Шинэ орон сууцуудад шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.19-нд нийтлэгдсэн

Шинэ орон сууцуудад шалгалт хийжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн шинээр ашиглалтанд оруулсан болон захиалга авч байгаа орон сууцны барилгууд чанар, стандартын зохих шаардлага хангаж буй эсэх, захиалагч гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний үүргийн биелэлт, гэрээны эрх тэгш байдал, орон сууцны талбайн хэмжээг бодитой тооцсон эсэхийг тогтоох зорилгоор хяналт шалгалтын ажил хийсэн байна.
Шалгалтаар иргэн Д.Болдбаатарын захиалгаар баригдсан 14 айлын орон сууцны барилга, мөн “Авзага Трейд” ХХК, “Тайгам алтай” ХХК, “Богда-Холдинг” ХХК, “Гангар инвест” ХХК-ийн ашиглалтад оруулсан орон сууцны барилга, “Монгол мөрөөдөл” төслийн шугамаар баригдаж байгаа “Ургах наран” хороолол, “Суруга Монгол” компанийн шинээр барьж байгаа орон сууцууд хамрагдсан байна. Хяналт шалгалтын ажлын хүрээнд Зам, тээвэр, Барилга, хот, байгуулалтын яам, тус яамны Гарын харилцаа, барилга геодези зураг зүйн газарт барилгын зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийн талаархи мэдээллийг ирүүлэх тухай албан хүсэлт тавьж, ирүүлсэн мэдээллийн дагуу хамтарсан хяналт шалгалт хийжээ. Ажлын хүрээнд орон сууцны доторхи талбайн хэмжээ гэрээнд буюу гэрчилгээнд тусгагдсанаас зөрүүтэй гарсан байна.
Жишээлбэл, иргэн Д.Болдбаатарын захиалгаар баригдсан 14 айлын орон сууцны гэрээнд заагдсан хэмжээ 47 м.кв, шалгалтаар дахин батлагаажуулсан хэмжээ 44.249 м.кв буюу зөрүү нь 2.751 м.кв байсан бол “Тайгам-Алтай” ХХК-ийн Баянгол дүүргийн 4 дүгээр байрны гэрээнд заасан хэмжээ 37.44 м.кв, дахин батлагаажуулсан хэмжээ 35.739 буюу зөрүү нь 1.701 м.кв байжээ. Харин “Гангар-Инвест” ХХК-ийн 48-А байр гэрээнд 84 м.кв, шалгалтаар баталгаажуулсан хэмжээ 78.79 гарч, зөрүү нь 5.21 м.кв хүрсэн зөрчил илэрчээ. Мөн “Богда Холдинг” компанийн БГД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт барьсан “Богд ар” хорооллын 10 гаруй орон сууцны барилгаас 9-А байрыг сонгож шалгахад барилга угсралтын ажил зураг төслийн дагуу хийгдээгүй, чанарын шаардлага хангаагүй материал ашигласан зэргээс шалтгаалан оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчсөн гэдэг дүгнэлт гарчээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж