Гавьяат жүжигчин О.Бат-Өлзий, С.Сарантуяа нар Гамлетийн шадар найзад тоглож буй хүү Б.Тамирыгаа бахархан харж суусан бол Германд амьдарч байгаа гэгдэх жүжигчин С.Энхтуул хэзээ ч Монголдоо ирсэн юм бэ, “Гамлет”-ийг сонирхон тухлан сууна лээ. Жүжгийн нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд эхнэрийн хамт, тэргүүн хатагтай Х.Болормаа хүүгийн хамт, мөн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гэргий нар ирсэн байв. Бодвол Ерөнхийлөгч хийгээд Ерөнхий сайд нар улс төрийн чухал ажилтай байсан биз. Тэднээс гадна “УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүү, УИХ-ын дарга асан Л.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн С.Баярцогт нар жүжгийг сонирхов. С.Баярцогт гишүүнийг Сангийн сайд байхдаа 140 сая төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгснөөр “Гамлет” амилсан гэж Драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуу баахан талархлын үг дайсан. Нээлтийн үдшийн бас нэгэн сонирхолтой “зочин” нь Монголын анхны Гамлетыг бүтээсэн Ардын жүжигчин Л.Жамсранжав агсны хөрөг байв. Л.Жамсранжав агсны дүү Л.Аюуш энэ үдэш ахыгаа дурсан, хөргийг нь бүтээж, театрынханд дурсгал болгон үлдээсэн юм. Харин яг энэ мөчид “Гамлет”-ийн олны хэсэгт тоглож байгаа жүжигчин Г.Нармандах ханиа дурсан байсан нь лавтай.
Дэлхийн сонгодгийн ноён оргилуудын нэг гэдэг утгаараа ч, Монголд 33 жилийн дараа дахин тавигдаж байгаа гэдгээрээ ч хэн боловч “Гамлет”-ийг үзэхийг хүсч тэмүүлж байгаа. Найруулагч Н.Наранбаатарын багийнхан ч үзэгчдийн энэ урмыг хугалсангүй, “Гамлет” үзэгчдийг соронзон мэт татсаар байна. Нээлтийн тоглолтыг нь үзэж амжаагүй байгаа хүмүүст сануулж хэлэхэд “Гамлет”-ыг энэ сарыг дуустал даваа, мягмараас бусад өдөр 19.00 цагаас тоглох бөгөөд тасалбарын үнэ 15.000-50 000 төгрөг байгаа юм.
Гэрэл зургийг О.МӨНХНАСАН