Газрын маргаанаар хотын даргад хандлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Газрын маргаанаар хотын даргад хандлаа

Нийслэлийн Баянгол, Баянзүрх дүүргийн иргэд газрын маргаантай асуудлаар хэвлэлийнхэнд хандлаа. Энэ талаар Тэд өнөөдөр 11.00 цагт Монголньюс мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Газрын маргааны асуудлаар иргэд хороо, дүүрэгтээ хандсан ч асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаа учраас “Зүтгэл, сэтгэл эх орон” нийгэмлэгийхэнд хандсан байна. 

Сүүлийн үед газрын маргаантай асуудал хэрээс хэтэрч газраа чөлөөлөхгүй бол гэрийг нь шатаана гэх мэтээр эд хөрөнгөнд нь халдах, дарамтлах явдал олон гарч байгаа гэнэ. Баянгол дүүргийн 18-р хороонд автомашины грашийн зориулалтаар ашиглаж байсан газрыг орон сууцны зориулалтаар ашиглахаар газрын зөвшөөрлийг Баянгол дүүргийн хуучин Засаг дарга нь өгсөн байна. Одоогоос 10 жилийн өмнө энэ газрыг автомашины грашийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгосон. Харин энэ газрыг нь автомашины грашийн зориулалтаар түрээслэж байсан компани нь хууль бусаар барилга барих компанитай гэрээ хийн худалдсан аж. Баянгол дүүргийн 18-р хороонд 160 гаруй өрх амьдардаг бөгөөд эдгээр өрхийн эрх ашгийг зөрчиж барилга барих гэж байгаа учраас тэд дээрхи нийгэмлэгт ханджээ.

Мөн Баянзүрх дүүргийн 10-р хорооны иргэн Б.Зоригтыг газраа чөлөөлөхийг шаардаж, элдвээр дарамталж байгаа гэнэ. Тус айлын газрыг ямар зориулалтаар ашиглах гэж байгаа нь тодорхойгүй хэрнээ тэднийг газраа чөлөөлөхийг хэсэг бүлэг хүмүүс гэрт нь ирж дарамталдаг болсон гэж. Гэрийг нь шатаана, хүүхдүүдийг чинь оролдоно гэх мэтээр дарамталж байгаа гэнэ. Мөн гэрийнх нь хаалга, машиныг нь эвдлэх зэргээр танхайрсан гэнэ. Энэ мэт олон удаа хүмүүсийг дарамтлах тохиолдол гарч байгаа гэж “Зүтгэл, сэтгэл эх орон” нийгэмлэгийхэн үзэж байгаа аж. Тэд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон нийслэлийн Газрын албаны дарга М.Батсайхан нарт хандаж, энэ асуудлыг шийдвэрлэх хүсэлт хүргүүлж байгаа гэлээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж