Др.Ламмерс Улсын Их Хуралд Монгол-НАТО-гийн Парламентын Ассамблейтэй харилцах бүлэг байгуулагдсанд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улс бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, олон улсын терроризмтэй тэмцэх, Афганистан Улсын сэргээн босголт, хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, тус улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд оролцож ирснийг өндрөөр үнэлэв. Талууд Монгол-НАТО-гийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийлэв.
Умард Атлантын эвслийн орнуудын парламент хоорондын зөвлөлдөх механизм болох НАТО-гийн Парламентын Ассамблей 1955 онд байгуулагдсан бөгөөд Парламентын Ассамблей НАТО-гийн гишүүн орнууд, түншлэгч орнуудын хууль тогтоогчдын харилцан яриа, зөвшилцлийн индэр болж, НАТО-гийн бодлого, хувьсан өөрчлөгдөж буй аюулгүй байдлын ойлголтыг гишүүн орнуудын парламент болон дэлхий нийтэд танилцуулах, дэмжлэг авахад чухал үүрэг гүйцэтгэдэг. НАТО-гийн 28 гишүүн орон /Албани, Бельги, Болгар, Канад, Хорват, Чех, Дани, Эстони, Франц, Герман, Грек, Унгар, Исланд, Итали, Латви, Литва, Люксембург, Нидерланд, Норвеги, Польш, Португали, Румын, Словени, Словак, Испани, Турк, ИБУИНВУ, АНУ / тус байгууллагын бүрэн эрхт гишүүн нь бөгөөд Ассамблей нийт 257 парламентын гишүүнтэй юм байна гэж Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Last