Мэдээлэл арга зүйн үндэсний төвтэй болно

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Мэдээлэл арга зүйн үндэсний төвтэй болно

Монголын Мянганы сорилтын сангийн (ММСС) Мэргэжлийн боловсрол, сургалтын (МБС) төслийн хүрээнд дэмжин байгуулж буй Мэдээлэл арга зүйн Үндэсний төвийн (МАЗҮТ) нээлт маргааш болно.

Тус төв нь техник мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын багш нарын  мэргэжил дээшлүүлэх арга зүйн төв байгууллага бөгөөд төрийн болон хувийн хэвшлийн сургалтын байгууллагуудад чадамжид суурилсан сургалтыг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны технологит суурилсан онлайн болон видео сургалт, семинар зохион байгуулах, цахим сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, хадгалах, түгээх үйлчилгээ үзүүлэх юм. Энэхүү төвийг байршуулах тэтгэлэгт хөтөлбөрийг ММСС-ийн МБС-ын төслөөс зарласан бөгөөд уг хөтөлбөрт Монгол-Солонгосын политехник коллеж шалгарсан юм.

Улмаар МБС-ын төслийн хүрээнд АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн санхүүжилтээр орчин үеийн, өндөр хүчин чадал бүхий мэдээлэл, харилцаа холбооны техник, тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон мультимедиа сургалтын танхим, дүрс бичлэг, дуу бичлэгийн студи, видео хурлын өрөөг тус тус байгуулсан аж. Энэхүү биет хөрөнгө оруулалтанд нийт 530 гаруй сая төгрөгийн санхүүжилт хийсэн. Түүнчлэн МБС-ын салбарын сургалтын материал болон дэвшилтэт технологи, арга зүйг түгээх интернэт платформыг тус төвд байгуулж өгч байгаа бөгөөд энэхүү ажилд нийт 330 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Төвийг төсөл хэрэгжих хугацаанд ажиллуулах үйл ажиллагааны зардалд 350 гаруй  сая төгрөгийн тэтгэлэг тус тус олгоод байгаа ажээ. Улмаар МАЗҮТ-д АНУ-ын Мянганы Сорилтын Корпорациас хийгдэж буй шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 210 орчим сая төгрөгтэй тэнцэж байгаа билээ. Үүнээс гадна чадавх бэхжүүлэх сургалтууд, сургалтын мультимедиа болон бусад хэрэглэгдэхүүн боловсруулах, түгээх төслийн бусад үйл ажиллагаануудад тус төв хамрагдаж явж байна.   

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж