”Хүүхэд бүрийг хамгаалъя” форум боллоо

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

”Хүүхэд бүрийг хамгаалъя” форум боллоо

“Хүүхдийн асуудлыг айл гэрийн аав болсон
Ерөнхийлөгч хариуцдаг байя”

“Даймонд пресс клуб”, “Хөрст дэлхий” ТББ хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хүүхдийн эрх ашгийг хамгаалахад тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэхээр “Хүүхэд бүрийг хамгаалъя” форумыг өнөөдөр Хүүхдийн ордонд зохион байгуулж байна.  Форумыг нээж Хүүхдийн төлөө газрын Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Х.Баавгай илтгэл тавьсан юм. Тэрбээр нийт хүн амын 37 хувийг хүүхдүүд эзэлж байгаа ч тэдний талаас илүү хувь нь хүчирхийлэлд өртөж, эрсдэлтэй  орчинд  амьдарч байгааг тодорхой судалгаанд үндэслэн хэллээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлт ирүүлснийг ЕТГ-ын ажилтан н.Нэргүй уншиж дуулгав. Хатагтай н.Нэргүй “Ерөнхийлөгч “Хүүхэд бүрийг хамгаалъя” форумын үеэр хөндөх гол асуудал нь стандарт байгааг сайшаан дэмжиж байгаа”-г онцлон тэмдэглэсэн юм.

“Хүүхэд бүрийг хамгаалъя” форумын хүрээнд “Даймонд пресс клуб”, “Хөрст дэлхий” ТББ хамтран улсын сургуулиудыг автобустай болгох санаачилга гарган хэрэгжүүлж байна. Эхний удаад Дамбадаржаагийн эцэст байдаг нийслэлийн 58 дугаар дунд сургуулийг сонгожээ. Гэр хорооллын дунд орших энэ сургуулийг хэдэн буудлын цаанаас зорин ирдэг хүүхдүүд шугамын автобус хүлээхгүй, сургуулийнхаа автобусаар явах боломжийг бүрдүүлж байгаа аж.

Мөн дээрх байгууллагуудын  санаачилгаар 5, 113, 14 дүгээр сургуулийн хажуугийн замд “Анхаар хүүхэд, хурдаа хасна уу” гэсэн сануулга бүхий самбар босгожээ. Самбарыг аль замд, хаана босгох талаар Замын цагдаагийн газраас санал авчээ. Нийслэлд хөдөлгөөн ихтэй замын хажууд байдаг олон сургууль бий. Эхний ээлжинд эдгээр сургуулийг сонгооч гэсэн Замын цагдаагийн газрын хүсэлтээр дээрх гурван сургуулийг сонгосон байна.

С.Гантогоо: Бид хоосон ярихгүй

 “Даймонд пресс клуб”-ын ерөнхийлөгч С.Гантогоо “Өнөөдрийн арга хэмжээг өндөр өртөгтэй үйлчилгээний газар бус хүүхдүүдийнхээ хичээллэж, суралцдаг орчинд зохион байгуулж байна. Энэ нь ч учиртай. Сүүлийн  үед уул уурхай, баялгийн тухай их ярьдаг болсон. Тэгвэл Монгол Улсын хамгийн том баялаг нь хүн ам, жирийн иргэд нь. Түүн дотроо хүүхэд бол хамгийн нандин байх ёстой. Харамсалтай нь хүүхдүүдээ хамгаалах, амьд явах орчинг нь баталгаатай болгох нь өнөөгийн Монголд хамгийн дутагдалтай зүйл байгаа. Бусад  зүйлийн стандартыг тогтоогоод байдаг мөртлөө хүүхдүүд ямар орчинд өсч, ямар баталгаатай хоол хүнс идэж байна гэдэгт анхаардаггүй. Жишээ нь, хичээлийн шинэ жилийн дараахан сургуулиа тараад явж байсан жаахан охин зуурмагийн машинд дайруулаад амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүний дараахан өдөрт хоёр, гурван ч хүүхэд автомашины осолд өртөж амиа алдсан.

Үүний цаана дандаа л стандартаа мөрдөөгүй, стандарт байхгүй гэсэн асуудлууд гарч ирж байна. Иймээс хүүхдэд хамаатай бүрэн стандарттай байх ёстой гэдэг асуудлыг хөндөж, хийж хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэж байна. Тухайлбал, сургуулиудыг автобустай болгоё гэсэн бидний санаачилга ирэх онд улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Бид зөвхөн сургуульд хүлээлгэн өгөөд зогсохгүй, уг автобусыг нийслэлийн өмчид бүртгүүлж, автобусны жолооч, шатахууны зардлыг төсөлт тусгуулах ажлыг иж бүрнээр нь хийнэ. Мөн сургуулийн автобус ямар байх ёстой вэ гэдэг стандартыг нарийвчлан гаргуулах талаар ч анхаарч ажиллана.

Бид хоосон ярихгүй. Өөрсдөө санаачлаад, хөрөнгийг нь гаргаад нийслэлийн захын дүүргийн гурван сургуулийн замд анхааруулах тэмдэг тавьж байгаа. Замын цагдаагийн газар бидэнд найрсгаар хандаж, мэргэжлийн зөвлөгөө өгч тусалсанд баярласнаа илэрхийлье. Мөн нийслэлийн хамгийн алслагдсан сургуульд автобус бэлэглэнэ. Хүүхдийн иж бүрэн тоноглолтой, цоо шинэ автобус өгнө. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан, сайхан сэтгэлтэй олон хувь хүн, компани байдаг юм байна. Тэдний дэмжлэгээр бидний ажил бүтэж байна. Хүүхдийн төлөө үндэсний төв биднийг дэмжиж байгаа. Мөн бидэнтэй хамтран “Хөрст дэлхий” төрийн бус байгууллага энэ бүх ажлыг нугалж байгаа гэдгийг онцлон дурдъя” гэлээ.

Б.Ганбаяр: Хүүхдийн асуудлыг Ерөнхийлөгч хариуцдаг байя гэсэн санаачилга дэвшүүллээ

“Хөрст дэлхий” ТББ-ын тэргүүн Б. Ганбаяр “Ерөөсөө хүүхдэд хамаатай бүхэн стандарттай, хэм хэмжээтэй, дүрэм журамд нийцсэн байх ёстой гэдгийг л хуульчлах гээд байгаа юм. Өнөөдөр Монголд хүүхдүүдээ цоожлоод явахад, хүүхдээ машины урд суудалд суулгаад явахад хэн ч хууль зөрчлөө гэж үздэггүй. Гэтэл манай хөрш оронд бол 12-оос доош настай хүүхэд машины урд суудалд суух эрхгүй. Түүнээс доош  насны хүүхдийг урд талын суудалд суулгавал торгуультай, жолоо барих эрхийг нь хасдаг. Мэдээж бид хуультай болчихвол нэлээд асуудал цэгцэрнэ. Тиймээс форумаас гарах санаачилга, зөвлөмж зэргийг хууль санаачлах эрхтэй Ерөнхийлөгч, Их хурлын гишүүдэд танилцуулна. Иймэрхүү зохицуулалт, стандарт хийж, хуульчилж чадвал бид ирээдүй хойчоо, өөрсдийнхөө үр хүүхдүүдийг л хамгаална.

Мэдээж бид хууль санаачлагч субьект биш учраас Ерөнхийлөгч, Их хурлын гишүүдэд форумаас гарсан санал, зөвлөмжийг хүргүүлнэ. Бид хөгжөөд байгаа юм шиг мөртлөө хөгжингүй орнуудын жишгээс санаа авч хууль дүрэмдээ оруулахаа харин орхичихож. Хүүхдийн тухай асуудлыг Шадар сайд хариуцдагийг их гайхсан. Монгол Улсыг айлаар яривал Ерөнхийлөгч гэж аавтай. Гэтэл хүүхдүүдийн асуудлыг яагаад аав нь хариуцахгүй байгаа юм бэ. Үүнийг өөрчилмөөр санагдсан. Миний хувьд, нэгдүгээрт хүүхдэд хамаатай бүхэн стандарттай байя, хоёрдугаарт хүүхдийн асуудлыг айл гэрийн аав болсон Ерөнхийлөгч хариуцдаг байя гэсэн санаачилгыг дэвшүүлж байгаа” гэж ярилаа.

Х.Баавгай: Хүүхдийн төлөө бүх үйл ажиллагааг стандартчлах шаардлагатай

-“Хүүхэд бүрийг хамгаалъя” форумын хүрээнд яригдаж буй асуудлуудад Хүүхдийн төлөө газраас ямар үүрэгтэй оролцох вэ?

-Шинэчлэлийн Засгийн газрын хөтөлбөрт тусгасан хоёр үндсэн асуудал бий. Тодруулбал, монголын хүүхэд бүр хөгжлийн шаталсан хөтөлбөрт хамрагдаж, түүгээр дамжиж хүүхдийн үндсэн эрх хангагдана гэж үзэж байгаа. Яагаад гэхээр хүүхэд хөгжиж, өөрийгөө танин мэдэхийн хэрээр өөрийгөө болон өрөөлийг хамгаалах чадвартай болдог. Тэгэхээр энэ бол их чухал зүйл. Өөрөөр хэлбэл, сайн урьдчилан сэргийлэлт бол хамгийн сайн хамгаалалт байдаг. Энэ утгаараа хүүхдийг аливаа эрсдэл, хүчирхийллээс хамгаалах мэдлэг, мэдээлэл сургалтыг бүх чиглэлээр зохион байгуулах шаардлагатай.

Мөн эрхзүйн асуудалд анхаарал хандуулж байна. Тухайлбал, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга одоо хэлэлцэгдэж байна. Төсөл боловсруулах ажлын хэсгүүд байгуулаад  үйл ажиллагаа явуулж байна. Эндээс хүүхдийг хүчирхийлдэг, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлддэг, хүүхдэд хариуцлагагүй,  тоомжиргүй ханддаг хүмүүст эрхзүйн асуудал гарч ирнэ. Үүнтэй холбоотойгоор Иргэний болон Эрүүгийн, Гэр бүлийн хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах тухай ч яригдаж байна. Үндсэндээ эрхзүйн орчинг өөрчилснөөр асуудлаас гарах учиртай юм.  Мөн бүх үйл ажиллагааг стандартчлах шаардлагатай. Уг нь хүүхдийн төлөө явуулж буй бүх үйл ажиллагааг стандарчлах ёстой ч одоохондоо “түүхий” байна. Стандарт батлаад, мөрдөж чадвал эрсдэлүүд багасна.

-Хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой төслүүд хэрэгждэг ч  үр дүн нь хангалтгүй байна. Энэ форум ямар үр дүнд хүрч чадна гэж үзэж байна вэ?

-Үр дүнд хүрээгүй гол шалтгаан нь манайхан нэг хөтөлбөр гаргаад орхичихдогт байдаг л даа. Уг нь эцэг эх, багш, хүүхэд юу хийх вэ гэдгийг харуулсан нарийн аргачлал байх ёстой юм. Энэ аргачлал арга зүй нь байхгүй учраас хэрэгждэггүй. Одоо хэрэгжих гэж буй хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрт бага насны хүүхэд өдөр тутам юу хийх үүрэгтэй, эрхтэйг шатлалтайгаар гаргасан аргачлал нь байгаа. Үүнээс эцэг эхчүүдийн оролцоо гарч ирж байгаа юм. Ингэснээр өмнөх тунхаглалын шинж чанартай төсөл, хөтөлбөрүүдээс хамаагүй амьд, үр дүнтэй болох нөхцөл бүрдэж байна.

-Та бүхний санал, санаачилга хэзээнээс хэрэгжих вэ?

-Хугацааг нь нарийн хэлэх боломжгүй. Гэхдээ бид богино хугацаанд энэ асуудлыг шийдэхийг хичээнэ. Тухайлбал, Хүүхдийн төлөө газраас хүүхдийн үйлчилгээний стандарт боловсруулах, зарим хуульд өөрчлөлт оруулахад анхаарал хандуулан ажиллаж  байгаа.

-Хүүхдийн төлөө газар нэр төдий ажиллаж байна гэсэн иргэдийн шүүмжлэл бий. Үйл ажиллагаа нь баяр ёслолын үеэр мэндчилгээ хүргэх төдийхнөөр хязгаарлагддаг. Яагаад ийм байна вэ?

-Үндсэндээ удирдлагын зохион байгуулалттай шууд холбоотой. Тийм учраас шинэчлэлийн Засгийн газар тунхагласан, баяр ёслолын арга хэмжээнээс татгалзсан. Яг хүүхдэд, иргэнд  хүрсэн ажлыг дэмжиж, төсөв хуваарилж байна. Бид “Хүүхдээ сонсъё” аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа. Эндээс эхлээд цаашид гарт баригдах бодит ажил хийнэ.

Г.ДОЛГОРСҮРЭН
Эх сурвалж: www.time.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж