсөлтийнх нь дөнгөж гуравны нэгийг бүрдүүлэхээр хэмжээнд очоод байгаа. Харин АНУ-ын зах зээл дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь гуравны хоёр хэсгийг бүрдүүлдэг. Чухам энэ нь л америкчуудын ихэнх нь боломжийн амьдралтай дундаж давхаргынхан байхад Хятадад баян, ядуугийн ялгаа маш их байгааг нотолж байна.
Гэхдээ Хятадын эрэлт нэмэгдсээр байгааг онцлох хэрэгтэй. Тус улсад үйлдвэрлэсэн тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүнүүд “Chanel”, “Louis Vuitton”, “Prada”-ын дайтай борлогдож байна. Үүнтэй зэрэгцээд нэг сая ам.долларын хөрөнгөтэй хятадуудын тоо ойрын гурван жилд 2.5 дахин өснө гэх тооцоог “CNN”-ийн шинжээчид гаргаж байв. Гэхдээ тэд чинээлэг давхрагынхан болохоос дунджууд биш. Хятадын эрх баригчид бол эдийн засгийн хөгжлөө тогтвортой барихын тулд дунджуудын тоог нэмэхэд онцгой анхаарч байгаа юм. Одоогийн байдлаар Хятадад 6-15 мянган ам.долларын орлоготой 350 сая хүн бий гэх. Харин Коммунист намын хурлын үеэр энэ тоог 2020 он гэхэд 600 сая болгоно гэх том шаардлагыг залуу удирдагчдад тавьжээ. Тэгэхээр ирэх 10 жилд тэдний хийх гол ажил нь дундаж давхаргынхны хүрээг тэлэх явдал юм. Гэхдээ энд бас нэг асуудал бий. Энэ талаар Хятадын зах зээлийн судалгааны группийн захирал Шон Рэйн дараах байдлаар тайлбарласан байна.
“Хятадын өнөөгийн нийгэм дэх дундаж давхаргынхан америкчуудаас тэс ондоо. АНУ-д бол хэрэв эцэг эх, эмээ өвөө чинь цэнхэр захтай ажилчид бол чи тэднээрээ бахархдаг. Чамд тэр гэр бүлээс өвлөсөн шинж тэмдэг байдаг. Бас чи жирийн дэлгүүрээр хэсэхдээ дуртай байдаг. Харин Хятадад бол тийм зүйл огт байхгүй. Энд хүн бүр “Би удахгүй баяжна” гэж л хэлдэг” хэмээн Ш.Рэйн дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, сэтгэлгээний хувьд эрс ялгаатай нийгэм, хүмүүс байгаа гэсэн үг юм. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд нэлээд хугацаа шаардагдана гэх тайлбарыг зарим шинжээч хийдэг. Нөгөө талаас Хятадын хэрэглэгчид гадны брэндүүдийг илүү их сонирхдог гэх судалгаа ч бий.
“McKinsey & Company”-ийн шинжээчид үүнийг хятадуудын электрон барааны хэрэглээн дээр үндэслэн тайлбарлажээ. Ийм тохиолдолд үндэстэн дамнасан корпорациуд тус улсад байр сууриа олоход тун хялбархан болчихож байгаа юм. Тухайлбал, “Женерал Моторс” компанийн автомашин Хятадын зах зээлд хамгийн их борлогджээ.
Коммунист намын 18 дугаар их хурал эхлэх үеэр буюу өнгөрсөн долоо хоногт Ху Жинтао нэгэн мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр Хятадын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2020 он гэхэд 2010 оны түвшингээс хоёр дахин нэмэх зорилт тавьснаа дахин сануулсан. Олон улсын валютын сангаас гаргасан мэдээлэд дурьдсанаар бол 2010 онд тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 4423 ам.доллар байв. Гэхдээ Ху Жинтаогийн хэлсэн хамгийн сонирхолтой дүгнэлт нь “Тэнцвэргүй, тогтворгүй хөгжил бий болчихоод байгаа нь л хамгийн том асуудал” гэсэн нь юм.
Өнөөдөр Хятадын эдийн засгаас дэлхий дахин хамаарах болсон. Тиймээс уналт, сэргэлт нь олон улсын шинжтэй асуудал болсон гэсэн үг. Тиймээс “Хятад урагшилбал дэлхий урагшилна” номын зохиогч Карл Герт “Ху Жинтаогийн үгэнд дурьдагдсан тэр тогтворгүй байдал нь хэр их байгаа вэ гэдэг нэлээд анхаарал татахаар байна” хэмээн дүгнэжээ. Хятадын эдийн засагт өөр асуудал мундахгүй олон байгаа.
Мужуудынх нь өр нэмэгдэж, арилжааны банкууд нь чанаргүй зээл их хэмжээгээр гаргаснаас болж алдагдалд орсон. Үнийн хөөрөгдлөөс сэргийлж эдийн засгийн хөргөх бодлого явуулж байсан боловч аажимдаа түүнээсээ татгалзаж буцаад тэлэх бодлого руугаа орж байгаа. Дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд зориулж их хэмжээний мөнгө төсөвлөсөн зэрэг нь мөнөөх л дундаж давхарга руу чиглэсэн бодлогынх нь нэг хэсэг бололтой.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин