“Гэртээ харих зам”… Энэ бол “Ардын эрх” сонин, news.mn вэб сайтын сэтгүүлчийн асуудал хөндөн дэвшүүлж байсан нийтлэлийн нэр. Уншигч та санаж байгаа бол энэхүү цуврал нийтлэлээр дамжуулж дунд сургуулийн сурагчдыг автобустай болгоё гэдэг санаачлагыг гаргаж байв. Тэгвэл энэхүү санаачлага эхнээсээ биеллээ олж эхэллээ.
Тодруулбал, Монголын хүүхдийн ордонд болсон “Хүүхэд бүрийг хамгаалъя” форумын үеэр “Хөрст дэлхий” ТББ, “Даймонд пресс” клубээс санаачлан нийслэлийн 58 дугаар дунд сургуульд автобус бэлэглэлээ. Сургуулийн сурагчид суухад зориулагдсан тусгай тоноглолын энэхүү автобус нь 60 гаруй мянган ам.долларын үнэтэй аж. Нэг удаадаа 30 гаруй хүүхэд зорчих бололцоотой автобусыг хүлээлгэн өгөх арга хэмжээний үеэр “Хөрст дэлхий” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Ганбаяр “Дунд сургуулийн сурагчдыг автобустай болгоё гэдэг санаачлагыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гаргасан. Эл санаачлагыг бид дэмжиж ажил хэрэг болголоо. Пүүс компаниуд санаачлагыг дэмжээд явбал улсын төсөв харалгүйгээр сурагчдыг автобустай болгох боломжтой” гэсэн юм.
“Даймонд пресс” клубын тэргүүн С.Гантогоо “Сургуулиудыг автобустай болгох санаачлага ирэх онд улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Бид автобусыг сургуульд хүлээлгэж өгөөд зогсохгүй нийслэлийн өмчид бүртгүүлж, автобусны жолоочийн цалин, шатахууны зардлыг төсөвт суулгуулах ажлыг иж бүрнээр нь хийнэ. Мөн сургуулийн автобус ямар байх ёстой вэ гэдэг стандартыг нарийвчлан гаргуулах тал дээр ажиллана” гэлээ. “Даймонд пресс” клубынхэн “Хөрст дэлхий” төрийн бус байгууллагынхантай хамтран хүүхдийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн төрлийн арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь дээрх үйл явдал болж буй юм. Нийслэлийн 58 дугаар дунд сургууль нь Дамбадаржаагийн эцэст байрладаг бөгөөд сурагчид сургуульдаа хүрэхийн тулд хэдэн буудлын цаанаас шугамын автобус хүлээн байж, зорин ирдэг байна. Харин одоо автобустай болсноор бага ангийн сурагчдын хувьд гэр, сургуульдаа хүрэхэд амар болж, тэр хэрээр эцэг, эхчүүд сэтгэл тайван байх боломж бас бүрдэж байна гэдгийг тус сургуулийн менежер мөн энэхүү арга хэмжээний үеэр онцолсон юм.