Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг иргэдэд нүүрсийг 80 мянган төгрөгөөр худалдан авах боломжийг олгосон. Бүр тодруулбал, иргэд тохойн чинээ шуудай нүүрсийг хоёр, гурван мянган төгрөгөөр авч байсан бол 40 килограмм нүүрсийг 3200 төгрөгөөр авах боломжийг тэрбээр олгож байна. Гэвч хямд үнэтэй нүүрс авч чадахгүй байна гэж иргэд дүүргийн хороодын хэдэн ажилтнуудыг бүчиж эхэлжээ.
Энэ сарын 8-наас хямд үнэтэй нүүрсийг нийслэлийн дүүрэг бүрт нэгэн зэрэг худалдаалж эхэлнэ гэж байсан ч өчигдрийн байдлаар ердөө Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд л борлуулж байв. Тиймээс уг нүүрсийг яаж, хэдийнээс борлуулах тухай ядаж журам нь хүртэл ирээгүй байгаа гэх хороод ч нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байна. Тус дүүргийн 19 дүгээр хороог зорив. Энд нэг жижиг шуудай нүүрсийг 1900-2100 төгрөг гэж байна. Харин Долоон буудалд ийм нүүрс 1800 төгрөгийн үнэтэй. Мөн одоогоос гурав, дөрвөн жилийн өмнө 50 килограммын том ууттай тайрдас мод энд 3000 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 10 мянган төгрөгийн үнэд хүрчээ. 19 дүгээр хорооны иргэн Я.Баярмаа “Манайх Салхитын хойд энгэрт байдаг. Хотын төвөөс зайдуу байдаг болохоор унаа, түлээ, нүүрсний үнэ нэлээд өндөр. Багануурын хямдралтай нүүрс одоо болтол ирээгүй. Уг нь гэр хорооллын шигүү хэсгээсээ эхэлж тараавал зүгээр биз дээ. Бас бүх айлд өгөхгүй бололтой. Амьдралын боломж доогуур иргэдэд хорооноос тодорхойлж байгаад хямд үнэтэй нүүрс өгөх юм гэсэн” хэмээв. Тус хорооноос буцаж хотын төв рүү чиглэв. Долоон буудлаас зүүн хойш байрлах Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороогоор орлоо. Гэр хороолол нь шатрын нүд шиг шигүү суурьшсан энэ хэсэгт түлээ, нүүрс борлуулж байгаа газар олон. Хорооны захиргааны байранд ортол бараг орж ирсэн хүн бүр өнөөх хямд үнэтэй нүүрсний сураг асууж байх юм. Хорооны зохион байгуулагч нь “Одоо болтол ирээгүй л байна. Гэхдээ удахгүй өгөх байх аа” хэмээн ирсэн хүмүүсийн сэтгэлийг тайвшруулан явуулна. Тус хорооны зохион байгуулагч Г.Түмэнбаяраас хямд үнэтэй нүүрс яагаад ирээгүй байгаа талаар асуулаа. Тэрбээр “Уг нь одоогоос 14 хоногийн өмнө болсон хурал дээр энэ сарын 8-наас бүх хороодоор тараана гэсэн. Гэтэл одоо хүртэл байдаггүй. Бид хороондоо тус нүүрсийг худалдаалах хоёр цэг байгуулчихсан. Гэр хорооллын төвлөрөл ихтэй хэсэг болох Хайлааст руу эргэдэг шинэ зам дагуу, мөн өмнө нь хорооны байр байсан газарт нэг цэгийг нь байрлуулсан. Уг нүүрсийг худалдаалах борлуулагч, хоёр туслах ажилтан авахаар болсон” гэлээ.
“Хямд үнэтэй нүүрс олгоод эхэлчихвэл өдрийн орлого бараг тал хувиараа тасрах байх даа” гэсэн хүмүүстэй тааралдлаа. Долоон буудалд портер машинаар нүүрс зардаг залуустай түр хуучилахад ингэж хэлсэн юм. Харин нэг портер нүүрс 220-250 мянган төгрөгийн ханштай байв. Дараа нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэдтэй уулзлаа. Энэ айлууд модтой ойр болохоор өвөлд бараг нүүрс авдаггүй. Мод түүгээд түлчихдэг. Бэлдсэн модоо Долоон буудал руу оруулж ирж зардаг байна. Тус хорооны иргэн Н.Хуягцогт “Манай хороонд нүүрсний үнэ Долоон буудлаас 200, 300 төгрөгөөр өндөр байдаг. Тэгээд ч бид модоо өөрсдөө түүчихдэг болохоор зөвхөн модны гол болгох үүднээс долоо хоногт хоёр, гурван шуудай жижиг ууттай нүүрс авдаг” хэмээв.
Гэр хороололд амьдардаг иргэдтэй уулзсаны дараа тэдэнд хүлээлт үүсгэсэн Багануурын хямд үнэтэй нүүрсийг Чингэлтэй дүүргийн айлуудад хэдийнээс худалдаалж эхлэх талаар албаны хүмүүсээс тодрууллаа. Чингэлтэй дүүргийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган “Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга О.Эрдэнэбат өнгөрсөн амралтын өдрүүдээс олгож эхлэнэ гэж байсан. Би холбогдох гэтэл утас нь болдоггүй. Хүлээгээд байж байна. Багануурын нүүрсийг яг хэзээнээс худалдаалж эхлэх нь тодорхойгүй байгаа. Ямартай ч тэр хүнтэй холбогдчихвол тодорхой болох байх” гэлээ.
Багануурын нүүрсийг хямдруулсан үнээр борлуулах ажлыг хариуцаж буй албан тушаалтнуудын нэг болох Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга О.Эрдэнэбатаас лавлахад “Уг нүүрсийг энэ долоо хоногийн сүүлчээр Чингэлтэй дүүргийн айлуудад худалдаална. Ямар ч өрхийг амьдралын боломжоор ялгаварлахгүй. Баасан гарагт бараг борлуулаад эхэлчихнэ. Ингэхдээ хар, ногоон, цэнхэр тасалбараар долоо хоногийн гарагуудын дугаараар олгоно. Одоогоор нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдэд олгож байгаа. Нэг хороонд өдөрт арваад портер машин нүүрс буулгах юм. Гэхдээ хороод цэгүүдээ хаана байрлуулах, яаж борлуулахаа өөрсдөө мэднэ” гэв. Ямартай ч Чингэлтэй дүүргийн иргэд хүсэн хүлээсэн хямд үнэтэй нүүрсээ энэ долоо хоногоос түлж эхлэх боломжтой болж байгаа аж. Түүнчлэн уг нүүрсний борлуулалт иргэдийн гар дээр хүрэхгүй байгаа нь нүүрс борлуулах ажлын хэсгийнхнээс болсон гэнэ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин