Би хэдэн мөрөөдлөө хэлье. Гэхдээ толгойдоо дээд боловсрол, цээжиндээ гадаад хэл, гражиндаа Лэксус 570, дансандаа сая доллар, Зайсанд хувийн хаус гэх зэрэг бол биш шүү. Энэ бүхэн ердөө надаас хамааралтай бөгөөд зорилгодоо хүрэхэд л хэрэг болох зүйлс. Харин ганц надаас хамаарахгүй зүйлс бас байна, энэ хэвээр байвал ирээдүйд, надаас хойно ч үлдэх бололтой. Энэ зүйлээс болж ганцхан надад ч гэлтгүй олон хүнд дараах мөрөөдлүүд байгаа л байх. Гэхдээ эдгээр мөрөөдлийг биелүүлэхэд ганцхан зүйл л саад болоод байна. Тэрнийг би хэлэхгүй. Яагаад гэвэл хэлэхээс ч дургүй хүрч байна, тэгээд ч хэлүүлэлтгүй ойлгочих болохоор тэр.
Өглөө бүр гүймээр байна
Эх орныхоо нэрийг дэлхийд гаргах, Лондонгийн олимпод өрсөлдөх тамирчдаа төлөөлөн бидний баатар П.Сэрдамба, Э.Бадар-Ууган нар маань телевизээр яриа өгч байхыг нь харлаа. Тэд бэлтгэлээ гадаад улс руу явж хийхээс аргагүй болж байгаа гэнэ. Учир нь өвлийн цагт тамирчид маань нийслэлд байвал амжилтанд нь сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа аж. Энэ тухай сонсоод нэг зүйлийг санасан нь хүйтэрч эхлэснээс хойш далд хийсэн бэлтгэлийн улаан гутал маань байв. Би ч мөн өглөөд гүйхээ болиод удаж байгаа юм байна. Уг нь хэдий өвөл ч өглөө бүр гүйдэг байж. Цэнгэг агаар, амьдрал удахгүй эхлэх нийслэл хотын сэлүүхэн гудамж, зүс таних эртэч танилуудын инээмсэглэсэн харц, мандаж буй нарны цацраг гээд л энэ бүхэн амьдралын маань өдрүүдэд эрч хүч өгдөг байж. Яана аа, би дахиад гүймээр байна, яг л Порест Гамп шиг хотынхоо дундуур дахиад нэг гүйхсэн. Би мөрөөдөж байна.
Үснээс маань үнэртэх үнэрээс салмаар байна
Хэдхэн жилийн өмнө гэр хороололд байдаг эгчийн маань хүүхдүүд манайд “айлчлаад” надад үнсүүлэхээр ирэхэд өмнөөс нүүрсний үнэр үнэртэж, би ч “Яасан арчаагүй юм, хүүхдүүдийнхээ үс толгойг угааж байхад яадаг байна аа” хэмээн эгчдээ мундагдаж байсан юм. Гэтэл одоо үснээс маань утаа үнэртдэг болсоор удаж байна. Манайх гэр хороололд нүүж очоогүй ч, гэр хорооллын асуудал манайд нүүж ирсэн нь энэ. Ямар ч шампунаар угаагаад нэмэргүй, дахиад л шингэчих юм. Шөнөдөө цонхоо онгойлгохоо больж, өдөр нь малгайгаар дарж нуугаад ч нэмэр алга. Хэзээ нэг намайг “арчаагүйгээр маань дуудах вий” дээ. Үснээс маань нүүрсний уут шиг үнэр салаасай хэмээн би мөрөөдөж байна.
Тод өнгийн хувцас өмсмөөр байна
Дахиад л анзааралгүй явсан зүйлээ ойлгов. “Гэр хороололд байдаг л гэхээрээ яагаад голдуу бараан, саарал өнгийн хувцас өмсөцгөөдөг байна аа. Шар, цагаан, цэнхэр гээд гоё гоё өнгөнүүд байдаг юм шүү цаана чинь” гэж бухимддаг байлаа. Бас л өнөө муу гэр хорооллын эгчдээ шүү дээ. Гэтэл ингэж бараан зүгийн юм өмсөхөөс аргагүй болоод байна. Тод өнгийн хувцас авахад утаа, тоосонд нь дорхноо гандчихна. Анхнаасаа хар юм авсан бол арай удаан өмсөнө. Угаагаад тавихад нэмж үнэр шингэнэ. Цайвар өнгө гандана. “Тайде, Оом оо” ч нэмэргүй. Тод өнгийн хувцас өмсөхсөн.
Би цас идмээр байна
Энэ айдас биелэхгүй гэдэгт итгэж байгаа ч цас нэг л өдөр саарал өнгөтэй орох вий гэдгээс айж байна. Бидний аав ээж, ах эгч нар цас идэж, байлдаж өссөн бол одоо тортогонд дарагдчихсан цасыг идэх тухай бодохын ч хэрэггүй болсон гэж бодохоор айх ёстой ч юм шиг. Бага насаа дурсаж, үгүй ядахдаа дүү нарыгаа тоглоомын талбай дээр цасаар тоглож, өвлийн өвгөн хийж байгааг нь харахсан. Хамт цас идэх юмсан.
Би өвдмөөргүй байна.
“Хүний газар өвдөж л болдоггүй юм шүү, биеээ бодож яваарай” гэж хэлээд ээж маань намайг гадаад руу үдэж гаргаж байсныг нь ерөөсөө мартдаггүй юм. Харин энэ үеийг хүний газарт биш өөрийнхөө газарт, эх орондоо бодож явах ёстой байж. Сүүлийн үед нэмэгдэж байгаа амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн системийн өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчнүүдийн шалтгаан нь бас л өнөөх чинь. Урьд нь хэн нэгэн хүүхэд төрүүлжээ гэхийг сонсоод “хүү юу, охин уу” гэж асуудаг байсан. Гэтэл одоо энэ тухай сонсоод “эрүүл төрсөн үү, тархины даралттай юу, эх нь өөрөөрөө төрсөн үү, хийсвэр хийлгэсэн үү, төрөх цагтаа төрж чадсан уу” гэх зүйлс асуудаг болсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нийслэлд жирэмсэн хүн байх, хүүхэд төрөхөд үнэхээр хүндрэлтэй болсон гэсэн үг. Хүүхэд нь бүтээгүй эгчид маань эмч нэг зүйл хэлсэн нь “хэрвээ эрүүл хүүхэдтэй болно гэж байгаа бол эртхэн төлөвлө. Тэгээд хөдөө салхинд гарсан нь дээр” гэж. Өөр нэг эгч маань хавдартай болчихоод бас л шаналж яваа нэгэн. Хавдрын шарлагын аппарат нь байнга эвдэрчихдэг бололтой. Ажиллаж байгаа үед нь ачааллаа дийлэхгүй сар гаруйн дараа орох дугаар авсан гэнэ. Гэтэл Хавдар судлалын үндэсний төвийн өнөө шарлагын аппарат нь эвдрээд дахиад л эмчилгээ нь хойшилж буй аж. Энэ бол манай гэр бүлийнхэнд тохиолдсон зүйл. Гэхдээ л олон олон гэр бүл энэ мэт зүйлд шаналсаар л байгаа. Энэ жил л гэхэд Канадын Симон Фрасэр-ийн Их Сургуулийн Хүрээлэн буй орчин, эрүүл ахуйн зөвлөх профессор Райн Ален тэргүүтэй судлаачид “Улаанбаатарын утаанаас болж нийслэлийн хүн амын арван хүний нэг нь нас барж магадгүй” гэх судалгааныхаа дүнг танилцуулна билээ. Агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байгаа хотын иргэн гэхээр ичмээр ч юм шиг. Энэ хэвээр байвал 5, 10 жилийн дараа манай хот уушигний өвчин болон хортой, хоргүй хавдраар хүн амдаа эзлэх хувиар яах аргагүй дэлхийд тэргүүлнэ. Тэр цагт ичих биш эмгэнэнэ. Энэ цагт боловсрол, дэд бүтэц гээд олон зүйлийг хөгжүүлэх хөрөнгө хөрөнгө бүр эрүүл мэндэд зарцуулагдах болно. Иймд гэр бүлийнхнийгээ эдгээсэй, бидний хайртай хүмүүс битгий өвчлөөсэй хэмээн мөрөөднө. Мөн утааг битгий дутуу үнэлээсэй хэмээн найдна.