Украины парламентын сонгуулийн нэгдсэн дүнг зарлав

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Украины парламентын сонгуулийн нэгдсэн дүнг зарлав

Украины Сонгуулийн төв комисс Дээд радийн сонгуулийн эцсийн дүнг гаргав. Сөрөг хүчин зарим тойргуудад тэдний саналыг хулгайлсан гээд сонгуулийн албан ёсны дүнг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Нэг мандаттай сүүлийн 34 тойргийн ардын депутатын бүрэн эрхийг баталснаар Украины Сонгуулийн төв комисс арваннэгдүгээр сарын 11-нд парламентын сонгуулийн дүнг гаргаж дуусчээ. Дээд радад 445 депутат сонгогдсоны 185 нь Бүс нутгийн намаас, 101 нь "Батькивщина" намаас, "УДАР" намаас – 40, "Свобода" намаас – 37, Коммунист намаас – 32 нь байв. Мөн бусад намын долоон төлөөлөгч, 43 бие даагч парламентад суух эрхтэй болжээ.

Өмнө нь Сонгуулийн төв комиссийн орлогч дарга Жанна Усенко-Черная нэг мандаттай гурван тойрогт сонгуулийн дүнг тогтоох боломжгүй хэмээн мэдэгдсэн байв. “Будилаан хийж байж депутатуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв алимтай хувинд нэг илжирсэн алим байвал бусад нь ч бас мууддаг шүү дээ. “Беркут” тойргийн комисс болон шүүхийг ашиглаж, мандат хулгайлсан хүмүүсийг бид гаргах ёстой” гэж Усенко-Черная хэлснийг УНИАН агентлаг дамжуулжээ.

Түүний энэ тогтоолын төслийг СТК-ийн дөрвөн гишүүн дэмжсэн ч комиссийн гишүүд хүлээн аваагүй байна. Гэсэн ч СТК-ийн дарга Владимир Шаповал мэдэгдэхдээ, Киев мужийн 27 санал хураах хэсгийн санал хураалтыг хүчингүйд тооцсон Киевын тойргийн захиргааны шүүхийн шүүгчдийг хариуцлагад татуулах болно гэжээ.

Сөрөг хүчин СТК-ийн шийдвэрийг хүлээж авахгүй

Нэгдсэн сөрөг хүчин "Батькивщина" зарим тойргуудад түүний саналаас хулгайлсан учир сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэнийг “Интерфакс” мэдээлэв. “Бид СТК-ийн ийм шийдвэрийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Энэ хүмүүсийг ардын депутатууд биш эрүүгийн хэрэгтнүүд гэж тооцож байна. Тэднийг тангараг өргүүлэхгүйн тулд бид бүхнийг хийнэ. Учир нь ийм янзаар бүрдсэн Дээд рада хууль ёсны байж чадахгүй” хэмээн сөрөг хүчний мэдэгдэлд өгүүлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж