"Цэрэнням эгчээ битгий сандраарай. Одоо хүмүүс ирээд голоос татаад авчихна. Гурвуулаа ямар голд живчихсэн биш. Мөсөн дээр хөвж яваа болохоор амьд гарна гэсэн үг. Дүү нь хамаагүй хашгирч болохгүй байна. Хүү орилохоор айгаад уйлаад, ээрээд байна. Та нөгөөдүүлдээ чимээ өгөөд байгаарай. Би хүүдээ мөөмийг нь өгчихлөө. Хүүгээ усанд норгочихгүй юмсан" хэмээн Н.Саранчимэг ширээний тавцан шиг мөсөн дээр хүүгээ тэврээд гол уруудаж урсахдаа Цэрэнням гуайд хэлсэн байна лээ.
Харин Цэрэнням гэх эмэгтэй түүнээс холгүйхэн мөсөн дээр гол уруудан баруун гараараа ус самардан явжээ. Голоо захлах арга бодох нь битгий хэл хүчтэйхэн орилчихвол мөс нь холбирчих гээд хэцүү байсан тухайгаа ярьж байсан. Харин нэг тохой уруудахад мөс нь захалсан байна. Харанхуй байсан болохоор юу ч харагдахгүй голын ширүүн урсгалаас өөр сонсогдох юмгүй, олон цаг хүйтэн мөс, жавар тачигнасан усанд норж явсан учраас хоолой нь сөөж эхэлсэн байна. Тэрбээр Н.Саранчимэгт хандан "Миний дүү хүүгээ голын эрэг рүү шидээд амьд гарахыг бод. Аргалж байгаад л голын эрэг бараадах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол болохоо байлаа" хэмээжээ. Ингэж хэлэх зуур нь модны нарийн мөчир тааралдаж, Цэрэнням гуай зуураад хоцорчээ. Модны мөчрөөс хоёр гараараа зуураад л зүтгээд байсан гэнэ. Хоёр хөлөө савчиж, бургасны мөчрийг ахиулан барьж, "Гардаг л юм бол учиртай" гэж бодон зүтгэсээр байгаад голын эрэг дээр гарч чадсан байна. Тэрбээр "Сараа эгч нь голын эрэг дээр гарчихлаа" гэж хэлтэл "Би хүүгээ хаяж чадахгүй. Усанд унагаагаад алдчихвал яах юм бэ. Би одоо яах юм бэ. Тэд нар ямар удаан ирдэг юм бэ. Хүний бараа харагдана уу. Та намайг авраач" хэмээн уйлан голын ширүүн урсгалд туугдан алга болжээ. Гол уруудан урссан Саранчимэг тасралтгүйгээр "Авраарай" хэмээн хашгирч байсныг онцолж байв.
Энэ бол Саранчимэгийн найман сартай хүүгээ норгохгүйн тулд гар дээрээ өргөж, голын мөсөн дээр аврал эрж явахдаа Цэрэнням хөгшинтэй ярьсан хамгийн сүүлчийн яриа. Үүнээс хойш огт сураг гарахгүй байсаар найм хонож байна. Н.Саранчимэгийн ар гэрийнхэнд үнэхээр хэцүү байна лээ. Түүний нөхөр Ш.Ганбат "Яах гэж захаас гурил авч явав даа. Хэрэв би 25 килограммын гурил үүрч яваагүй байсан бол хүүгээ тэврээд явах байсан юм. Эхнэр маань хүүгээ тэвэрч явснаас болоод л голын эрэг дээр гарч чадсангүй. Бүх юм надаас л болж байгаа юм. Ганцаараа байсан бол надаас түрүүлээд эрэгт гарах учиртай, хөдөлгөөнтэй хүн байгаа юм" хэмээн уйлж байв. Төрөөд наймхан сар элгийг нь дэвтээж, аз жаргал нь болсон алагхан үрээ, хайрт гэргийгээ мөсөн дээр тэгнэн гол уруудаж аврал эрэн одохыг харсан түүнд үнэхээр хүнд байгаа нь ойлгомжтой.
ОХУ руу хил нэвтэрч, Н.Саранчимэг болон түүний хүү Г.Шинэбаяр нарыг хайх хэлэлцээр амжилттай болжээ. Мөн ОХУ-аас 20 хүнтэй эрлийн баг гаргаж самналт хийх хүртэл арга хэмжээ авахаар болсон байна. Монголын талаас Н.Саранчимэгийн ар гэрийнхэн болоод Онцгой байдлын албан хаагчид болон Хил хамгаалах ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн ажилтнуудын хамтарсан 26 хүнтэй эрлийн багийнхан Сайхны хөтлийн заставаас хөдөлсөн юм. Онцгой байдлын албан хаагчид өвлийн нормын хувцсаа өмсчээ. Тэднээс ямар багаж хэрэгсэлтэй ирсэн талаар асуулаа. Бүгд л "Өө нөгөө муу хийлдэг завиа машин дээрээ ачаад л ирлээ. Бидэнд өөр багаж хэрэгсэл гэх юм байх биш. Ингээд л хайж гарна даа. Өдөржин явах юм гэсэн. Хоол унд гэрээсээ аваад л гараад ирлээ" хэмээн хариулав. Онцгой байдлын албан хаагчдад өвлийн зузаан гутал ч алга. Тэд Сайхны хөтлийн застав гарч амжаагүй байхад л хөл нь даарч байгаа бололтой. Хөлөө ээлжлэн газар товшиж эхэлсэн юм. Дөрөв дөрвөөрөө нийлээд л Сэлэнгэ мөрнийг уруудаад алхлаа. Голын ус огт хөлдөөгүй цэнхэртэн мэлтэлзэв. Гол даган хаа нэгтээ бут сөөг тааралдах аж. Зарим хэсгээр арав гаруй метр болж гол нарийсах боловч бидний явсан газраар Орхон, Сэлэнгэ голын нийлсэн бэлчир болохоор голын цаад зах хүртэл наанадаж 20 гаруй метрийн өргөнтэй. Сүүлийн хэдэн жил Сэлэнгэ мөрний урсац өөрчлөгдөж, Өвгөн Сэлэнгэ голын бэлчрээр урсахаа болиод Шинэ Сэлэнгэ хэмээн нэрлэх ай саваар урсах болжээ.
Эрлийн багийнхан арав гаруй километр алхлаа. Голын эрэг дагасан бургасаар хайж байв. Голын ус огт хөлдөөгүй байсан болохоор тэр хавиар хайлгүй эргээ даган хайж байсан юм. "Саранчимэг ээ" хэмээн хашгирсаар Тавтын застав оров. Түүнээс цааш хөдөлж ОХУ-ын хил даван явлаа. Сэлэнгэ голын гүнд хил заагласан тор байдаг аж. Гэхдээ тэр нь их гүнд байрладаг учраас түүнд торж үлдэх боломж байхгүй. Харин живж, доошоо орсон бол тэр тор дохиололтой гэсэн. Гадны ямар нэгэн биет хүрэхэд л дохиолол нь ажилладаг юм билээ. Харин Н.Саранчимэг хүүтэйгээ мөсөн дээр буюу усны мандал дээр явсан болохоор дохиолол ажиллаагүй гэнэ. Өмнө усанд живж амиа алдсан хэд хэдэн хүний цогцос энэ торонд хашигдаж, аврагчид цогцсыг нь гаргаж авч байжээ. Ийнхүү 20 гаруй километр автомашин болон явганаар явлаа. Онцгой байдлын албан хаагчид хоорондоо "Тэр шөнө усанд орсон бол балрахгүй юу. Би ч уг нь гол руу нэг орчихдог юм билүү гэж бодсон юм аа. Даанч ус хүйтэн, харанхуй байсан болохоор зориг хүрэхгүй байсан юм" хэмээн ярих нь сонсогдлоо. Гэхдээ тэдний дундаас шүд ташим тэр хүйтэн усанд хэн нэгэн ирэх болов уу хэмээн аврал эрэн амь тэмцэж байсан бүсгүй наймхан сартай бяцхан хүү хоёрыг аварч бүхэл бүтэн айл, аймагт аз жаргал бэлэглэх баатарлаг гавьяатан байгаагүй нь харамсалтай.
Н.Саранчимэгийн ар гэрийнхэн Сэлэнгэ аймгийн бүх л үзэж хардаг мэргэч, төлөгч, бөө, лам удганаар үзүүлжээ. Бүгд л "Амьд байгаа юм байна. Хадтай газарт байна" гэж хэлсэн гэнэ. Тэдний хэлж буйгаар амьд байх магадлалтай хэмээн ар гэрийнхэн нь ОХУ-ын хил орчмоор хайх гэж нэлээд яарч байлаа. Ар гэрийнхэн нь "Оросууд их тусч, усанд сайн сэлдэг хүмүүс байдаг гэсэн. Арай аварчихаад байгаа юм биш байгаа. Амьд л байгаасай" хэмээн ярих аж. Бидний ийнхүү хайж явтал Ш.Ганбатын гар утас дуугарлаа. Сэлэнгэ аймгийн төвөөс хамаатан нь ярьжээ. Сэлэнгэ аймгийн иргэд "ОХУ-аас хүү, ээж хоёр олдсон гэнэ" хэмээн цуурчээ. Цуу үгэнд итгэж ийнхүү залгасан байж. Тэгж байтал нэг хүн бургасны тийшээ гүйгээд явчихлаа. Бусад хайж байсан хүмүүс ч тэр зүг гүйлдэв. Бургасны ёроолд хар хүрэн куртик хэвтэж байсныг хараад Н.Саранчимэгийг байна хэмээн хууртжээ. Иймэрхүү байдалтайгаар хэд хэдэн удаа эрлийн багийнхан цугларсан юм. Н.Саранчимэг болон түүний хүү Г.Шинэбаяр хоёрыг хайж нэг өдөржин явлаа. Нар тэртээ харагдах модот уулын цаагуур орж бүрэнхий болов. Тэнгэр ч хуйсагнаж, баруун урдаасаа цасаар шуурч эхлэв. Ингээд эрлийн ажиллагааг зогсоохоос өөр ямар ч арга байсангүй. Бидний эрлийн ажиллагаа зогсоосон газраас цааш хилийн Наушик тосгон бий. Тэр хүртэл маргааш хайхаар шийдэж Сэлэнгэ аймаг руу хөдөллөө. Эрлийн багт орж нэг өдөр ийнхүү Н.Саранчимэг болон түүний хүү Г.Шинэбаяр нарыг хайсан юм. Гэвч тэднийг олж чадсангүй. Ар гэрийнхэн "Ядахдаа цогцос нь ч болтугай олдохгүй байгаа юм чинь амьд л байгаа байх" гэв. Ингэж ярихдаа хоолой нь зангирч, ямар нэг зүйлд итгэл өгөөд байгаа нь мэдрэгдэж байв.
Монгол Улсын хил даван давтал зургаан цаг гаруй Н.Саранчимэг Онцгой байдлын албан хаагчдыг аврах болов уу хэмээн хүлээсэн. Эвгүйхэн хөдлөхөд л мөс холбирч унах аюул дунд үхэлтэй тэмцэлдэж явсан гэж бодохоор гол зурах аж. Мөн эх хүний үрийнхээ төлөө гэсэн сэтгэл амь насаа үл хайрлан өвлийн хүйтэнд мөсөн дээр усан гүзээ болтлоо норж хөлдсөн дээлийнхээ энгэрийг задгайлж, харанхуй шөнө энгэрт нь наалдан ээрч уйлах хүүдээ мөөмөө өгч тайвшруулсан гэдгийг түүнтэй хамт таван цаг гаруй усны мандалд мөсөн дээр хөвсөн Г.Цэрэнням гуай бидэнд хэлсэн юм. Энэ талаар болон Онцгой байдлын аврагчид хүний амь нас аврах боломж байсан ч ажиллаж чадаагүй шалтгааны талаар маргаашийнхаа дугаарт хүргэх болно.