Дээрх асуудлаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал дараах хариултыг өглөө.-Эрүүл мэндийн салбарт зайлшгүй хийх шаардлагатай шинэчлэлүүд юу байна вэ?
-Эрүүл мэндийн салбарт “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ салбар өнөөгийнхөө байгаа соёл, хандлагаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлвэл үр дүн гарахгүй гэж үзэж байгаа. Тиймээс суурь шинэчлэл хийх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг гурван үе шаттайгаар явуулна. Суурь шинэчлэлийн үе шат нь гурван сар үргэлжилнэ. Үүний дараа эрчимтэй шинэчлэлийнхээ бодлогыг хэрэгжүүлнэ. Энэ нь олон шинэчлэлийг богино хугацаанд нэвтрүүлэхийг хэлж байгаа юм. Эрүүл мэндийн салбарт хуримтлагдсан асуудлаас болоод иргэн хүнд учирч болох хор хохирлыг аль болох богино хугацаанд арилгах хэрэгтэй. Үүний дараа иж бүрэн буюу бүх талын шинэчлэлийг хийнэ. Дараа нь эрүүл мэндийн салбар хүссэн үр дүндээ хүрнэ гэж үзэж байгаа. Энэ нь “Монгол хүнээ дээдэлье” гэсэн гол зарчмыг баримталах юм. Энэ шинэчлэлийг хийх гол тактик нь “Ял ял”. Хэн нэгнийг золиосолж, хэн нэгэнд ашигтай тактик боловсруулахгүй. Өвчтөн үйлчлүүлэгчид хамгийн их ялах болно.
-Сүүлийн үед улсын эмнэлэгт ажилладаг хэрнээ хувийн эмнэлэг ажиллуулдаг эмч нар олширсон гэх шүүмжлэл элбэг болсон. Үүнийг хэрхэн шийдвэрлэх гэж байна вэ?
-Энэ асуудлыг сонирхлын зөрчлийн хуулийн хүрээнд л шийдвэрлэнэ. Хоёр байгууллагад зэрэг ажлаад тэр хүн аль нэг байгууллагад хор хохирол учруулаад байвал түүнээс сэргийлэх бодлого барина. Эрүүл мэндийн салбарт бугшаад байгаа эдгээр асуудлыг эрүүл мэндийн бодлогын дутагдлаас болсон гэж үзэж байгаа. Тиймээс бодлогоо зөв болгоё. Энэ бодлогын буруугаас болж нэр төр нь унасан салбараа төдийгүй эмч нараа аваръя. Үүнээс болж хохирч байгаа иргэдээ ч аврах ёстой. Энэ асуудлыг бодлого болгож оруулж байгаа. Тиймээс эмнэлгийн удирдах ажил хийдэг хэрнээ хувийн эмнэлэгтэй, эм ханган нийлүүлэх байгууллагатай хүмүүс байна уу гэдгийг судалж байна. Эцсийн дүн хараахан гараагүй.
-Улсын эмнэлэг дотор хувийн байгууллага олон болоод байгаа. Энэ мөн шинэчлэх асуудал байх?
-Үүнийг ч мөн Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн хүрээнд л шийдвэрлэнэ.
Монголын олонх иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг томоохон газрын нэг нь Улсын килиникийн төв эмнэлэг. Тус эмнэлэгт олон чадварлаг эмч бий ч тэд мөн л дээрхийн адил мөнгийг чухалчилдаг болсон. Хувийн эмнэлэгт гэрээгээр ажиллах, эсвэл ажлынхаа хажуугаар хувийн эмнэлэг ажиллуулах гээд аль л мөнгө олж болох арга бүрийг эрж хайж, ажлаа амжуулаад эхэлсэн. Энэ талаар тус эмнэлгийн дарга Б.Бямбадоржоос тодрууллаа.
-Танай эмнэлгийн хувьд ачаалал ихтэй байдаг. Үүнээс болоод дугаар авчихаад үзүүлж амжихгүй байх тохиолдол гардаг гэж байсан?
-Бид жилийн өмнөөс уртасгасан цагаар ажиллаж байгаа. Ингэж ажилласнаас хойш ийм байдал багассан. 8:00-20:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Тиймээс нэг талбайд ногдох үйлчлүүлэгчийн тоо, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж байгаа. Харин эхо-д харуулах дурандуулах шинжилгээ өгөхийн тулд 7-10 хоногоор дугаарлах явдал бий. Энэ нь тоног төхөөрөмжийн хангалтаас шалтгаалж байна. Хөрөнгө оруулалт хийж тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж байгаа ч эрэлтийг гүйцэхэд хүндрэлтэй байгаа. Энэ байдал 2013 онд засрах байх гэж найдаж байгаа. Бид чирэгдэлгүй л байх ёстой. Зохион байгуулалт нь зөв байх ёстой. Бөөр болон бүдүүн, шулуун гэдэсний мэс заслыг ганцхан манай эмнэлэгт хийдэг. Бид тодорхой хэмжээгээр орныхоо тоог нэмэгдүүлж байгаа ч хүлээгдэл байсаар л байна.
-Танай эмнэлэгт хувь, хувьсгалыг хослуулж ажилладаг эмч олон байдаг гэж сонссон. Энэ талаар тодруулахгүй юу?
-Үүнийг өнөөдрийнхөө хууль эрх зүйн хэмжээнд хоёр талтай ойлгох хэрэгтэй. Бид эрүүл мэндийн даатгалаар санхүүжиж байна. Зөвлөх эмч амбулаторит үзлэг хийхээр заавал төлбөртэй үзэх шаардлага гардаг. Яагаад гэвэл даатгалаар нэг удаа болон давтан үзүүлэхэд нэг удаагийнх нь 10 мянган төгрөгөөр тооцож санхүүжилтийг нь өгдөг. Гэтэл нөгөө зөвлөх эмч нь 20-25 мянган төгрөгөөр үзлэг хийнэ гэдэг. Үүнээс гарч байгаа зөрүүг төлөхөөс өөр аргагүй болдог. Мөн манай эрүүл мэндийн салбарын зохион байгуулалтаар амбулаторийн эмч тасагт үздэг эмч хоёрын хувьд зааг ялгаатай. Эрэлт байгааг гүйцэлдүүлэхийн тулд ийм зохион байгуулалтад ороод байгаа. Зарим нь хувийн хэвшлийн байгууллага байгуулах, гэрээгээр ажиллах байдлаар амьдрал ахуйдаа хэрэг болох үүднээс ажлын бус цагаараа тусламж үйлчилгээ үзүүлж өнөөдрийг хүрлээ. Улс орон болгон өөр өөрөөр шийдвэрлэсэн байдаг. Хамгийн гол нь Ашиг сонирхлын тухай хуулийнхаа хэм хэмжээнд зохицуулагдаад явах ёстой. Амбулаторийн эмч, тасгийн эмч гэдэг хоорондын ялгааг арилгах хэрэгтэй. Солонгосын эмнэлгийн эмч нар долоо хоногийн гурваас доошгүй өдөрт амбулаторийн үзлэг хийдэг. Энэ хугацаандаа өөртөө үзүүлэхээр бүртгүүлсэн хүмүүсийг үзэж, тусламж үйлчилгээ үзүүлдэг. Бид энэ систем рүү ирэх сарын сүүлээр шилжихээр төлөвлөж байгаа.
-Танайд бидний нэрлэж буй “хос морьтой” эмч хэр олон байгаа вэ?
-Судалгаа авсан. Тогтмол ажилладаг 10 гаруй эмч, сувилагч байсан. Түр ажилладаг хэчнээн байгааг мэдэхгүй.
-Мөн танай эмнэлэгт хувийн эмнэлгүүд үйл ажиллагаа явуулдаг. Зөвшөөрлийг нь хаанаас олгодог юм бэ?
-Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл авсан байдаг. Энэ оныг дуустал гэрээ хийчихсэн хэдэн эмнэлэг бий. Түрээсийн төлбөрөө Төрийн өмчийн хороонд тушаадаг. 20 гаруй хувь нь манай эмнэлэгт ирдэг. Эдгээр эмнэлэг нь төсөв бүрдүүлдэг. Төсвийн бүрдүүлэлт тасрах гээд байгаа учраас энэ оныг дуустал байлгахаар болсон. Харин он дуусаад түрээсийн гэрээг сунгахгүй гэдгийг хэлээд байгаа. Тиймээс энэ байдал цэгцэрнэ. Хуучныг бодвол 50-60 хувиар багассан.Одоо хоёроос гурван байгууллага л бий.
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин
![](https://news.mn/wp-content/archive1/news/photo/2012/1/978f5b44b88780f2/fd45d1cb9dd2726dbig.jpg)