Эрүүгийн хуулиар иргэдээ айлгах ёсгүй гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Эрүүгийн хуулиар иргэдээ айлгах ёсгүй гэв

Төрийн ордонд Хууль зүйн шинэчлэлт сэдвээр чуулга уулзалт болж байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэ сэдвээр илтгэл тавьж байгаа юм. Тэрбээр хууль, цагдаагийн үйлчилгээг иргэдэд хүргэхийн тулд 100 мянган хүнд нэг цагдаагийн хэлтэс хэрэгтэй гэж байлаа. Иргэд цагдаа руу ороод айдаг байх ёсгүй. Хууль сахиулагчид иргэдээ айлгадаг байх ёсгүй гэдгийг Хууль зүйн сайд онцолсон юм. 

“Хуульчид юуны өмнө Эрүүгийн хуулиар иргэдээ айлгадаг. Эндээс авлига, хээл хахууль төрдөг, танил талгүй, мөнгөгүй иргэд шоронд явдаг, улс орон шоронждог, хөлжиж бэлжсэн хурандаа нар бий болдог. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг хуульчдын хууль болгоно. Харин  иргэд Захиргааны болон Иргэний хуулийг хэрэгжүүлэх ёстой. Гадаад орнуудад шүүх хурал таван хаалгатай танхимд болдог. Монголд хоёрхон хаалгатай. Гэрч, хохирогч, өмгөөлөгч, сэжигтэн бүгд нэг хаалгаар ордог. Асар их аюул занал дор шүүгчид ажилладаг. Ийм байж болохгүй” гэж Хууль зүйн сайд хэллээ.

Мөн тэрээр хөдөлгөөнт эргүүлийг татан буулгаагүй, харин нутаг дэвсгэрийн цагдаа руу шилжсэн гэдгийг тайлбарлалаа.

Хуулийн шинэчлэл хийх эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд Эрүү, Эрүүгийн байцаан шийтгэх зэрэг найман хуулийн төслийг ирэх арванхоёрдугаар сард УИХ-д өргөн барих ажээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж