
Ардын намын зарим гишүүн өмнө нь нэг хүнд ногдох ДНБ-ийг цалингийн доод хэмжээтэй уялдуулах зорилтыг дэвшүүлж байсан. Гэтэл одоо цалин тэтгэврийг нэмэхгүй байх бодлого барьж байгааг лавлаж байв. Ардын намынхныг засаг барихдаа 3.6 орчим их наяд төгрөгийн төсвийг баталсан тэр үедээ цалин тэтгэврийг нэмж байсан. Гэтэл одоо долоон их наяд төгрөгийн төсвийг батлах талаар хэлэлцэж байж яагаад цалин хөлсийг нэмэх талаар дуугарахгүй байна гэдгийг асууж байлаа. Үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бидний зүгээс цалингийн нэмэгдэл нэрээр үнийн өсөлтийг хөөргөх бодлогыг барихгүй” хэмээн тодотгосон. Энэ нь нэг талаараа зөв юм. Цалин тэтгэврийг нэмсний маргаашнаас эхлэн өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг нь нууц биш. Тиймээс энэ удаагийн төсөвт цалин нэмэх асуудлыг оруулаагүй аж. Үүнээс гадна УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг сануулсан юм. Учир нь уг хуульд эх орны хишгийг иргэн бүрт тэгш хүртээнэ гэчихээд хүүхэд бүрт сар болгон 20 мянган төгрөгийг олгох нь хуулиа зөрчихийн нэг хэлбэр болохыг дуулгасан. Үүнийг салбарын сайд С.Эрдэнэ баялгийг эхний ээлжинд зорилтот бүлэгт хүртээх нь чухал. Харин үлдсэн мөнгөөр нь хуримтлал үүсгэх маягаар хөрөнгө бүрдүүлэх хэрэгтэй гэсэн юм. Үүнийг нь парламентын гишүүдийн олонхи нь дэмжсэн. Ийнхүү Хүний хөгжил сангийн 2013 оны төсөвт хуримтлуулах мөнгийг 49,795,0 сая төгрөгөөр батлахыг олонхи гишүүн санал нэгтэйгээр гар өргөлөө. Энэ мэтчилэн ирэх оны төсвийг шүүмжлэх гишүүд олон бий. Шинэчилсэн төсөв болж чадаагүй гэдгийг ч Ардчилсан нам болон “Шударга ёс” эвслийн зарим гишүүн хэлж буй.
Төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг 131 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын зардлыг 58.4 тэрбум төгрөгөөр бууруулсан. Мөн гадаад зээлийн хөрөнгө оруулалтын зардлаас 74.8 тэрбум төгрөгийн зардлыг бууруулж буй. Эдгээр заалтуудыг тусгаснаар улсын нэгдсэн төсвийн урсгал зардал 35.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардал 2.7 тэрбум төгрөгөөр буурч байгаа. Төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах хөрөнгөөс дурьдвал, Сангийн сайд Ч.Улаан 1.5 их наяд төгрөг зарцуулахаар байна. Мөн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн багцад 1.1 их наяд төгрөг байгаа юм. Энэ бол өндөр багцтай сайд нар. Харин Ерөнхий сайдын багцад 165.1 тэрбум төгрөгийн суулгажээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд ирэх онд энэ хэмжээний мөнгийг зарцуулна гэсэн үг юм. Ирэх оны төсвийг хэлэлцэж байх үед “Сонгуулийн нэмэлт зардлын тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэхээр болсон юм. Юу гэхээр аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь заалтад “Улсын бүртгэлийн байгууллагын ажилтан, түүний итгэмжлэгдсэн ажилтны болон сургалт зохион байгуулах, тоног төхөөрөмжийг сонгуулийн хороонд хүргэх, сонгуулийн хорооноос татан авах, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, түүнтэй холбогдох бусад зардал болон цагдаагийн хамгаалалтын зардлыг тухайн байгууллагын төсөвт тусган санхүүжүүлнэ” гэж заасан байдаг. Харин дээрх заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон төсвийг Хууль зүйн сайдын багцад суулгаагүй аж. Иймээс 1,843,4 сая төгрөгийн зардалтай уг заалтыг Хууль зүйн сайд хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ хэлсэн. Харин УИХ-ын дарга З.Энхболдын хэлснээр Сонгуулийн ерөнхий хорооны даргын төсвийн багцын зарцуулагдахгүй үлдэгдлээс санхүүжүүлэх боломжтой гэж үзсэн юм. Үүнээс гадна төсвийг үрж, зарцуулахаас илүүтэй төвлөрүүлэх нь чухал. Ирэх оны төсөвт тусгаснаар Өмнөговь аймаг 23 тэрбум 612,5 сая төгрөгийг улсын төсөвт оруулна. Үүний дараагаар Орхон аймаг хоёр тэрбум 698,4 сая төгрөгийн хөрөнгө оруулахаар байна. Улсын төсөвт хөрөнгө оруулдаг хоёр аймаг бол Өмнөговь, Орхон аймаг юм.
