Евро бүсийн эдийн засагт Герман нөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Евро бүсийн эдийн засагт Герман нөлөөлөв

Евро бүсийн эдийн засаг аажим, аажмаар сайжирч байгаа гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхлэв. Ийнхүү сайжрах болсон шалтгаан нь хямралтай байгаа бүх орон дор бүрнээ төсвөө танаж, илүү зардал гаргаагүйтэй холбоотой гэж эдийн засагч тайлбарлаж байна. Өрийн хямралтай байсан зарим орны эдийн засгийн өсөлтийг хязгаарласан нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гэх хүн ч бий. Олон улсын валютын сан энэ оны болон ирэх жилийн дэлхийн эдийн засгийн өсөлтийн хандлагыг тодорхойлов. Мэдээж одоогийн өсөлтийн үзүүлэлтээс дараа жилийн хандлагыг ойролцоогоор таамаглаж буй. Ямартай ч ойрын хоёр жилийн хугацаанд дэлхийн эдийн засаг өсөх таатай мэдээ гарсан.  Гэвч Европын өрийн хямрал ирэх онд бүрэн дуусахгүй гэсэн шалтгаанаар шатахууны үнийн өсөлт эдийн засгийн одоогийн өсөлтөд нөлөөлнө гэдгийг сэрэмжлүүлж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засгийн ойрын хоёр жилийн өсөлтөд шатахууны үнэ сөргөөр нөлөөлөх аж. Гэхдээ шатахууны үнэ өссөн ч их гүрнүүд үнийг хөөрөгдүүлэхгүй байх талаас нь анхаарах бололтой. Тэр дундаа Евро бүсийн орнуудын эдийн засаг сайжирч байгаа энэ үед шатахууны үнэ өсөх нь бүр ч таагүй нөхцөл байдал авчирч магадгүйг ОУВС-гийн эдийн засагчид Евро бүсийн орнуудын төлөөлөгчдөд анхааруулсаар байна.
Олон улсын валютын сангийн тооцоолж буйгаар энэ жил дэлхийн эдийн засаг 3.5 хувиар, дараа жил 4.1 хувиар өсөх урьдчилсан таамаг гарсан. Дээрх тоог өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан тооцоотой харьцуулахад эдийн засгийн өсөлтийн хувь ялимгүй нэмэгдсэн байв. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа нь Евро бүсийн хямралтай байгаа орнуудын эдийн засаг сайжирч байгаатай холбоотой гэдгийг тайланд онцолжээ. Мөн гэнэтийн эрсдэл болохгүй бол энэ байдал үргэлжилнэ гэдгийг ч анхааруулсан байна. Тэдний үзэж буйгаар Евро бүсийн эдийн засгийн өсөлтийг хөдөлгөгч хүч нь Герман улс. Харин Дэлхийн эдийн засгийн хөдөлгөх хүч нь БНХАУ хэвээрээ гэдгийг цохон тэмдэглэжээ. БНХАУ-ын эдийн засаг энэ жилийн байдлаар 8.2 хувь, дараа жилд 8.8 хувь хүртэл өсөх хандлагатай байна. Европ өрийн хямралтай, санхүүгийн бага зэрэг гачигдалтай байгаа энэ үед тус тивийн экспортын хэмжээ буурсан ч дотоодын хэрэглээ, гадны хөрөнгө оруулалтын тусаар өдийг хүрсэн нь үнэн юм.

Европын улсуудаас хамгийн хүнд нөхцөлд байгаа Грек улсын хувьд олон улсын зээлдэгч байгууллагын зүгээс энэ жил асар их хэмжээний санхүүгийн тусламж авсан. Үүний ачаар эдийн засаг сэргэх замдаа орсон. Эдийн засгийн нөхцөл байдал нь өнгөрсөн нэг сараас хамаагүй дээрдсэн талаар “Bloomberg” онцолсон юм. Энэ сарын эхээр Европын төв банк, Европын холбоо болон ОУВС-гийн төлөөлөгчид тус улсад өнгөрсөн тавдугаар сард олгосон 110 тэрбум еврогийн зээлийн хэрэгжилттэй бүрэн танилцаад “Эхнээсээ үр ашгаа өгж байгаа. Эдийн засгийн нөхцөл нь сайжирч байгаа” гэсэн дүгнэлт хийсэн. Тиймдээ ч хэвлэлийн бага хурлын үеэр “Грекийн эдийн засаг зээл дээр тулгуурлаж байгаа ч хөгжиж байна. Мөн шийдвэрлэх ёстой асуудлууд байгаа ч нааштай үр дагавар харагдаж байна. Грек улс төсвийн алдагдлыг бууруулах ажлыг амжилттай хэрэгжүүлж  байна” хэмээн мэдэгдсэн. Хамгийн гол нь Грек улсад одоо ажлын байр яаралтай хэрэгтэй байгааг тус улсын Сангийн яамныхан мэдэгдсэн. Мөн цалин хөлсний асуудал болон инфляци сайжрах шатандаа орсон нь тус улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх болно гэдгийг ч онцолжээ.

Грекийн эрх баригчид 2014 он гэхэд алдагдлыг гурван хувиас бага байлгахаар төлөвлөж буйгаа  ОУБС-гийн төлөөлөгчдийг хүрэлцэн ирэх үед амласан аж. Грекийн тэтгэмжийн бодлогод өөрчлөлт оруулсан зэрэг зөв хөтөлбөр боловсруулсны ачаар тус улсын хөгжилд нааштай үр дагавар харагдаж, эдийн засгийн алдагдал гурав дахин бага болсон” гэж зарим эдийн засагч дүгнэж байна.

Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын үеэр банкны салбарт их хэмжээний мөнгө оруулсан ч тэр нь ашиггүй болж, эдийн засгийн уналтын гол шалтгаан болсон гэдгийг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд өнгөрсөн долоо хоногт өгсөн ярилцлагадаа дурьджээ. Харин Ирландын Сангийн сайд Брайн Ленихан өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт ОУВС-гаас 100 тэрбум еврогоос бага хэмжээний зээл авах хүсэлтэй байгаа талаараа мэдэгдсэн. Гэвч эдийн засгийн нөхцөл байдал нь сайжирч байгаатай холбогдуулан зарим орон яах учраа олохгүй хэвээр байна. Жишээ нь, Португалийн эдийн засаг нэрмээс болсон хэвээр байна. Тус улсын төсвийн алдагдал 2010 оны эхний 10 сарын хэмжээнд нэмэгдэж, санхүүгийн зах зээл дэх байдал муу байгааг хамгийн сүүлийн буюу өнгөрсөн аравдугаар сарын тайлан харуулсан. Гэхдээ хэрэглэгчийн зарцуулалт төдийлөн буураагүй гэсэн үзүүлэлт гарсан. Тодруулбал, Португалийн төсвийн зарлага өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.5 хувиар нэмэгдсэн аж. Тиймээс Европын холбоо, ОУВС-тай хамтарч тус улсад санхүүгийн яаралтай тусламж үзүүлж магадгүй болоод байгаа юм. Энэ айдас хөрөнгийн биржүүдэд тархаж эхэлсэн талаар BBC агентлаг онцолсон. Мөн энэ сарын 4-ний өдрөөс хойш еврогийн ам.доллартай харьцах ханш зургаан хувиар унсан талаар “Financial Times” мэдээлсэн юм.

Евро бүсийн гол ноён нуруу болсон ХБНГУ-ын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд өмнөх улирлынхаасаа 1.3  хувиар өссөн байна. Үүнд тус улсын ажилгүйдлийн түвшин буурч, мөнгөний эргэлт бага хэмжээгээр ч болов нэмэгдсэн нь нөлөөлсөн гэдгийг эдийн засагчид тайлбарлаж байна. Евро бүсийн орнуудын ажилгүйдлийн түвшин сүүлийн саруудад 11 хувьтай байгаа талаарх судалгааг Европын холбооноос гаргасан. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй гэдгийг цохон тэмдэглэсэн. Бүс нутгийн ажилгүйдлийн түвшин Испанид хамгийн өндөр хувьтай байна. Тус улсад ажилгүйдэл хамгийн өндөр буюу 24.3 хувьтай байгаа бол дараа нь Грект 21.7 хувьтай байна. Дээрх орнуудын ажилгүйдлийн түвшинг бүрэн арилгаж чадах юм бол Европын эдийн засаг, цаашлаад дэлхийн эдийн засаг сайжрах бүрэн боломжтой аж.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Зүүн Европын гурван орны эдийн засаг аажмаар сэргэж байгаа аж. Жишээ нь, Унгар, Чех, Словак гэсэн гурван оронд эдийн засгийн нөхцөл байдал өнгөрсөн оны мөн үеийнхээс тус бүр 0.7, 1.9 болон 5.1 хувиар өссөн байна.  Зүүн Европын улс орны экспортын гол зах зээл болох Европын холбооны эдийн засаг сайжирч, хэрэглээний зах зээл сэргэж буй нь зүүн Европын улс орнуудын үйлдвэрлэл, экспортын өсөлтөд эерэгээр нөлөөлсөн. Энэ нь зүүн Европын эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд өсөх гол шалтгаан болжээ. Зүүн Европын олон орны эдийн засаг нэгдүгээр улиралд тогтвортой өсөж эхэлсэн хэдий ч зарим орны санхүүгийн алдагдал их, дотоодын эрэлт хэрэгцээ тааруу, ажилгүйдлийн хэмжээ өндөр төвшинд байгаа зэрэг олон хүндрэл бэрхшээл нүүрлэсээр байгааг зарим эдийн засагч хэлжээ. 

Б.БААТАР
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж