”Тусгаар тогтнолын золиосонд олон мянган хүн хэлмэгдсэн”

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

”Тусгаар тогтнолын золиосонд олон мянган хүн хэлмэгдсэн”

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж Тусгаар тогтнолын өдрийн ач холбогдлыг бууруулсан шийдвэрийг УИХ гаргасан. Энэ шийдвэртэй та санал нийлж байна уу?

-Энэ асуудлыг одоогоос 22 жилийн өмнө буюу 1990 онд бүтэн хоёр өдөр хэлэлцэж байгаад Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхт өдрийг баяр болгох нь зүйтэй гэж тогтсон. Харин арваннэгдүгээр сарын 7-нд Октябрийн баяр гэж хоёр өдөр үргэлжилдэг байсан баярыг тэмдэглэхээ болих шийдвэр гарч байсан юм. Гэтэл 22 жилийн дараа өмнөх шийдвэрээ цуцалж байгаатай би санал нийлэхгүй байна. Учир нь 1924 онд Монгол Улс анх удаа Үндсэн хуультай болсон. Хаант засгаас Бүгд найрамдах засагт шилжсэн. Ингээд анхныхаа Үндсэн хуульд Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхтэй ард улс гэдгийг тунхаглан зарласан. Түүхэн үе нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй, бидний асуудлыг өөр газар хуйвалдан шийддэг хүнд цаг байсан. Монгол Улс тусгаар тогтносон улс байна гэдгийг “De Facto” буюу Үндсэн хуулиараа зарлан тунхаглаж байгаа юм. “Монгол бол тусгаар улс биш. Орос, эсвэл Хятадын нэг хэсэг” гэж гаднах ертөнц үзэж байсан тэр хүнд үе буюу 1921 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулаад, 1924 онд Үндсэн хуультай болж, Бүгд найрамдах улсаа байгуулан, хамжлагат ёсыг халсан явдал бол Монголын шинэ түүхийн асар том үйл явдал. Монголчууд 1911 онд тусгаар тогтнолоо сэргээсэн ч эргээд алдчихсан шүү дээ. Хоёрдугаарт хамжлагат ёсыг халж, феодал ангиас татгалзана гэдэг бол түүхэн том дэвшил байсан. Мөн Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан гээд бүгд ард түмний баялаг гэж зарлаад, хувийн өмчөөс татгалзаж байлаа. Түүнчлэн Азид анх удаа Монгол Улс л эмэгтэйчүүд эрчүүдтэй тэгш эрхтэй байхыг хангаж өгсөн. Гэхдээ энэ үеийн Үндсэн хуульд ангиар ялгаварлах бодлого, явуулсан энэ тэр гээд алдаа бий. Гэхдээ арваннэгдүгээр сарын 26-нд Үндсэн хуулиа баталж, улсаа тунхаглан зарласан Монголын нэн шинэ түүхийн том үйл явдал. Тиймээс өнгөрсөн түүхийнхээ, тусгаар тогтнолын ач холбогдлыг үгүйсгэх аргагүй. Бүх юмыг үгүйсгэх үзлээр их хандах юм бол ирээдүй биднийг их буугаар буудна шүү гэдгийг л хэлмээр байна.

-1924 онд анхны Үндсэн хууль баталсан цагаас хойш Монголын олон мянган сэхээтэн хэлмэгдэж, амиа алдсан гэдгээр асуудалд хандахыг Ардчилсан намын бүлгийн ахлагч тайлбарлаж байсан?

-Тэр хэлмэгдүүлэлт энэ хуулиас болж байгаа юм биш. Ер нь Монгол Улс биеэ даасан тусгаар орон байх уу гэдэг асуудал асар их үнээр олдсон. Бүр хэмжээлшгүй их үнээр хамгаалж байсан. Түүний золиосонд олон мянган хүн хэлмэгдсэн юм. Энэ дээр дүгнэлт хийж манай нам МАН гэдэг уугуул нэрээ яг нэг жилийн өмнө сэргээж авсан гэдгийг бас ойлгох хэрэгтэй.

-Чингис хааны төрсөн өдрийг тогтоож, хуульчиллаа. Гэхдээ энэ өдрийг жил бүр өөр өдөр тэмдэглэх болж байна? 

-Чингис хааны төрсөн өдөр 1162 оны арваннэгдүгээр сарын 14-нд яг мөн үү гэж би Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр асуусан юм. Гэтэл надад “тийм ээ” гэсэн. Тэгж тогтсон бол будлиан байхгүй. Харин өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд гэж тэмдэглэхээр байнга өөрчлөлт ороод зовлонтой юм. Яагаад гэвэл тэр өдөр бүх нийтийн амралт байх учраас. Тиймээс 1162 оны арваннэгдүгээр сарын 14-нд төрсөн бол үүнд будлиан алга гэж би хэлсэн. Гэтэл тийм ээ гээд дэмжээд явсан байтал харамсалтай нь надад худлаа хариулт өгч. Нөгөө төрсөн өдөр нь арваннэгдүгээр сарын 8-нд болж таарсан. Тухайн үедээ “таны ярьж байгаа яг зөв” гээд байсан юм л даа. Уг нь тухайн үедээ миний үгийг сонсоод яг тэр өдрөө тогтчихсон бол будлиангүй л байх байлаа. Одоо бол жаахан маргаантай л байна. Эзэн Чингисийнхээ төрсөн өдрийг үндэсний бахархлын өдөр болгож байгааг би дэмжинэ.

-УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн хүсэлтийг хүлээж аваад, гишүүнийх нь бүрэн эрхээс чөлөөллөө. УИХ дахь олонхийн бүлэг буюу Ардчилсан намынхнаас гишүүнийх нь бүрэн эрхийг хэвээр үлдээгээд хэсэг хугацаанд чөлөө өгье гэдэг санал гарсан. Энэ санал эхлээд намынх нь нөхдөөс гарсан бол арай өөр харагдах байж гэсэн бодол төрлөө?

-Өмнө нь ч гэсэн зарим хүн УИХ-ын гишүүний эрхээсээ татгалзаад, гардаг л байсан. Энэ бол эвэртэй туулай үзсэн шиг явдал биш. Тухайн хүний хувийн байр суурийг нь хүндэтгэн үзэх хэрэгтэй. Би Хүрэлсүхтэй уулзаж, ярьсан зүйл алга байна. Гэхдээ бид нэг ч гэсэн цаг мөч алдахгүй ажиллах шаардлага байгаа учраас, У.Хүрэлсүх өөрөө намын лидерүүдийн нэг учраас бүгдийг дүгнэж үзсэн байх. Тиймээс түүний байр суурийг би хүндэтгэж байна. Өнөөдөр тэр хүн төрийнхөө эрх ашгийг дээр тавьсан учраас энэ сонголтыг хийсэн байх.

-Гэхдээ урт хугацааны чөлөө өгөөд, УИХ-ын гишүүнээр нь үлдээж болох байсан юм биш үү?

-Би хэд хоног өвчтэй байж байгаад ирлээ. Би намынхаа нөхрөөс “Хүрэлсүх яагаад өргөдлөө өгсөн юм бол” гэж асуусан. Болсон процессыг ч гэсэн хүмүүс надаас асууж байна билээ. Гадаадад эмчилгээнд явахынхаа өмнө Хүрэлсүх надтай уулзаад “Лүндээ ах аа, манай Болороо /У.Хүрэлсүх гишүүний эхнэр/ үнэхээр хэцүү байна. Би ханьдаа одоо л анхаарал тавихгүй бол болохгүй болсон цаг иржээ. Араас тэртээ тэргүй манай намын хүн жагсаалтаар орж ирнэ. Мажоритар тойрог биш учраас, би гишүүний бүрэн эрхээсээ татгалзах бодолтой байна” гэсэн утгатай зүйл хэлж байсан. Тэгэхэд би дэмжээгүй. Улстөрчийн гэр бүл байна гэдэг амар биш. Сэтгэлзүйн хамгийн хүнд нөхцөлд байдаг. Ер нь өвчний нууц руу ороод хэрэггүй байх. Гэхдээ нэлээн ужиграад, хэд хэдэн үе шаттай эмчилгээ хийлгэх шаардлага гарсан юм билээ. Тиймээс У.Хүрэлсүх гишүүн гурав дахь удаагаа сонгогдоод ажиллаж буй төрийн туршлагатай түшээгийн хувьд зангараг зааж ийм өргөдөл өгсөн юм байна гэж ойлгоод хүлээж авах нь зөв гэсэн бодолтой байсан. 

-Одоо бол жагсаалтаар танай намын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийн нэрийг СЕХ-ноос УИХ-д өргөн барина. Түүний өмнө танай намаас СЕХруу ямар нэгэн бичиг, цаас явуулж хүсэлт тавих уу?

-Хуульдаа яаж заасан байдаг юм, тэр дагуу л явах байх.

-УИХ-ын сонгуулийн 26дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэв­шигч Л.Эрхэмбаярын гаргасан нэхэмж­лэлтэй холбогдон Нийслэлийн Захир­гааны хэргийн шүүхийн эцсийн шийд­вэр гарахыг СЕХ хүлээхээр болж байна. Ингэснээр тухайн тойрогт болох дахин санал хураалт орон нутгийн сонгууль­тай хамт явахгүй юм биш үү?

-Ард түмний сонголт чухал. Сонгууль 26 тойрог дээр явагдсан. 25 тойрог дээр нэг зарчимтай, нэг тойрог дээр өөрөөр дүн гаргаад, шүүхээр шийдвэл утгагүй. СЕХ нь ч гэсэн тэгж үзэж байгаа юм шиг байна билээ. Улс төрийн захиалгаар шүүх ажилладаг байж таарахгүй. Тиймээс шүүх үнэний талд бодит шийдвэр гаргана байх гэж найдаж байна.

-Гэхдээ Л.Эрхэмбаяр нэр дэвшигчийн нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхийн эцсийн шийдвэр гартал нэлээн сунжирна. Шийдвэр яаж ч гарсан тэр хүн давж заалдана байх?

-26 дугаар тойргийн дахин санал хураалтыг орон нутгийн сонгуультай хамт хийхгүй бол дараа нь ирц бүрдүүлэхээс эхлээд хүндрэл олон гарна. Энэ тойргийн асуудал шүүх энэ тэр гэж асуудал босоогүй байхад СЕХ шийдвэрээ гаргах боломж байсан.

Ер нь зунаас эхлээд л СЕХ ирц хүрэхгүй байна гэх мэтээр арга саам хийсээр байгаад ийм байдал үүсгэчихлээ. Тиймээс гол буруутнаар нь би СЕХ-г нэрлэмээр байна.

-Ирэх даваа гаригаас УИХ-ын нэгдсэн чуулган завсарлахаар болж байна. Орон нутгийн сонгуультай холбогдуулан УИХ завсарлаж байгаа юм уу?

-Би энэ талаар өчүүхэн ч мэдээлэлгүй байна. Гэхдээ дөрвөн жилийн өмнөх орон нутгийн сонгуулийн үеэр бид завсарлаж байснаа санахгүй юм. Тэгэхэд би олонхийн бүлгийн ахлагч байсан. УИХ-ын чуулган болж л байсан шүү дээ.

-Нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг хэлэлцэж, танай намын бүлгийг баталгаажуулахаар боллоо. Энэ хуультай зэрэгцээд парламентаар хэлэлцэж буй аливаа асуудалд УИХ дахь бүлгүүд болон сөрөг хүчин завсарлага авах нь тодорхой хугацаатай болно. Завсарлага авахдаа ингэж хугацаатай болж байгааг та дэмжиж байна уу?

-Би дэмждэггүй. Уг нь дэмждэг байсан. Бүр хуульд нь өөрчлөлт оруулъя гэж ярьдаг байсан. Одоогийн эрх баригчид буюу Ардчилсан нам олон жилийн турш сонгууль дөхөхөөр л завсарлагыг хугацаатай болгоё гэж ярьдаг. Харин сонгуулийн маргааш хэлэлцье гэхээр байнга цааргалж, татгалздаг байлаа. Ингээд л завсарлагаагаар олон асуу­далд цаг авдаг туршлагатай. Харин өнөө­дөр уг асуудлыг бүлгээр барьцаалж байна л даа. Ерөнхий зүй тогтол нь байж болох ч хүнийхээ хувьд жаахан тиймхэн л байгаа.

-Ямар ч байсан орон нутгийн сонгуулийн дараа танай нам албан ёсны бүлэгтэй болох юм байна?

-Тэгж найдаж байна. Хэрэв эрх баригчид ямар нэгэн шалтаг дахиад тоочвол их л муухай харагдана.

Б.ЭНХЖАРГАЛ
Эх сурвалж: ӨДРИЙН ШУУДАН сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж