Сэргээгдэх эрчим хүчний талаар зөвлөлдөв

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Сэргээгдэх эрчим хүчний талаар зөвлөлдөв

Монголын говьд үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчийг Азийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэхээр хамтарч ажиллахыг уриаллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хөгжлийн ассоциаци, Ханнс-Зайделийн сангаас хамтран зохион байгуулж байгаа “Зүүн хойд Азийн Сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр “Чингис” зочид буудалд эхэллээ.

Монгол Улссэргээгдэхэрчимхүчнийасарихнөөцтэй бөгөөд Шинэчлэлийн Засгийн газар энэ салбарт гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, байгальд ээлтэй дэвшилтэд техник технологийг нэвтрүүлэх нөхцлийг бүрдүүлэх, салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, өөрчлөх, шинэчлэхэд анхааран ажиллаж байгаагаа  Эрчим хүчний сайд М.Сономпил хурлын үйл ажиллагааг нээхдээ хэллээ.Сайд хэлэхдээ, “Сэлэнгэ мөрний сав газарт томоохон чадлын усан цахилгаан станц барьж байгуулах, мөн хэд хэдэн том чадлын салхин парк барихаар тооцоо судалгаа хийгдэж байгаа бөгөөд  эхний ээлжинд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 50 МВт-ын чадалтай салхины паркийг  ирэх  12 дугаар сард сүлжээнд холбохоор ажиллаж байна.

Сэргээгдэх эрчим хүчний хүчний үндэсний хөтөлбөрт тусгагдсаны дагуу эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилтыг шат дараатай хэрэгжүүлэн 2020 оны түвшинд 20-25 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүр ашиглан үйлдвэрлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурлын оролцогчдод хандан Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд Эрчим хүчний яамыг тусад нь байгуулснаа хэлээд, Манай Улс улс төрийн хувьд тогтвортой, эдийн засгийн боломжтой болсны дээр Монголын говьд байгаа нар салхины эрчим хүчийг ашиглан “Gobi Tech”гэдэг санаачлага өрнүүлэхийг уриалж байна. Бид урд хөршид зөвхөн нүүрс биш сэргээгдэх эх үүсвэрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг экспортлоё. Энэ талаар оролцогчид та бүхэн улс орондоо ярьж, Монголын говьд үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчийг Азийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх талаар хамтран ажиллах хэрэгтэй байна. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар бид олон жил ярьсан, одоо ажил хэрэг болгох талаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ажиллах нь зүйтэй гэдгийг онцоллоо.

 “Зүүн хойд Азийн Сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагаа” сэдэвт олон улсын бага хурал маргааш өндөрлөх бөгөөд оролцогчид Төв аймгийн нутагт баригдаж буй Салхин паркийн бүтээн байгуулалттай танилцахаар хөтөлбөрт тусгажээ. Мөн БНСУ-ын “Super Grid”консерциумтай Монголын говь талд өндөр чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барихад ТЭЗҮ боловсруулах, гадаадын  хөрөнгө оруулалтыг татах, төрийн байгууллагуудаас дэмжлэг авч хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах юм байна.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж