”UFO” гуравдугаар байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

”UFO” гуравдугаар байрт шалгарлаа

Монголын урлагийн салбарт бас нэгэн шинэ амжилт, шинэ түүх бүртгэгдлээ. "UFO" хамтлагийн залуус Ази тивийн амьд хөгжмийн наадам "Asian Beat-2012" наадамд оролцож, гуравдугаар байрт шалгарсан байна. Тэд "Coke"n Beat 2012" наадмын ялагч болсноор Монголын амьд хөгжмийн төлөөлөл болон тивийн наадамд оролцох эрхтэй болсон юм. Ингээд арваннэгдүгээр сарын 10-нд Сингапурын "Kallang" театрт болсон "Asian Beat" наадмын шилдгүүдийн тоонд багтжээ.

"Yamaha" корпорациас ивээн тэтгэн жил бүр зохион байгуулдаг тус наадамд Азийн амьд хөгжмийн шилдэг залуу хамтлаг, дуучид чуулж, шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Өмнө нь Монголоос "Lemons", "Булсара" гээд "акулууд" оролцож байсан тус наадамд энэ удаад "Хайрласаар", "Хүлээсээр" зэрэг дуугаараа амьд хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж чадсан "UFO" хэмээх залуу хамтлаг оролцож, гуравдугаар байрт шалгарсан нь цоо шинэ амжилт байлаа.  Тус наадмын шүүгчээр гитарчин Phil X, бөмбөрчин Russ Miller, басс хөгжимчин Ignatius Bong, даралтат хөгжимчин Indra Ismail, “Yamaha” корпорациас Suguru Tanaka нарын мэргэжилтнүүд ажиллажээ.

Наадамд амжилттай оролцсон "UFO" хамтлаг маргааш /XI.14/ 12.00 цагт эх орондоо ирэх ажээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж