Өнгөрсөн есдүгээр сараас Хятад болон Японы хоорондын арлын маргаан эрчимжиж хоёр орны харилцаанд асуудал үүсээд байсан. Тэгвэл энэ удаад Япон улс энэ сарын эхээр Далай ламыг баяртайгаар угтаж авсанд Хятад эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Хятадын Гадаад хэргийн сайдын хэвлэлийн төлөөлөгч Хон Лей Хятадын эсрэг бодлогыг илт эсэргүүцэгч Далай ламыг ийнхүү дэмжиж байгааг эсэргүүцэхийн зэрэгцээ тус улс газар нутгийн маргаанд хатуу байр суурь баримтлана хэмээн мэдэгдсэн байна.
Дяоюйдао /Японоор Сенкаку/ арлын маргаан өнгөрөгч есдүгээр сард даамжирч Хятадад Японы эсрэг үзэлтнүүд жагсаал цуглаан хийж, харин Японд Хятадын эсрэг үзэлтнүүд олширсон юм. Өөрийнх нь айлчлалын талаар ийнхүү буруутгасан Хятадын Засгийн газрын мэдэгдлийн дараа Далай лам байр сууриа илэрхийлж хоёр орны арлын маргаанд аль аль алийг нь дэмжсэн ямар ч мэдэгдэл хийгээгүй болохоо мэдэгдэж, зөвхөн Түвдийн тусгаар тогтнол, эрх чөлөөг олж авах асуудал чухал гэдгийг онцолсон байна.
Түүнчлэн Олон мянган түвд иргэн маргааш албан ёсоор өндөрлөх Хятадын Коммунист намын 18-р их хурлаар ямар нэг шийдвэртэй алхам гарна гэдэгт найдаж байгаа хэмээн олон улсын эх сурвалжууд мэдээлжээ.