![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/10/d07824cd18d14479/4336a822bdb4c372original.jpg)
УИХ-ын намрын чуулган түр завсарлалаа. Эрхэм гишүүд улс, орон нутгийн төсвөөр ойрын дөрвөн жилд юу хийж болохыг иргэдийнхээ амнаас сонсохоор дөрвөн зүг, найман зовхист одов. Цаг хугацааны хувьд энэ завсарлага Орон нутгийн сонгуультай давхцаж таарлаа. Тэгэхээр гишүүд ирээдүйн төсвийг иргэдтэйгээ ярихын хажуугаар өөр өөрийнхөө намын сурталчилгааг давхар хийж нэг сумаар хоёр туулай намнаад ирэхээр зүг зүг рүү мордоцгоов.
Чуулганы хуралдаан түр завсарласнаас бус улс төр амсхийгээгүй энэ өдрүүдэд улс төрийн амьдрал хэрхэн өрнөж буйн хөшгийг сөхөж үзье.
Хэдийгээр УИХ-д олон суудал авсан ч баттай олонхи болж амжаагүй АН-ынхан УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ынхантай эвсч засгаа эмхлээд гурван сар гаруйн нүүр үзэж байна. УИХ-ын сонгуультай зэрэгцэж явсан Нийслэлийн ИТХ-ын сонгуулиар АН ялж хамгийн гол газраа хөлтэй болсон. Одоо хөдөө орон нутагт ялалт байгуулж аймгуудад хөлтэй болохыг АН эрхэмлэж байна. Тиймээс УИХ-ын сонгуулиас дутахааргүй ач холбогдлыг АН-ынхан орон нутгийн сонгуульд өгч байна.
УИХ-ын 1996 оны сонгуульд ардчилагчид ялалт байгуулсан ч тэр жилийнхээ орон нутгийн сонгуульд ялагдаж сөрөг хүчин байсан МАХН-д түшиц газруудаа алдаж хөлөө тушуулж хаширсан. Тиймээс энэ удаагийн орон нутгийн сонгуульд тэр алдаагаа давтахгүйн тулд АН-ынхан ихээхэн хичээж УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд аймгуудад хуваарилагдан оджээ. Хамгийн их маргаантай, бужигнаантай байгаа Хөвсгөл аймагт л гэхэд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат биеэрээ ажиллаж байна. УИХ-ын дарга З.Энхболд Сэлэнгэ аймаг руу мордов. Ерөнхий сайд Н.Алтанхуяг л Засгийн газрын тэргүүний хувьд нийслэлд хоцорчээ. Гэхдээ тэрбээр нийслэлийн дүүргүүдийг “илбэн тохинуулах” үйлсэд мөн зүтгэх юм.
Орон нутгийн сонгуультай зэрэгцэн нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд УИХ-ын дахин санал хураалт болж хоёр суудолын эзэн тодорно. Гэхдээ Сонгинохайрхан дүүргийн санал хураалтыг хойшлуулаад байгаа бөгөөд АН-аас нэр дэвшигч Л.Эрхэмбаяр саналын нарийвчилсан тооллогоор 28 хувийн босгыг давсан хэмээн үзжээ. Хэрэв ингэвэл УИХ дахь АН-ын бүлгийн суудал нэгээр нэмэгдэж 32 болно.
Саяхан л Төрийн ордон дотор буйдантай суулт зарлаад байсан МАН-ынхан УИХ-ын сонгуулиар алдсан даагаа нэхэхээр эрхэм гишүүд нь бас л орон нутгийг зориод байна. Нийслэлийн дүүргүүдэд ч хүчтэй ажиллаж эхэлжээ. Гэхдээ судалгаанаас үзэхэд Улаанбаатарт рейтинг сул байгаа гэх. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулиас хойш МАН-ынхан мэдээлэлд ойр байдаг нийслэлийнхний дунд аз, од тааруу байгаа. Тийм болохоор гол хүчээ хөдөө хаяхаар болжээ. Төрийн ордонд МАН-ын данстай нэг ч гишүүн харагдахгүй байгаа нь үүнийг гэрчилнэ.
Өмнөх хэдэн сонгуульд бүдэрсэн болохоор МАН-ынхан гадаадаас PR-чид авчирч семинардаж семинардаж л тал тал тийш гарсан дуулдана. “Ядравч янжууртайгаа” гэгчээр хотыг алдсан ч хөдөөг авч Засаг дарга нараар дамжуулан АН-ын засгийн хөлийг тушихаар МАН-ынхан их л эрчимтэй ажиллаж байна.
Бас орон нутгийн сонгуультай зуузай холбох УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтаар Баянзүрх дүүргээс нэг гишүүн нэмэх тул 25 гишүүн 26 болно гэж баяртай байгаа. МАН-ын хоёр гишүүн Д.Арвин, Б.Батзориг нар тэнд өрсөлдөх тул нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэгчээр МАН-д нэг суудал нэмэх нь гарцаагүй болоод тэр.
МАН-ын тогоон доторх өөр сонин гэвэл чуулган түр завсарлахын өмнөхөн эрхэм гишүүн асан У.Хүрэлсүх гишүүнээсээ татгалзсан. Орон нутгийн сонгуулийн дараа МАН-ын жагсаалтын дараагийн хүн болох Д.Сарангэрэл тангараг өргөж эмэгтэй гишүүдийн тоо өмнө хэзээ ч байгаагүй хоёр оронтой тоонд шилжиж 10 болно. Удахгүй УИХ-ын гишүүний тангаргаа өргөх МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд идэвхийлэн морджээ.
Ойрын үед ер нь хамгийн их сонин хачинтай нь МАН болж таараад байна. УИХ-ын гишүүн асан МАН-ын гишүүнчлэлтэй хэсэг нөхөд өнгөрсөн намрын эхнээс “Парламентчдын холбоо” гэдгийг байгуулж экс эрхэм гишүүн Д.Очирбат нар манлайлаад буй. Тэд эрчимтэй улс төр хийж намаа шинэчлэх юм гэсэн. Тоон дотор үсэг гэгчээр гишүүн асан Л.Гүндалай тэр дотор цохиж яваа дуулдана. Орон нутгийн сонгуулийн дараа тэд нэг юм дуулгаж магадгүй.
МАН-ын хэсэг залуу гишүүн саяхан “Ардын жигүүр” гэдгийг өдлүүлээд амжсан. Тэд МАХН гэдэг нэрээ буцааж авъя гэсэн ч гэх шиг. С.Баяр даргын үед нам даруулсан жигүүр гэгч бүтэц өмнөх жигүүрийн тэргүүн Ө.Энхтүвшинг МАН-ын дарга болмогц дахин гараад ирлээ. МАН ялагдаад ирэхээрээ дотроосоо өдөлдөг. Өдлөгсдийг алба тушаалаар мялаагаад өгөхөөр дуугаа хураадаг. Аятайхан өдөлж байгаад орон нутгийн сонгуулиар алба тушаал юу магад гэсэн амбицтай залуус ч “Ардын жигүүр” дотор байгаа юм бил үү.
Орон нутгийн сонгуулийн дараа УИХ дахь МАН-ынхан албан ёсоор бүлэгтэй болж жинхэнэ сөрөг хүчний байр сууриндаа шилжинэ. Өвөрхангай, Увсын хоёр хоёр суудлын маапаан хаашаа эргэх нь ч шийдэгдэнэ. Иймэрхүү ая зантайгаар МАН-ынхан орон нутгийн сонгуулийг угтаж байна.
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл гэж шинэчлэлийн Засгийн газарт “хувь оролцоотой” ч эмээлийн бүүрэг шиг хоёр тийш харчихсан нэг субъект байна. Уг угшлаа дагаад МАХН нь МАН-д, МҮАН нь АН-д “уусахад” бэлэн гэсэн мессеж аль эртнээс тараад байгаа. Үүнийг эвслийнхэн одоохондоо няцааж л байгаа. Яахыг цаг хугацаа харуулна.
Лав л УИХ-д тангараг өргөх 11 дэх гишүүнээ одоо болтол шийдэж чадахгүй л байна. УИХ-ын гишүүн асан, хуульч Ц.Оюунбаатараар тангараг өргүүлнэ гэсэн чимээ зунаас хойш дуулдсаар эл дол боллоо. УИХ-ын дэд дарга Л.Цог энэ асуудлыг орон нутгийн сонгуулийн дараа шийднэ гэж байсан. Тэгвэл МАХН-ын нарийн бичгийн дарга, Н.Энхбаярын ажлын албаны дарга У.Барсболд “11 дэх суудал Н.Энхбаяр, Э.Батшугар нарын нэгийнх байх ёстой. Орон нутгийн сонгуулийн дараа асуудлыг шийднэ” гэж өчигдөрхөн хэллээ. Тэгэхээр энэ суудлын эзэн мөддөө тодрох янзгүй ч юм шиг. Ц.Оюунбаатарыг МАХН-ын гишүүн биш, Нам бусчуудын холбоог тэргүүлдэг хүн гэсэн утгаар МАХН-ынхан төдийлөн авч үзэх дургүй байгаа бололтой.
МАХН дотор намын албан тушаалыг шинэчүүдэд хувааж өгсөн бас нэг хагарал гараад байгаа юм байна. “Хойноос ирээд хот миний” гэгчээр УИХ-ын сонгуулийн үеэр МАН-д байж байгаад МАН унаж, МАХН бүлэгтэй болмогц бялуу дагаад гүйгээд ирсэн П.Хангал, У.Барсболд, О.Лхагвацэдэн нар гэнэтхэн МАХН-ын нарийн бичгийн дарга болцгоожээ. Н.Энхбаяр даргыгаа чөлөөлөхөөр өлсч цангаж, хөхөө өвлийн хүйтнээр жагсч, буйдан доогуур чихүүлж, УИХ-ын сонгуулийн үеэр улаа эргэтэл харайсан хуучин гишүүдэд энэ нь гомдолтой санагдаж байгаа гэнэ. Тэр бүү хэл УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагвыг МАХН-ын дэд даргаас буулгах гэж мөнөөх шинэчүүдээс үзсэн ч гэх шиг. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн Интерполд илгээсэн захидал сэлт гээд МАХН-ынхан дуулиан шуугиан арвинтай байна. Бас Сүхбаатар дүүргийн сонгуулийн хороо МАХН-ын нэр дэвшигчдийг МАН-аас гараагүй хэмээн бүртгэсэнгүй гэж МАН-ын Тусгаар тогтнолын ордны гадаа буйдандаж үзсэн. Хамгийн сүүлд Налайхад МАХН-ын 150 гишүүн мөн л нэр дэвшигчдийг нь бүртгээгүй гэсэн шалтгаанаар жагсаал үйлджээ.
Дотроо ийм зөрчилтэй байгаа МАХН-ынхан эвсэл болсон МҮАН-ыг дагавар хүүхэд болгож хараад байна гэж тус намынхан бас гомдоллох болов. МҮАН-ынхан адилхан эвссэн байж албан тушаалыг хоёр нам 50:50 хувиар хуваах ёстой гэж үздэг. Үүнийгээ ч ил хэлдэг. Гэтэл эвсэл дотор МАХН 70, МҮАН 30 хувиар тушаал хуваана гэсэн нь тэдний хооронд үл ойлголцлын ангал үүсгээд байгаа. МҮАН-ын дарга М.Энхсайхан удтал албан тушаалгүй сууж байгаад МТЗ төрийн өмчит компанид очоод удаагүй байна. Эвслээс зарласан Ард түмний шударга хурилдайд МАХН-ынхан очсон, МҮАН-ынхан харагдаагүй.
Хөвсгөлд МҮАН-ын гишүүд МАН-ынханд хавчигдаж орон нутгийн сонгуульд оролцох эрхгүй болоод өлсгөлөн зарлаад сууж буй. Орон нутгийн сонгуульд л гэхэд эвслийн хоёр нам зарим газар нийлж, заримд нь тусдаа ороод байгаа. “Шударга ёс” эвсэлд нэгдсэн хоёр нам эмээлийн бүүрэг шиг эгнэгт хоёр тийш харах уу, эвлэж нийлэх үү гэдгийг бас л цагийн байдал харуулах байх.
Парламент дотор хамгийн амар амгалан стрессгүй нам ИЗНН болж байна. Угаасаа парламентад суудалтай л болохоос биш айхавтар хөлөө олсон тууштай нам биш. Засагт орсон. Байгаль орчин, ногоон хөгжлийн гэх бодлогын яамыг авсан. Зорилгоо биелүүлсэн. Тэдэнд өөр хүсэл зорилго одоогоор байхгүй. Орон нутгийн сонгуульд МАХН-тай, МҮАН-тай гээд янз янзаар л эвсч орж байгаа.
Завсарласан чуулганы хөшигний араар парламентад суудалтай намуудын амьдрал иймэрхүү маягтай харагдаж байна.