Өмнөх нийтлэл 2 ЭНД дарж үзнэ үү
Онцгой байдлынхан багаж хэрэгсэлтэй байсан бол Н.Саранчимэг болон түүний хүү Г.Шинэбаяр нарыг аврах боломжтой байжээ.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Зүүнбүрэн сумын заагаар урсах Орхон, Сэлэнгэ голын бэлчрээр гол гаталж явсан найман хүн осолдож, найман сартай хүүгээ тэвэрсэн Н.Саранчимэг ширээний тавцан шиг мөсөн дээр тэгнэж ОХУ-ын хил давсан талаар манай сонин цувралаар нийтэлж байгаа билээ. Н.Саранчимэг Онцгой байдлын аврагч, ар гэрийнхнийгээ ирж аврахыг хүлээж, зургаан цаг гаруй мөс тэгнэн гол уруудан урссан. Түүнд өөрийгөө болон хүүгээ аварч голын захад гарах ямар ч боломж байгаагүй гэдгийг осол болох үед хамт байсан хүмүүс онцлон хэлж байна. Хүүхэд тэвэрсэн хүн бүү хэл мөсөн дээр ганцаараа явсан Цэрэнням гуай таван цаг орчим урссаныг түрүүчийн дугаарт нийтэлсэн билээ. Эвгүй хөдлөхөд л мөс холбирч голд живэх аюул дунд тэр эмэгтэй тэсч, түмэн зүү шивэх шиг болох хүйтэн усан дунд биеэ мэдээгүй болтлоо тэмцсээр байсан нь лавтай.
Зургаан цаг гаруй голын урсгалд туугдаж явахад Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 20 гаруй аврагчдад тэднийг аврах боломж үнэхээр байгаагүй юм болов уу гэсэн асуулт хариулт нэхэж байна. Энэ асуултын хариултыг Онцгой байдлын албан хаагч болон хүүгийнхээ хамт алга болсон Н.Саранчимэгийн ар гэрийнхэн бидэнд өгсөн юм. Харин Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Бид зургаан хүний амь нас аварсан. Тэднийг аварч байгаад яаж ч чадалгүй ээж, хүүг алдчихлаа" хэмээн ярилцлага өгсөн байна лээ. Үнэндээ онцгой байдлын аврагчид нэг ч хүний амь нас авраагүй гэдгийг усанд осолдсон ч амьд гарч чадсан хүмүүс хэлж байсан. Мөн Онцгой байдлын аврагч нар моторт завь байсан бол тэр эмэгтэйг аврах боломж бүрэн байсан. Хийлдэг завьтай гол руу орно гэдэг амиа хорлож байгаагаас өөрцгүй гэх утга бүхий тайлбарыг өгч байсан.
Уг нь улсын төсвөөс багагүй мөнгө Онцгой байдлын ерөнхий газарт төсөвлөдөг. Үүнийгээ чухам юунд зарцуулдаг нь тодорхойгүй болохыг энэ хэрэг илрүүлж өглөө. Манай улсад гол, мөрөн, ус ихтэй цөөн аймаг байдгийн хамгийн том нь Сэлэнгэ. Гэтэл тус аймгийн онцгой байдлын газарт хүн уснаас аврах нь бүү хэл уулнаас буулгах ч техник хэрэгсэл, хангамж алга. Тус газарт ганцхан ширхэг моторт завь байсан бол ээж, хүү хоёрыг богино хугацаанд аварч чадах байлаа. Гэвч хамгийн том усны ай сав болсон энэ бүс нутагт моторт завь битгий хэл гар чийдэн ч үгүй аврагчид улаан гараараа, нүцгэн биеэрээ хичнээн хүний амь нас аврах вэ, Ерөнхий сайд аа, ОБЕГ-ыг хариуцагч Шадар сайд Д.Тэрбишдагва аа.
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар аврагч нарын багаж хэрэгсэл, хувцас болон бусад хангамж хэр байдаг талаар нэгэн албан хаагчтай цөөн хором ярилцсан юм. Тэрбээр "Миний нэр сонин дээр гарах юм бол ажлаасаа халагдана. Тиймээс нэр тавихгүй гэвэл ярилцлага өгч болж байна" гэсэн юм.
-Хүүгээ тэвэрсэн Н.Саранчимэг зургаан цаг гаруй голд урссан гэсэн. Аврах боломж байгаагүй юм уу?
-Бид мэдээлэл аваад осол болсон газарт цаг алдалгүй очсон. Бидэнд усны аврах багаж хэрэгсэл гэвэл хийлдэг завь, сэлүүр л байдаг. Усны хувцас байдаг юм аа. Даанч зуных болохоор өдийд өмсөж болохгүй л дээ. Уг нь бол ус огт нэвтрэхгүй үнэтэй хувцас гэж дээд газраас өгсөн юм билээ. 20 гаруй аврагч очсон. Ээж хүүг аврах цаг хугацаа хангалттай байсан. Гэвч багаж хэрэгсэл байхгүй байгаагаас болоод аварч чадаагүй. Дээр нь багийн зохион байгуулалтгүй байсан гэж болно. Аврах баг ахалж байгаа салаан дарга нар өөрсдөө голоос хүн аврах талаар ямар ч ойлголт байхгүй байсан. Өмнө нь иймэрхүү осол гарч байгаагүй болохоор бид ч сандарсан. Голын мөсөн дээр урсаж байгаа гурван хүнийг аврахын тулд тактикаар ажиллаж байсан юм. Голын нарийхан хэсгээр боолт хийх хэрэгтэй байдаг. Тэгээд голын хөндлөн хэсгээр олс татаж бөхлөөд, завиа аргамжиж усанд хөвүүлээд боочихдог. Нөгөө голд урсаж байгаа хүмүүс хөндлөн татсан олсонд тулаад түр зогсох боломж байсан. Тэр үед нь аврагч нар очоод аврах байсан юм. Голын боолтыг хоёр газар тавьдаг. Дээд хүмүүс нь урсаж байгаа хүнээ барьж чадалгүй алдлаа гэхэд доохно талд боолт хийсэн аврагч нар аврах учиртай. Гэвч бидэнд голын хөндлөн татах урт олс байгаагүй. Өөр аврах арга нь моторт завь. Хэрэв мөс зүсэгчтэй моторт завь байсан бол мөсөн дээр явж байгаа хүнийг шууд очоод л авчих байсан. Голын мөсөн дээр урсаж байгаа хүнийг аврах ажиллагаа бол бусад орны их устай газрын аврагч нарын өдөр болгон хийдэг л энгийн ажил шүү дээ. Усны мандал дээр хөвж байгаа ээж хүүхдийг аврах ажиллагааг энгийн хүн ч хийчихээр амархан ажил байсан юм.
-Гэхдээ та нар аварч чадалгүй алдчихсан шүү дээ. Тэднийг аварч чадаагүй бурууг хэн хүлээх ёстой гэж бодож байна вэ?
-Би хариуцлага хүлээлгэдэг албан тушаалтан биш. Жирийн нэг аврагч. Гэхдээ аврагч нар ч гэсэн хүн шүү дээ. Нөгөө зам барихдаа манай дарга нэг талыг нь танай дарга нөгөө талыг нь идээд нарийн зам тавьсан гэдэг онигоо манай Онцгой байдлын газарт болоод байгаа юм. Улсаас хангалттай мөнгө өгдөг юм гэсэн. Гэвч дээд доод албан тушаалтай дарга нар идсээр байгаад яг хөрсөн дээр хүний амь нас аврах гээд зогсож байгаад аврагч нар гар хоосон зогсож байдаг. Жил бүр уснаас хүн аврах сургалт зохион байгуулдаг. Гэвч тэр сургалтын мөнгөнөөс танасаар байгаад л хэдхэн төгрөгөөр сургалт хийсэн болоод л өнгөрдөг. Багаж хэрэгсэл байна. Хэн нэг даргын чанарын шаардлага хангаагүй шахааны зүйлс л бидэнд өгдөг. Гар чийдэн нь хэмхэрчихнэ. Гэрэлтүүлэг, прожектор огт байхгүй болчихсон. Богино долгионы холбоо барих хэрэгсэл огт байхгүй. Уг нь байсан юм аа. Даанч хулхи муу юм байж байгаад гарын ая даахгүй эвдэрчихсэн.
-Хэрэв багаж хэрэгсэл байсан бол тэднийг аврах боломж байсан гэж хэлэх гээд байна уу?
-Ядахдаа том гэрэлтүүлэг байсан бол аварчих байсан юм. Аврагч гэхээрээ төмөр биетэй үхдэггүй хүн гэсэн ойлголт олон нийтэд байдаг. Бид чинь ар гэртээ хүн ш дээ. Цалингаас цалингийн хооронд л амь зууж байна. Гэхдээ бид тангараг өргөсөн албан хаагч. Шаардлагатай үед амиа золиод ч хүний амь нас аврах ёстой. Гэвч багаж хэрэгсэл байхгүй юм чинь тэр хүнээ ч аварч чадалгүй үхэл рүүгээ орж байна гэсэн үг. Бидэнд хэрэгцээтэй багаж хэрэгсэл авч өгөөд чадварлаг даргаар удирдуулах хэрэгтэй байна. Тэгж байж л эрдэнэт хүний амь насыг аварч чадна. Мөс зүсэгчтэй моторт завь хямдхан шүү дээ. Хоёр сая төгрөг л байдаг гэсэн. Үнэндээ хүн аврах гээд өмссөн хувцастайгаа л хөл даараад дэрийтэл зогсож байна шүү дээ. Харин дарга нар дулаан байрандаа биднээс мэдээ аваад сууж байгаа шүү дээ.
Бид хоёрын яриа энэ хүрээд өндөрлөсөн юм. Тэрээр бидэнд багаж хэрэгсэл гээд байх юм юу ч байхгүй гэдгийг батлан хэлж байсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын аврагч нар осол гарсан орой урд хөршид үйлдвэрлэсэн асаагуурын ёлтойсон гэрлээс өөр юу ч байгаагүй явж байсан. Тэд гар утсандаа хийх нэгжний ч мөнгөгүй ажиллаж байна. Ийм л орчинд хүн аварна гээд зогсож байна. Аврагч нар ямар нэгэн осол, гал түймэр битгий гараасай хэмээн дотроо залбирдаг гэсэн. Онцгой байдлын аврагч нарыг хүүгээ тэвэрсэн ээжийг аварч чадаагүйг хамгаалж, хаацайлж, өмөөрч байгаа юм биш шүү. Бодит байдал ийм л байна. Хүнээ алдсан ар гэрийнхнээс ялгагдах юмгүй хувцас, хэрэглэлтэй тэднийг гол руу үсэрч ороод авраад өгсөнгүй гэж хэлэхэд нэг талаар дэндүү харгис ч, нөгөө талаар тэдний үүрэг бол эх, хүү хоёрыг аврах. Энд тэмдэглэхгүй өнгөрч болохгүй нэг зүйл байна. Эх, хүү хоёрыг хил давсныг Оросын талд 01.58 минутад (2012.11.05) мэдэгдэнгүүт аравхан минутын дотор 18 гэрэлтүүлэгч салют буудуулж, шөнийг өдөр мэт гэрэлтүүлж, орос хилчид усыг самнасан байгаа юм. Оросуудыг тийнхүү самнаж байхад манай аврагчид харин "Дээрээс буух тушаал ирлээ" гээд хилийн манааны амбаарт шавцгааж байсныг ар гэрийнхэн нь ярьсан юм.
Эхнэр, хүү хоёрыг нь хэн нэгэн олчихсон байгаасай хэмээн горьдлого тээн ярих Ш.Ганбаттай уулзлаа. Н.Саранчимэг тэр хоёр гурван хүүтэй юм билээ. Том хүү нь зургаан настай, дунд хүү гурван настай. Харин бага хүү нь өнгөрсөн хавар төрсөн. Тэрбээр Н.Саранчимэг гурав дахь хүү буюу мөсөн дээр тэгнэн тэвэрч явсан Г.Шинэбаяр хүүгээ төрөхөд их баярлаж байсан тухай ярив. Хүүгээ дөнгөж төрүүлчихээд нөхөр лүүгээ "Ганбаа найз нь чамд хөөрхөн хүү гаргаж өглөө шүү. Их бадриун биетэй бор хүүхэд байна. Яг чам шиг том биетэй болох байх аа. Найз нь ингээд дархан бэр боллоо ш дээ. Гурван хүү төрүүлсэн бэрийг дархан бэр гэдэг юм гэсэн. Тавуулаа сайхан амьдарнаа" гэж ярьжээ. Одоо бүх юм орвонгоороо эргэжээ. Ш.Ганбат эхнэр, хүүгээ амьд л байгаасай хэмээн хором бүр залбирч байна. Хоёр хүүхэд нь ээжийгээ, дүүгээ нэхэж уйлаад л хэцүүхэн дүр төрх тэр айлаас харагдаж байв. Зургаан настай Ууганбаатар "Ахаа, ээжийг минь олсон гэсэн үү. Гэрлээ эгч тэгээд байсан. Би ээжийгээ, дүүгээ санаад л байна. Аав хэд хоног цэцэрлэгтээ яваад яах юм бэ гэсэн" хэмээн ярив. Харин дунд хүү Батсүх "Манай ээж хөдөө гэртээ байгаа. Цэцэрлэгийнхээ амралтаар тэр хоёр дээр очно" хэмээн хэзээ ч эргэж ирэхгүй байж мэдэх ээж, дүүгийнхээ тухай шулганан суух аж. Хоёр томыгоо аймгийн төвд эгчийндээ суулгаж, цэцэрлэгт явуулдаг байсан аж.
Алга болоод арав гаруй хонож байгаа Саранчимэг 1985 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн юм байна. Түүнийг ар гэрийнхэн нь их сэргэлэн цовоо, ажилд сайн, гэрээ авч явдаг байсан гэж ярьж байна лээ. Түүний нөхөр Ш.Ганбат бидэнд ярилцлага өгөх боломж байсангүй. Тэрбээр эхнэрээ отгон хүүгээ төрүүлэхэд ярьсан яриа болоод "Миний хань их ухаалаг сэргэлэн хүн юмсан. Амьд л байгаасай. Голын мөсөн дээр явж байхдаа намайг усанд живж байхыг хараад миний амь насыг үгээрээ аварсан хүн. Яг усанд живж байхад "Миний хань чадна. Зүтгээд байгаарай. Чи бид хоёрын нэг нь ч гэсэн хүүхдүүдээ амьд үлдэх ёстой. Чи чаднаа" хэмээн хэлж байсан нь санаанд буугаад хэцүү байна. Түүнийгээ ямар ч аргаар байсан олж авах юмсан" гэж хэлж байна лээ. Саранчимэг эхээс тавуул бөгөөд айлын дөрөв дэх охин. Түүний аав Н.Нэргүй гэх 60 орчим настай хөгшин аврах ангийнхантай хамт эрэлд явна гэж зүтгэж байгаад үлдсэн. Онцгойгийнхон "Хөгшин хүн хол явж чадахгүй. Тэгээд ч хүйтэнд хэцүү" гээд түүнийг машиндаа суулгаагүй юм. Н.Нэргүй гуай "Их сэргэлэн охин. Олоод ирэх байх аа. Гайгүй байх гэж найдаж байна" хэмээн урт урт санаа алдан, байсхийгээд л тамхи татаж суусан юм.
Мөн түүнтэй хамт мөсөн дээр таван цаг гаруй хамт явсан Г.Цэрэнням гуай "Саранчимэгийн эр зоргийг гайхаж байна. Үрээ гэсэн сэтгэл тэр жаахан охиноос нэвт харагдаж байна. Тэр охин хүүхэд тэвэрч явсан болохоор л яаж ч чадсангүй. Мөсөн дээр тэгнэж явах үнэхээр хэцүү юм билээ. Эргэж харж ч болохгүй унах гээд. Ээж хүний үрээ гэсэн сэтгэл хүүгээ айлгахгүй юмсан гэсэн бодол тэр хүйтэнд энгэрээ задгайлах тэвчээрийг гаргаж дээ гэж бодогдоод сэтгэл үймэрч сууна даа. Тийм сайхан сэтгэлтэй хүнийг хүүхдүүдийнх нь хувь заяа тэтгээсэй" хэмээн уйлж сууна лээ.
Н.Саранчимэг болон түүний хүү Г.Шинэбаяр нарыг ОХУ болон манай улсаас эрэн хайх ажил үргэлжилж байна. Өнөөдөр /өчигдөр/ хошууч Ж.Дамдинсүрэн, аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын дарга ахлах дэслэгч Ш.Баасансүрэн нарын ахалсан 47 алба хаагч гурван автомашин, гурван завьтайгаар ар гэрийнхнийх нь хамт голын эргээр самналт хийж байна. Үүнээс өмнө Тавтын заставаас ОХУ-ын Уст Хиагт хүртэл 60 км усан замаар, Сэлэнгэ аймгийн Эрэн хайх Монгол Улсын хилээс ОХУ хил хүртэлх эрлийн ажиллагаа явуулсан байна. Эрлийн багийнхны итгэл алдарч, эрлээ зогсоохыг ар гэрийнхнээс нь хэд хэдэн удаа хүссэн гэсэн. Тэд алга болоод ес хонох гэж байна. Амьд л байгаасай ижий үр хоёр. Ш.Ганбатынх гэх залуухан гэр бүл халуун ам бүлээрээ цуглаж, элэг бүтэн инээж, хөөрч суух цаг ойрхон байгаасай билээ.
Э.ХҮРЭЛБААТАР
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"