Зах зээл дээрх давамгай байдлаа урвуулан ашиглаж, газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүсгэх, олон нийтэд буруу мэдээлэл өгөх замаар аж ахуйн нэгж, иргэд болон үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд хохирол учруулах санаатай үйлдэл гаргасан гэм буруутай этгээдүүдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцох ажлыг судлан, хэрэгжүүлэхийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгалаа” гэсэн байгаа юм. Мөн “Газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодруулж, цаашид хууль, тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгажээ” хэмээжээ.
Ийнхүү хамтарсан Засгийн газрын үед санасандаа хүрч, сарвайснаа авч байсан “НИК” гэгч “эрх” компанийг шинэчлэлийн Засгийн газрын Хууль, зүйн сайд Х.Тэмүүжин, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай нар “хашраах” үүрэг авлаа. Үүний өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн нефть импортлогчдоос хэрэглэгчдийг хохироосных нь төлөөсөнд 17 тэрбум төгрөг гаргуулж авах шийдвэрийг хэрэгжилтийг шалгаж “төрийн төмөр нүүр”-ийг харуулна гэдгээ амласан. Харин одоо Засгийн газар түүнд хамгийн том “акул”-аас нь эхлэн хариуцлага тооцох эрх мэдлийг олгов. Өөрөөр хэлбэл “хамтарсны гай”-аар хариуцлага нэхэж чадахгүй байсан галын цэг бүхэнд О.Магнай, Х.Тэмүүжин нарыг илгээгээд байх дүр зураг харагдаж байна. Энэ бол “Түүний гараар түүнийг бариулах” мэх.
Монголчууд цөөхүүлээ. Тавхан үгэнд танигдаж төрөл садан, нутаг усныхан болоод явчихдаг. Тиймээс хэнбугайн ч өмнөөс нүүрээ “ширлэж” суугаад хуулийн заалт ярьж хариуцлага тооцох эр зоригтой хөвгүүд хэрэгтэй байгаа юм. Нөгөөтэйгүүр О.Магнай, Х.Тэмүүжин нарт өөр, өөрийн онцлог шинж бий. Тэр нь хэнд ч барьцаалагдаж яваагүй. Барьцаалагдах ч үгүй. Учир нь хэн ч тэдэнд тусалж байгаагүй. Ёстой л ширэнгэн ойн тэмцлээр өөрсдөө гарч ирсэн. Энэ хоёр залуугийн гарыг галд дүрснээрээ Засгийн газар үнэхээр шударга гэдгээ харуулж олон “эрх” компаниудтай хариуцлага тооцож чадна. “НИК”-ийн хувьд үеийн үед Засгийн газарт эрхэлж, нөгөөтэйгүүр ижил төрлийн бизнес эрхлэгчдээ уриалан монопольчлох оролдлого хийдэг. Яг ийм аргаар ноёрхлоо тогтоосон аж ахуйн нэгж “МСS”-ээс эхлээд олон бий. Одоо тэдний хэмжээлшгүй эрх мэдэлд төгсгөлийн цэг хатгахаар шинэчлэлийн Засгийн газар “шинэ, цэвэр” хүмүүсээ илгээж байна.
Энэ бол тайван замаар “дайтах” зөв тактик. Гал руу гараа дүрэх эр зоригтой, хэнд ч барьцаалагдахааргүй цэвэр ариун нэр хүндээр хуягласан төрийн сайд, эрх мэдэлтэн олшрох тусам “Эдийн засгийн алуурчид”, “Монгол синдикатууд” сүйрч, Монголын эдийн засаг цэвэр өрсөлдөөний талбар болох учиртай. Үр дүнд нь иргэд хамгийн хямд, хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. Аж ахуйн нэгжүүд бизнесийн салбарт улс төр дэх нөлөөллөөрөө бус цэвэр бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараараа өрсөлдөх боломжтой болох юм. Тэгэхээр О.Магнай, Х.Тэмжүүжин нарын гарыг “гал” руу дүрүүлье.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин