Мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аваргын төлөө тулаан өнгөрсөн баасан гаригийн орой Сингапурын “Марина Бэй Сандс” цогцолборт боллоо. Монголын боксчин Ч.Цэвээнпүрэв IBO-гийн хөнгөн жингийн дэлхийн аваргын төлөө Индонезийн Дауд Иордантай хүч үзэв. Түүний өрсөлдөгч энэ жил 25 настай, мэргэжлийн боксын рингэнд 31 тулаан хийснээс 29 ялж, хоёр удаа хожигдсон, үүнээс өрсөлдөгчөө 23 удаа хугацаанаас нь өмнө нь ялж байсан нэгэн. Харин манай боксчин “Монголын дайчин” хочит Ч.Цэвээнпүрэв мэргэжлийн рингэнд 41 тоглолт хийж, 36-д нь ялалт байгуулсан. Түүний өрсөлдөгч нь өнгөрсөн тавдугаар сард дэлхийн аварга болсон бөгөөд цолоо хамгаалах эхний тулаанаа манай тамирчинтай хийлээ. 12 үеийн турш өрсөлдсөн энэхүү тулаанд Ч.Цэвээнпүрэв өрсөлдөгчдөө 112:117, 110:119, 110:118-аар ялагдал хүлээв. Ингэснээр Индонезийн боксчин Дауд Иордан аваргын бүсээ хамгаалж үлджээ.
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин