П.Сэрдамба МОБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллана

Хуучирсан мэдээ: 2012.11.13-нд нийтлэгдсэн

П.Сэрдамба МОБХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллана

Монголын олимпийн боксын холбооны Удирдах зөвлөлийн хурал өчигдөр орой болж, өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа дүгнэж, Лондонгийн олимпод үзүүлсэн боксчдын амжилт, ирэх жилүүдэд хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө хэлэлцжээ. Монголын ширэн бээлийтнүүд “Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд амжилттай оролцож, Гавьяат тамирчин Н.Төгсцогт 52 кг-ын жинд мөнгө, харин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-д хүрэл медаль хүртсэн нь чамлахааргүй амжилт. Тиймээс ч холбооны Удирдах зөвлөлийн гишүүд өнгөрсөн дөрвөн жилд нөөц бололцоогоо ашиглаж, сайн ажилласан гэж дүгнэсэн байна.

Удирдах зөвлөлийн хурлын үеэр сүүлийн хоёр олимпийн циклд Монголын боксчдыг амжилттай удирдан, олимп, дэлхийн аваргаас медальтнууд төрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг, дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нар өөрсдийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ. Удирдах зөвлөлийн шийдвэрээр "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийг Монголын олимпийн боксын холбооны Хүндэт ерөнхийлөгчөөр нэрлэсэн байна.

Ингээд улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэг агсны хүү, УИХ-ын гишүүн О.Содбилэг Монголын олимпийн боксын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож,  ирэх жилүүдэд МОБХ-г удирдахаар болсон байна. Харин холбооны бүхий л ажлыг нугалах учиртай ерөнхий нарийн бичгийн даргаар Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба ажиллахаар сонгогджээ. Түүний хувьд ийнхүү сонгуульт ажилд томилогдсоноор тамирчны хувьд их спортын замналаа өндөрлүүлж, боксын спортыг хөгжүүлэх үйлст хүчин зүтгэхээр болж байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж