Тэгвэл энэ чиглэлийн хууль, эрх зүйн орчин яг өнөөдрийн байдлаар ямархуу байна вэ. 2008 онд Ашигт малтмалын тухай хуулинд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу нөхөн сэргээлтийн таван стандартыг баталсан байдаг. Гэхдээ энэхүү стандартыг зөвхөн алтны шороон ордод зориулагдсан гэж шүүмжлэх нь бий. Орчин цагт уул уурхайн салбар алт, нүүрс, зэс, жонш, хүдэр, цайр гээд маш өргөн хүрээтэйгээр хөгжиж байна. Энэ бүх салбарт тохирсон нөхөн сэргээлтийн стандартыг бий болгож, эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой гэж салбарын яамны мэргэжилтэн хэлсэн байна лээ. Бас бодох л асуудал. Түүнчлэн 2006 онд Нөхөн сэргээлтийн санг байгуулсан. Энд уул уурхайн компаниуд тухайн жилийн байгаль орчныг хамгаалах ажлын нийт зардлынхаа 50 хувийг урьдчилан байршуулах үүрэг хүлээж байгаа. Өнгөрсөн оны байдлаар энэ санд 190-ээд аж ахуйн нэгж хамрагдаж, гурван тэрбум гаруй төгрөг хуримтлагдсан байна. Хууль эрх зүйн хувьд нөхөн сэргээлтийн асуудал нь Ашигт малтмалын хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиудын хүрээнд зохицуулагддаг. Гэхдээ эдгээр хуулиудад байгаа зохицуулалтын заалтууд хэт ерөнхий байгааг зарим судалгааны байгууллагууд онцолжээ. Түүнчлэн уул уурхайн компаниуд хэт жижигхэн, технологи муутай байгаа нь байгаль орчны нөлөөллийг улам ихэсгэх талтай байгааг дурьдсан байна.
Мэдээж хэн дуртай нь хүрз тавиад л, ухаад байвал нөхөн сэргээлтийн талаар бодоод ч хэрэггүй биз. Нөгөөтэйгүүр олон улсын төвшинд үйл ажиллагаа явуулдаг, стандартаа мөрддөг компаниуд бол тэртээ тэргүй нөхөн сэргээлтээ хангалттай хийж чадаж байна. “Бороо гоулд” гэх мэтчилэн жишээг дурьдаж болно. Түүнчлэн Багануурын уурхай, Эрээний уурхай гээд нөхөн сэргээлтээр тун дажгүй үнэлгээ авдаг компаниуд ч байна. Иймэрхүү компаниуд тийм ч олон биш байгаа нь харамсалтай. Ихэнх нь жижиг гэгдэх, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд байна. Гэтэл яагаад ийм компаниуд хайгуул, олборлолт хийж байна вэ гэвэл бас л нөхөн сэргээлтийн шаардлагатай холбоотой. Хэрвээ нөхөн сэргээлтдээ өндөр шаардлага тавиад, тэр хэрээрээ хяналтаа чангатгаад эхэлбэл, жижиг компани юу хүссэнээ хийж, хайгуул, олборлолт хийх тэртээ тэргүй багасна. Бүх шаардлагыг хангаад, эдийн засгийн ашигтай гэж үзвэл уул уурхайн үйл ажиллагааг явуулж эхэлнэ. Одоо бол хууль хэт ерөнхий, хяналт муу байгаа учраас уул уурхайн үйл ажиллагаа хэтэрхий задгайраад, байгаль орчинг сүйтгээд байна. Хуулиа чангалаад, мөрдүүлээд эхлэхэд л асуудал аяндаа шийдэгдэхээр харагдаж байгаа юм.
Жишээ нь аль 2006 онд байгуулагдсан нөхөн сэргээлтийн санд яахаараа гуравхан тэрбум төгрөг төвлөрсөн байдаг билээ. Уул уурхайн компани нь хэчнээн байгаа билээ, хэчнээн га талбайд үйл ажиллагаа явуулж байгаа вэ гээд бодож үзвэл энэ хэтэрхий бага тоо гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Нээлттэй нийгэм форумаас 2010 онд хийсэн судалгаагаар уул уурхайн салбарт гадаад, дотоодын 1000 гаруй аж ахуйн нэгж 207 мянга гаруй га талбайг хамарсан ашиглалтын лицензтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл нөхөн сэргээлтийн санд 2011 оны байдлаар 190 гаруйхан аж ахуйн нэгж хамрагдсан гэхээр юу гэсэн үг вэ. Бусад нь хаачсан болж таарч байна аа. Түүнчлэн уул уурхайн компаниуд байгаль орчныг сүйтгээд, гол мөрнийг бохирдуулчихаад, энд тэндхийн өөр жижиг компанид лицензээ зараад алга болчихдог жишиг одоо ч байсаар л байна. Эсвэл ухсан газартаа албаар “нинжа” нарыг оруулчихаад, болохгүй бүтэхгүй байна гээд л яриад явдаг. Энэ бүхэн ердөө л хууль эрх зүйн орчин, төрийн интитуцийн хяналттай холбоотой. Ямар ч эргэлзээгүйгээр асуудлыг зохицуулчих хуулийн орчин төдийлөн байхгүй л байна. Хамгийн гол нь дахиад 10 жилийн дараа гэхэд уул уурхайн салбар одоогоо магадгүй 10 дахин илүү идэвхжихийг ч үгүйсгэхгүй. Гэтэл энэ янзаараа хяналт шалгалтгүй, хууль цаазгүй яваад байвал юу болж хувирах вэ. “Монгол хүн монгол тал нутагтаа амьдрах аргагүй болно” гэж товчхон хэлж болох байх.
Үнэндээ уул уурхайн салбарын хөгжлөөс нөхөн сэргээлтийн асуудал сүүлийн хэдэн жилд хоцрогдсоор ирсэн. 2000-аад оноос уул уурхайн салбар хөгжсөн гэж тооцвол ердөө 2008 онд л нөхөн сэргээлтийн стандарт батлагдсан шүү дээ. Бүхэл бүтэн найман жилээр хоцорсон гэсэн үг. Гэтэл уул уурхайн үйл ажиллагааны нээлтээс хаалт хүртэлх бүхий л цаг хугацаанд нөхөн сэргээлт байнга хийгдэж байх ёстой. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт. Нөгөөтэйгүүр нөхөн сэргээлтийг хэрхэн зөв хийх вэ гэдэг нь бас том асуудал. Манай компаниудын хувьд ухсан газраа булчихаад, ганц нэг ургамлын үр цацаад л нөхөн сэргээлт хийчихлээ гэж үзэх нь бий. Гэтэл уул уурхайн үйл ажиллагаа хэр удаан хугацаанд үргэлжилсэн, тухайн газарт ямар технологи хэрэглэсэн гэх зэргээсээ хамаараад ухсан нүхээ ямар аргаар, яаж булах вэ гэдэг нь маш нарийн судалгаатай хийгддэг ажил аж. Гэхдээ одоохондоо ийм нарийн стандарт нь ч алга, хэрэгжүүлдэг компани, хяналт тавьдаг төрийн байгууллага ч үндсэндээ алга байна. Тэгэхээр одооноос нөхөн сэргээлт гэдэг зүйл дээр нарийн стандартыг нь тогтоож өгөөд, хяналт тавиад, шаардлагыг биелүүлж чадахгүй байгааг нь “зайлуулахаас” өөр аргагүй. Тэгж байж, ирээдүйд бий болох экологийн сүйрлээс сэрэмжилж чадна.