
Хөвсгөл аймгийн сонгуулийн тойргийн хорооны гишүүн Я.Эрхэмбаяраас энэ талаар тодруулахад доорх товч хариултыг өгсөн юм.
-МҮАН-ын гишүүд өлсгөлөн зарлаад хэд хонож байна. Тэр хүмүүсийг хэрхэх гэж байна вэ?
-Өлсгөлөн зогсох тийшээ хандсан.
-Тэгэхээр тэдний шаардлагыг хүлээж авахаар болсон гэсэн үг үү?
-Тэгж хэлж болно.
Тэрбээр “Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн бөгөөд ямартай ч түүний өгсөн мэдээллээр бол Хөвсгөл аймагт МҮАН-аас орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн нэрийг бүртгэж магадгүй юм байна.
Хурцдаад буй нөгөө асуудал нь тус аймгийн дизель түлшний нөөц багассанд байгаа гэнэ. “Аймгийн хэмжээнд А80 автобензиний 20 гаруй хоногийн нөөц байна. Харин дизель түлшний хувьд нийт 16 тонн орчим л байгаа. Үүнийг зөвхөн албан хэрэгцээ, аймгийн онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Үндсэндээ дизель түлшний нөөц дууссан” гэж аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуяг ярьжээ. Мөн сүүлийн хэдэн өдөр орсон цасны улмаас өвөлжилт хүндрэх хандлагатай болоод байгаа аж. Орон нутгийн сонгууль болох гэж буй энэ үед цас, зудын байдал хүндэрвэл иргэд саналаа өгөхөд хүндрэл учрахаар байгаа аж. Тиймээс аймгийн онцгой байдлын хэлтсээс хүч дайчлан зам, давааг нээх арга хэмжээ авч байгаа юм байна.
