Кино сонирхогчдын дунд хүлээлт үүсгээд байсан цус сорогч, хүн чононуудын тухай өгүүлэх "The Twilight” цуврал киноны сүүлчийн анги "The Twilight Saga: Breaking Dawn” үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсноо зарлан, өчигдөр АНУ-ын Лос-Анжелес хотын “Nokia” театрт нээлтээ хийжээ. "The Twilight Saga: Breaking Dawn – Part 2" киноны нээлтийн улаан хивсний ёслолд тус киноны од жүжигчин Кристен Стюарт, Роберт Паттинсон, Тэйлор Лотнер, Дакота Фэннинг, Жексон Рэтбоун зэрэг алдартнууд болон киноны найруулагч, продюсер зэрэг арын албаныхан хүрэлцэн ирсэн байна. Энэхүү улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн нэрт жүжигчид дундаас гол дүрийн жүжигчин Кристен Стюарт биений өнгөтэй торон нэхээстэй, тачаангуй даашинзаар гангарснаараа онцгойрч байсан бөгөөд тэрээр “Шинэ кино үзэгчдийн сэтгэлд нийцэнэ.” гэдэгт итгэлтэй байгаа тухайгаа ярьжээ. "The Twilight” цувралын шинэ ангид охин Ренезмээгээ төрүүлж, цус сорогч болох хүслээ биелүүлэн шинэ хүч, шинэ амьдрал, гэр бүлийн хайранд бялхаж байсан Беллад дахин шинэ аюул нүүрлэж буй тухай өгүүлнэ. Цаашлаад киноны үйл явдал Белла болон түүний цус сорогч, хүн чонон найзууд Ренезмээ охиныг хамгаалахын тулд Валтюригийнхантай тулаан хийх болсноор үргэлжилдэг байна. “Summit” энтертайнментийн бүтээл "The Twilight Saga: Breaking Dawn – Part 2" кино ирэх баасан гаригт буюу 16-нд дэлхий дахины кинотеатруудад нэгэн зэрэг нээлтээ хийх юм.
Б.АНХТУЯА