
Аваргуудын лигийн финалын тоглолтод “Улсан” Саудын Арабын “Аль Ахли”-г 3:0 харьцаатай хожсоноор сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тус тэмцээний цомыг өргөсөн Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн Кей лигийн гурав дахь баг болсон. Багийн ахлагч Кванк Тэ-хи, довтлогч Рафинья, хагас хамгаалагч Ким Сен-юн нарын гоолын ачаар өрсөлдөгчөө төвөггүй буулган авсан тоглолтын дараа “Улсан Хьюндэй” багийн дасгалжуулагч Ким Ху-гун “Бид финал хүртэл урт зам туулж, удаан ч хүлээсэн. Тиймээс заавал ялах ёстой гэдгийг би тоглогчдодоо хэлж байсан. Гэхдээ шийдвэрлэх тоглолт тун энгийн байлаа. Хэсгийн шатны анхны тоглолт яг л шигшээ тоглолт шиг өрнөсөн. Гэтэл шигшээ тоглолт тун ч энгийн байлаа” хэмээн ярьжээ.
Улсан хотын “Мунсу” цэнгэлдэхэд ялалт байгуулсан солонгосчууд ийнхүү ирэх сард Японд болох Клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байна. Тэд шөвгийн наймд Мексикийн “Монтеррей”-тэй өрсөлдөх юм.


