МАХН-аас Налайх дүүрэгт нэр дэвшигч, гишүүд дэмжигчдийн хамт өнөөдөр Налайх Дүүргийн Засаг даргын тамгын газрын өмнө жагссан байна. Жагсаалд нийт 150 орчим хүмүүс оролцсон бөгөөд тус дүүргийн сонгуулийн тойргийн хорооноос нэр дэвшигчдийн мандатыг өгөхийг шаарджээ. Тус дүүргийн тойргийн хороо МАХН-аас нэр дэвшсэн 25 хүний 15-ыг нь бүртгэхээс татгалзсан тул Налайх дүүрэгт нэр дэвшигчид Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, ялалт байгуулсан юм байна. Гэвч тус дүүргийн Сонгуулийн хороо өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлж, нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа тул МАХН-ын гишүүд ийн жагсчээ. Түүнчлэн жагсагчид Налайх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Батдоржоос шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Сонгуулийн хороог татан буулгах тухай албан шаардлагын хариуг нэхсэн байна. Гэвч тэрбээр тодорхой хариу өгөөгүй тул нэр дэвшигчид шүүхийн шийдвэрийг биелүүлтэл Засаг даргын Тамгын газрын өмнө гэр барьж хугацаагүйгээр өлсгөлөн зарлахаар болсон тухай эх сурвалж мэдээллээ.
Г.ДАРЬ