”Монголчууд ба Монгол бичиг” хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

”Монголчууд ба Монгол бичиг” хэлэлцүүлэг боллоо

Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулсан “Монгол бичгийн өдөр”-ийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д “Монголчууд ба Монгол бичиг” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр өрнөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Монгол бичгийн өдөр”-ийг албан ёсоор нээж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цахим хуудасны Монгол бичиг дээрх хувилбарыг танилцуулах үйл ажиллагаа болсноор хэлэлцүүлэг эхэллээ. Дараа нь Монгол бичигт тулгамдсан болоод тулгамдаагүй асуудлуудын талаар эрдэмтэн мэргэд санал солилцсон байна.
Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Р.Болд удирдсан бөгөөд МУИС-ийн Эх бичиг, Алтай судлалын тэнхимийн доктор, профессор Шаравын Чоймаа “Эзэн богд Чингис хааны бичиг соёлын бодлогын асуудлаар”, МУИС-ийн Уран зохиолын тэнхимийн шинжлэх ухааны доктор, профессор Сэндэнжавын Дулам “Монгол бичгийн талаарх төрийн бодлогын хэрэгжилт, өнөөгийн тулгамдсан асуудлууд” сэдвээр тус тус илтгэл тавьлаа.
 
Дараа нь МУИС-ийн Эх бичиг, Алтай судлалын тэнхимийн доктор, профессор Магсаржавын Баярсайхан “Монгол албан бичгийн уламжлал дахь хүндэтгэл илэрхийлэх ёсны асуудлаар”, МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхимийн доктор, профессор Гончигийн Гантогтох “Монгол бичгийн тулгамдсан асуудлууд”, уран бичээч, типографич Тогообатын Жамъянсүрэн “Монгол бичгийн үсгийн тиг, суралцах арга зүйн асуудлаар”, “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Базарсадын Элбэгзаяа “Монгол бичгийг бүх нийтийн хэрэглээ болгох тухайд” сэдвээр тус тус илтгэл тавьж, санал бодлоо хуваалцлаа. Хэлэлцүүлэг асуулт хариултаар үргэлжилж, уригдсан эрдэмтэн судлаачид Ерөнхийлөгчийн тамгын газрын удирдлагатай дурсгалын зураг авахуулснаар өндөрлөв.
 
Монгол бичгийн хэрэглээг өргөжүүлэх тал дээр эрдэмтэн Ш.Чоймаа хэлсэн үгэндээ “Ертөнцийн талыг эзэлж, нэгэн жолоонд оруулж, Их Монгол Улсын төрийн төвхнүүлэн байгуулсан Эзэн богд Чингис хааны агуу их үйл хэргийг дотоод гадаадын судлаачид олон талаас нь үнэлж дүгнэсэн байдаг. Гэвч Чингис хаантан бичиг номын үйл хэргийг болгоон соёрхож, Их Монгол Улсыг нэгдмэл бичиг үсгээр соён гийгүүлж, Монгол бичгийг төрийн бичиг болгосны ач гавъя тусыг онцгойлон үзвээс зүйд нийцэх биз ээ”.
 
МУИС-ийн Уран зохиолын тэнхимийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам Их эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойд зориулсан цогц арга хэмжээ болон “Монгол бичгийн өдөр”-ийг санаачилсан явдалд гүнээ талархаж буйгаа дурдаад Монгол бичигт тулгамдсан асуудлуудын талаар хэлсэн үгэндээ “Монголын төр засгаас Монгол бичгийн талаар дэс дараалсан баримт бичгүүдийг гаргасан. Үүний дотроос УИХ-ын 1995 оны 43-р тогтоолоор баталсан Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-1 баримт бичгийг дурдаж болно. Энэхүү баримт бичгийг боловсруулах ажлын хэсэгт багтсан хүний хувьд би хэрэгжилтийг нь хянаж, сонирхож явдаг билээ.1995-2005 оныг хүртэл хэрэгжүүлэх энэхүү баримт бичиг үндсэндээ биелэгдсэн гэж Засгийн газар үзээд гурван жилийн дараа буюу 2008 оны тавдугаар сарын 28-ны өдөр Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-2 баримт бичгийг 2008-2015 оныг хүртэл хэрэгжүүлэхээр баталсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай 155-р зарлигийнхаа хэрэгжилтийг баталгаажуулан цаашид гүнзгийрүүлэх, дараагийн арга хэмжээний тухай зарлиг гаргаж, болж өгвөл албан хэргийг Монгол бичгээр хөтлөх үе шаттай хугацааг зааж өгвөл сайн”.
 
МУИС-ийн Эх бичиг, Алтай судлалын тэнхимийн доктор, профессор Магсаржавын Баярсайхан “Бидний өвөг дээдэс олон мянган жилийн тэртээгээс асар их бэрхшээл зовлонг даван туулж байж баян тансаг газар орныг малтай нь, хэл соёлтой нь бидэнд өвлүүлсэн баатарлаг уламжлалтай. Монгол хүн гэж өөрийгөө хэлж байгаа бол Монгол бичгээ сурах ёстой. Энэ нь иргэн хүний үүрэг хариуцлага гэж бодох хэрэгтэй” хэмээв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж