Өчигдөр энэ талаараа Саша Радецки албан ёсоор мэдээлэл өглөө. Энэхүү тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Blue Silk Travel”компани, ерөнхий ивээн тэтгэгчээр “Монро Импекс” компани, “Монре даатгал” ажиллаж байгаа бол дэмжигч байгууллагаар Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр ажиллаж байна. Хэвлэлийн хурлын үеэр Саша Радецки ийнхүү сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Монголын талаар ямар ойлголттой байсан бэ, Монголд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Бага байхаасаа л Монголын талаар сонсч, сонирхож ирсэн. Түүхийн их баялагтай улс. Чингис хаан маш агуу хаан, дараагийн хаадууд нь ч гэсэн агуу. Өчигдөр гэхэд би 13-р зуун амралтын газар очиж амарсан. Маш сонирхолтой, гайхалтай байсан. Монголчууд намайг маш сайхан хүлээж авсан. Яг одоогоор миний сэтгэл маш их хөдөлж, баяртай байна.
-Монгол бүжигчидтэй хамт бэлтгэл хийсэн үү, ер нь Монгол бүжигчдийн талаар та юу гэж хэлэх вэ?
-Би урьд нь 15 настайдаа Большой театрт уригдан суралцаж байсан. Тухайн үед би монгол бүжигчидтэй хамт бүжиглэж байсан. Би давсалж байгаа юм биш. Монгол бүжигчид үнэхээр гайхалтай, чадварлаг, дэлхийн хэмжээний бүжигчид байсан. Дуурь, бүжгийн театрын хувьд ийм гайхалтай гэж мэдээгүй байсан. Үнэхээр сайхан театр байна.
-Та А.Аданы “Жизель” балетад гоцолно. Хэнтэй хамт гоцлох бол. Таны дурлалт бүсгүй хэн бэ?
-Дуурийн театраас над руу Соёлын тэргүүний ажилтан Г.Цолмонгийн гоцолсон “Жизель” балетын бичлэгийг явуулсан. Би тэр бичлэгийг үзээд гайхаж биширсэн. Би өнөөдөр өглөө Г.Цолмонтой танилцаж, бэлтгэл хийсэн. Хамт бэлтгэл хийхэд үнэхээр гайхамшигтай бүжигчин. Түүнтэй бүжиглэхэд маш амар байсан. Нэмж хэлэхэд оркестр бол дээд хэмжээний байсан. Ер нь бол манай Америкт тоглож байгаа оркестроос илүү байсан шүү гэж хэлмээр байна.
-Монголд тоглох А.Аданы “Жизель” балетынхаа талаар юу гэх бол?
-“Жизель” балет бол угаасаа маш их сэтгэл хөдлөл гаргасан, их жүжиглэлт шаардсан балет. Албертын дүр бол залуу халуун, жаахан хөнгөн явдалтай гүнгийн дүр. Гэхдээ тэр эцэст нь Жизельд үнэн сэтгэлээсээ дурлаж, түүний өршөөлийг авч чадаж байгаа залуугийн дүрийг бүтээх гэж байна. Би энэ балетад багаасаа бүжиглэсэн. Би “Жизель” балетад бүжиглэхдээ бүх зүрх сэтгэлээсээ тоглодог, гайхамшигтай балет байгаа юм.
-Та олон балетад гоцолж байсан. Таны тоглосон дүрүүдээс өөрийн тань амьдралтай ойр дүр?
-Яг миний амьдралыг харуулсан, надтай адил дүр байхгүй. Миний дуртай балетуудын нэг бол “Ромео Жульетта”. Би энэ балетын бүх хэсгээс бүжиглэдэг. Гэхдээ хамгийн дуртай хэсэг нь муу залуугийн дүрд тоглох байдаг. Би хурц, ширүүн дүр бүтээх дуртай. Тайзан дээр гарахаар би Саша Радецки биш болдог. Тухайн балетын орон зай, ертөнцөд орж тоглохыг хичээдэг. Тайзнаас буусан үедээ би эргээд л хуучны Саша болдог.
-Саша гэж яг хэн бэ. Таны нэр Орос хүний нэр шиг сонсогдох юм?
-Радецки гэдэг нь аавын талын нэр. Манай аав украйн гаралтай хүн байсан. Аавын гэр бүл 1900-гаад оны үед Америкт нүүж очсон. Ээжийн талынхан 300-гаад жилийн өмнө Америкт цагаачилсан. Манай ах Сэм, эгч Жессика гэсэн америк нэртэй. Харин надад аав, ээж хоёр минь Радецкитэй нь хослуулаад Саша гэж орос нэр өгсөн юм билээ. Америкт Саша гэдгийг ихэвчлэн эмэгтэй хүний нэр ойлгодог. Тиймээс хүмүүс намайг хараагүй байж эмэгтэй хүн гэж ярьдаг, андуурдаг. Энэ нь надад ядаргаатай санагддаг.
-Таныг монголчууд Холливудын од гэдгээр илүүтэй мэднэ. Цаашид та кино урлагт хүч үзэх үү?
-Цаашид кинонд тоглох бодол байхгүй. Миний зүрх сэтгэлээ зориулдаг цорын ганц зүйл бол бүжиг. Хэрэв би үнэхээрийн мундаг жүжигчин байсан бол түүгээрээ дагнаад кинонд тоглоод явах байсан. Гэхдээ би цаашид кинонд тоглох төлөвлөгөө бодол алга байна. Бүжгээрээ дагнах болно оо.
-Монголын сонгодог урлагийг сонирхож ирсэн үү, эсвэл түүх соёлыг нь сонирхсон учраас та Монголд ирэх саналыг хүлээж авав уу?
-Америк уран бүтээлчийн хувьд Монголд ирж тоглолт хийнэ үү гэсэн урилгыг хүлээн авахгүй байхын аргагүй. Америкийн ямар ч нэртэй бүжигчин, жүжигчин ийм саналаас татгалзахгүй. Яагаад би Монголд ирэх болсон бэ гэвэл хүмүүстэй нь дотно танилцаж, түүх соёлтой нь танилцахыг хүссэн. Мэдээж бүжигчин хүний хувьд Монголын бүжигчидтэй хамтран бүжиглэхийг хүсч байна. Би мөн зодооны урлагаар хичээллэдэг. Тиймээс би маргааш Бөхийн өргөөнд очиж бөх барилдахыг үзэх гэж байгаа. Монгол надад маш их таалагдаж байна.