Хөгжлийн банк буюу нууц өрөө

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

Нууц өрөө. Үлгэрийн зохиолууд дээр гардагчлан хэзээ баригдсан нь үл мэдэгдэх, хаана барьсан нь мэдэгдэхгүй тийм өрөө гэнэт гараад ирдэг. Харри Поттер зохиолоос харвал гэнэт нээгдээд хүмүүсийг нэг нэгээр нь хөшөөж орхидог. Ядаж байтал тэр өрөөг нь аймшигт могой сахьдаг гэж байгаа. Чухам хэзээ ийм үйл явдал болсон нь үл мэдэгдэх үлгэрийн нуршуу үйл явдлыг орхиж өнөө цаг үеийн Монгол оронд буцан ирье.

Анх байгуулагдаж байхдаа энэ банкийг Монгол Улс асар их найдлагатайгаар хүлээж авсан билээ. Хөгжлийн томоохон хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ, стратегийн ордуудыг ашиглалтад оруулна, шийдлээ хүлээж байгаа төслийг санхүүжүүлнэ, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр дунд болон урт хугацааны хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ, угтаа хөгжилд хөтлөх цор ганц гарц нь хөгжлийн банк гэсэн мундаг пиар хийн гарч ирэв.

Мундагдаж гарч ирсэн Хөгжлийн банкны жинхэнэ зорилго нь юу юм бэ? Улс орны эдийн засгийг дээшлүүлэх чиглэлээр стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөр гэж хуулиндаа тусгасан байгаа. Бүр цагаан дээр хараар бичсэн байгаа шүү. Тэр ч утгаараа монголоор мөрийцөн байж жилийн 5,75 хувийн хүүтэй 580 сая ам.доллар босгосон. Гэтэл түүгээр юу хийв, юу хийх ёстой вэ?

Томоохон ажлууд хаачив…

Ингэж асуусаар уджээ. Асар их хүлээлтийг дагуулж, мундаг пиардаж гарч ирсэн болохоор арга ч үгүй юм. Тэгэхдээ л дахиад хэрэгжих байсан ажлуудыг хаачсаныг сонирхоё. 100 мянган айлын орон сууц-санхүүжилт ирээгүй. 1100 км төмөр зам-санхүүжилт нь ирээгүй. Сайншандын аж үйлдвэрийн парк-санхүүжилтгүй. Стратегийн ач холбогдол бүхий ажлууд нь одоо нэгэнт агаарын үйл хэрэг болсон. Ямар сайндаа төсвөөс заримыг нь санхүүжүүлж байхав дээ. Гэхдээ бид 580 сая ам.доллар зээлж, үүнийхээ хүүг төлсөөр байгаа гэдгийг гэдгийг санахад илүүдэхгүй.

Одоо өөр нэг зүйл рүү анхаарлаа хандуулъя. Нийслэлд томоохон бүтээн байгуулалт өрнөж байна. Энэ сайн хэрэг. Томоохон гүүрэн гарц, замын ажлыг том хөрөнгө оруулалтаар хийхээр шийдвэр нь аль хэдийнэ гарчихсан. Хөрөнгө оруулалт авах газар нь Хөгжлийн банк. Зүүн дөрвөн замын уулзварт олон давхар зам барих, Тасганы овоог явган хүний гүүрэн гарц болгох зэрэг ажлуудыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр болсон. Мөн өөр бусад гүүрүүдийг Хөгжлийн банкны хөрөнгөөр барина. Гэтэл хөгжлийн банк иймэрхүү зорилгоор байгуулагдсан уу? Уг нь улсын төсвөөс, Засгийн газраас хөрөнгө мөнгө гаргачихаж болохоор ажлууд. Тэгээд ч Монголоор мөрийцөн байж гадны томоохон байгууллагуудаас мөнгө босгосон нь үүнд зориулагдах ёсгүй. Гэсэн хэдий ч нийслэл, УИХ, Засгийн газар нь Хөгжлийн банкийг түнтийсэн түрийвч гэж анхнаасаа хардаг байсан нь тодорхой болов. Үүнийг Хөгжлийн банк нь ч эсэргүүцсэн шинж алга.

Хүний түрийвч дэх мөнгө

Монгол Улсын хөгжлийн банк 580 сая ам.долларыг босгож чадсан. Гадны томоохон санхүүгийн байгууллагууд тухайлбайл ING, Duetche Bank зэрэг байгууллагууд арилжаалж байж бид ийм их хэмжээний бонд авсан. Жилийн 5,75 хувийн хүүтэйгээр шүү. Угтаа хүний түрийвчнээс зээлж аваад, өөрийн түрийвчиндээ хийчихсэн гэхэд болно. Бүр томоор сэтгэе. Эхний ээлжинд энэ их мөнгөөр бид 1100 км төмөр зам барих ёстой байсан. Энэ нь алга. Сайншандын аж үйлдвэрийн паркийг Хөгжлийн банк хөрөнгө оруулж ашиглалтад оруулах ёстой. Гэхдээ дахиад 10 тэрбум ам.долларыг босгох ёстой.

Угтаа бидэнд өр болж ирсэн энэ их мөнгөөр стратегийн гэж тодотгож байгаа ажлуудыг хийх ёстой байсан. Түүнээс биш урсгал зардлаар төсөвлөж болохоор жижиг, сажиг ажлуудыг хийх гэж энэ банкийг босгоогүй байлтай.

Хүний мөнгө, хүний дарга

Монгол Улсад стратегийн ач холбогдол бүхий энэ байгууллагыг гадаад хүн даргалдаг. Герман, Англи гзэрэг улсуудад хөгжлийн банкийг онцгой бүрэн эрхтэйгээр байгуулж, удирдлага сэлт нь бүгд тухайн улс орны хүн байх ёстой байдаг. Энэ нь яагаад гэвэл улс орны дотоод бүрэн эрхтэй холбоотой учраас тэр. Дэлхийн банкнаас судалгаа явуулж үзэхэд Хөгжлийн банкны зорилго, чиглэл, бүрэн эрх нь тодорхойгүй байна гэсэн дүгнэлт гарчээ. Гэтэл хөгжлийг атгасан манай улсын банкийг Ким Жанг Жин гэгч Солонгос хүн удирддаг. Солонгос хүнээр удирдуулж байгаа нь манай улс ийм төрлийн байгууллага байгуулж байсан туршлагагүй учраас биднээс илүү туршлагатай хүнээс мэдлэг солилцох ёстой гэж тайлбарлаж байгаа. Зүй нь бол удирдлагыг гадныханд өгөхөөс илүүтэй зөвлөх хэмээх статус үүсгэдэг барууны орны жишиг бий. Хэрвээ бид тэдний жишгээр явсан бол Ким Жанг Жин гэдэг зөвлөхтэй байх байж. Гэтэл биднээс илүү туршлагатай энэ хүн яагаад Монголын Засгийн газар, УИХ-д зорилго, чиглэлийн талаар нь сануулж болохгүй байна вэ….

Хөгжлийн банк үлгэрт гардаг аймшигт нууц өрөө болжээ. Харри Поттерт гардагчлан нууц өрөөг сахьдаг могой нь манай хувилбарт харьцуулан буулгаваас Засгийн газар нь байж болох талтай. Үүнээс болж зарим ажлууд нь хөшиж хоцорсон гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ олон ойлгомжгүй сэдэл, санаачилга, тодорхойгүй зорилго, чиглэл дунд чимх ч гэсэн баяртай мэдээ байна. Удахгүй Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Үүгээр тодорхойгүй байгаа зүйлсүүдийг засна гэдэгт найдах л үлдлээ.

Тоймч Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж