Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотод олон зуун хүмүүс гэмт хэрэг, үнийн хөөрөгдөл, улс төрийн авлига, хээл хахууль зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд газар авсныг эсэргүүцэн жагсчээ. Эсэргүүцэгчид нийгмийн сөрөг үзэгдлүүдэд олон нийт, төрийн удирдлагуудын анхаарлыг хандуулахын тулд гартаа хоолны сав, хайруулын таваг барин, савх, төмөр саваагаар нүджээ. Жагсагчдын зүгээс эдгээр асуудлаас гадна Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнерийг ирэх ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгааг хүчтэй эсэргүүцэж байгаа аж. Эсэргүүцэгчид “Улс төрчдийн худал амлалтаас залхаж байна. Улиран сонгогдоно гэсэн асуудал байхгүй” хэмээн хашгирч, ардчилалыг шаарджээ. Жагсагчдын цуваа Буэнос-Айрес хотын төв талбайгаас эхэлж, 14 гудамжийг бүхэлд нь хамарсан бөгөөд тэдний сав нүдэх чимээ хот даяар анхаарал татаж байжээ. Жагсаал харьцангуй тайван болж өнгөрсөн бөгөөд үймээн гарахаас сэргийлэн цагдаагийн 300 гаруй албан хаагчийг ажиллуулжээ.
Б.АНХТУЯА