СЕХ-оос зөвлөмж хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

СЕХ-оос зөвлөмж хүргүүллээ

Сонгуулийн ерөнхий хорооноос   Аймаг, дүүргийн сонгуулийн хороодын дарга нарт хандаж  зөвлөмж хүргүүлсэн байна.

Уг зөвлөмжид  Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор, сонгуулийн автоматжуулсан системийг ашиглан зохион байгуулах гэж байгааг, түүнчлэн энэ удаагийн сонгууль анх удаа өвлийн улиралд явагдаж байгаатай холбоотойгоор сонгогчдын ирц бүрдүүлэх ажилд аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороод болон тухайн орон нутгийн Засаг дарга, төрийн холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа чухлаар тавигдаж байгааг онцолсон байна. Ялангуяа цаг агаарын эрс хүйтрэл, нийт нутгаар орсон цас, хур тундасны хэмжээ их байгаа энэ онцгой нөхцөл байдлыг харгалзаж Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэний сонгох, сонгогдох эрхийг хангах талаар дараах шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Аймаг, дүүргийн сонгуулийн хороодын дарга нарт анхааруулсан байна.

Мөн сонгогчдыг санал өгөх, сонгуульд оролцохыг уриалсан сурталчилгааны ажлыг өргөн зохион байгуулж, сонгогчдын оролцоо, ирцийг хангах ажлын талаар аймаг, дүүргийн сонгуулийн хорооноос нэгдсэн төлөвлөгөө гарган сум болон хэсгийн хороодод чиглэл өгч ажиллах нь чухал байна гээд санал авах байр бэлтгэх, тээвэр холбооны болон бусад шаардлагатай машин, техник хэрэгслээр хангах талаарх хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллах талаар тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргад албан бичиг явуулж хамтран ажиллахыг зөвлөжээ.

Тойргийн хороод санал авах байр, сонгогчийн бүртгэл, санал авах, тоолох машин, саналын хуудасны бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, галын аюул болон осол аваараас урьдчилан сэргийлж ажиллахын зэрэгцээ зам, даваа хаагдах, хальтиргаа, гулгаа үүсэх зэрэг эрсдэлийг тооцож бензин шатахуун нөөц бүрдүүлэх болон туулах чадвар бүхий тээврийн хэрэгслээр хангах ажлыг зохион байгуулах талаар тухайн шатны Засаг даргад үүрэгдсэнийг онцолжээ.

Аймгийн сонгуулийн хороод хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж алслагдсан баг, сумдын сонгогчдын саналыг авах ажилд шаардлагатай хүн хүч, машин техникийг бэлтгэж цас арилгах, зам гаргах зэрэг тухайн нөхцөл байдалд шаардлагатай арга хэмжээг хуулийн дагуу шуурхай авч, иргэдийн санал өгөх нөхцөл бололцоог хангаж ажиллахыг СЕХ-оос зөвлөсөн байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж